Судалгааны арга гэдэг нь зорилгодоо хүрэх, арга зам гэсэн грек үгнээс гаралтай. Судалгааны ажилд хандах хандлага, судлах арга зам гэж ойлгож болно. Хүүхдийн сэтгэл судлалын судалгааны үндсэн аргад ажиглалт, туршилтын арга ордог.
Ажиглалтын арга:
Хүүхдийн сэтгэл судлалын зорилго нь хүүхдийн сэтгэцийн үзэгдэл, үндсэн үйл ажиллагаа болох тоглох явцыг зорилго чиглэлтэйгээр ажиглахад оршино. Ажиглалтын үр дүн бол хүүхдийн өдөр тутмын үйл явдлыг тусгайлан тэмдэглэхэд оршино.
Английн эрдэмтэн Ч. Дарвин анх удаа хүүхдийн хөгжлийг ажигласан судалгаа хийжээ. Ажиглалтын аргыг хэд хэдэн хувилбараар хэрэглэж болно.
Нэгдүгээрт: үргэлжилсэн ба түүвэрлэж ажиглах
-
Үргэлжлэн ажиглах гэдэг нь хүүхдийн зан үйлийг олон талаас нь цаг тутамд ажиглахыг хэлнэ. Түүний зорилго нь хүүхдийн хөдөлгөөн, хэл яриа, сэтгэл хөдлөл, зан үйлийг бичиж тэмдэглэнэ. Ажиглах явцад хүүхдэд бий болж байгаа зан үйлийн шинж, шинэ дадал чадвар зэрэг мэдээллийг илрүүлэх явдал нэн чухал. Гэвч судлаач урьдаас хүүхдэд шинээр илрэх гол гол чанарыг мэдэх боломжгүй.
-
Түүвэрлэн ажиглах нь хүүхдийн тодорхой зан үйл, стэгэцийн үйл явц, чанарыг урьдчилан төлөвлөж ажиглахыг хэлнэ. Тухайлбал: таван настай хүүхдийн сэтгэлийн хөдөлгөөний илрэл, тоглохдоо хандах хандлага гурван настай хүүхдийн ойлгох, ярих онцлог гэх мэт.
Хоёрдугаарт: нээлттэй (шууд) ба хаалттай (шууд бус) байдлаар ажиглах
-
Хаалттай буюу шууд бус ажиглалт нь хүүхдэд харагдахгүйгээр эсвэл түүний анхаарлыг өөртөө татахгүйгээр ажиглахыг хэлнэ. Энд тусгай зориулалтын багаж хэрэгсэл хэрэглэнэ. Хүүхдийн төрөлхийн зан үйлийг алдагдуулахгүйгээр судалгааг явуулах хэрэгтэй.
-
Нээлттэй (шууд) ажиглалт нь хүүхдэд харагдаж, өөрт нь мэдэгдэж хамтран оролцож байдгаараа дээрх ажиглалтаас ялгаатай. Тоглох хооллох үед хүүхэд нээлттэй байдаг.
Гуравдугаарт: хугацааны хувьд нэг удаа ажиглах, урт хугацаанд ажиглах
-
Товлосон хугацаанд нэг удаа хүүхдийн үйл явцыг ажиглахыг богино хугацааны ажиглалт гэнэ. Үүний тусламжтайгаар судлаач ижил нөхцөлд янз бүрийн зан үйл, хөгжлийн ялгаатай хүүхдийг харьцуулж, сэтгэцийн хөгжлийн онцлогийг гаргаж болно.
-
Урт хугацааны ажиглалт гэдэг нь урт хугацааны туршид (хэд хэдэн жил) зөвхөн нэг хүүхдийг дагнан судлаж тухайн хүүхдийн хөгжлийн явцыг ажиглаж тэмдэглэл хөтлөнө. Энэхүү ажиглалтын үр дүнд хүүхдийн хөгжлийн янз бүрийн үе шатанд үүсэн бий болж буй сонирхол, авъяас зэргийг ажиглах боломжийг олгодог. Ж. Пиаже, Д. Б. Эльконин, А. Маслоу зэрэг нэрт сэтгэл зүйчдийн онол, үзэл баримтлалд өөрсдийнх нь хүүхэд дээр хийсэн ажиглалт, туршилт чухал үүрэг гүйцэтгэсэн.
Давуу тал
-
Хүүхдийн бодит амьдралыг дэлгэж олон тооны “амьд” сонирхолтой баримтыг нээн түүнийг амьдралын ердийн нөхцөлд судлахад тусална.
-
Асуудалд баримжаалж, урьдчилсан баримт цуглуулахад үнэлж баршгүй чухал үүрэгтэй:
|
Сул тал
-
Их хөдөлмөр шаардана.
-
Судлаачаас сэтгэл зүйн өндөр мэргэшил, цаг хугацаа шаарддаг хэдий ч тэр бүр шинэ баримтад хүргэдэггүй.
-
Ажиглалтын үр дүнд зан үйлийн илрэлийн учир шалтгааныг илрүүлэх амаргүй.
|
Ажиглалтын аргаар судалгаа явуулахад тавигдах шаардлага:
-
Судалж байгаа үзэгдлийн талаарх мэдээллийг нүдэн баримжаагаар голчлон цуглуулдаг учир судлуулагчтай биечлэн ярилцах, бичиг баримт, хийсэн бүтээлийг судлах, сорилын аргуудтай хослуулж хэрэглэх
-
Хүүхдийг аль болох олон талаас нь янз бүрийн нөхцөл байдал, цаг хугацаанд ажиглах
-
Ажиглах ур чадвар, эв дүйг эзэмшсэн байх
Туршилтын арга:
Сэтгэл зүйн туршилт нь сонирхож буй үзэгдлийг чиг зорилготой болгох боломж олгодог. Эл аргын тусламжтайгаар хүүхдийн амьдарч буй нөхцлийг зориудаар өөрчилж, янз бүрийн орчин нөхцөлд илрэн гарах хүүхдийн зан үйлд тоон ба чанарын шинжилгээ хийснээр түүний сэтгэлзүйн талаар бодит дүгнэлт гаргах боломжтой болдог.
Туршилтын аргыг үр ашигтай хэрэглэхэд хялбар тул хүүхдийн сэтгэл судлалд өргөн хэрэглэдэг. Туршилтын аргын онцлог нь хүүхдийн амьдралын ердийн нөхцөлд ойр байж үйл ажиллагааны нэгдсэн дадсан хэлбэрийг эвдэхгүй байхад оршино.
Судалгаанд ашиглах шинэ тоног төхөөрөмжийн хэрэглээ, танихгүй хүмүүс зэрэг лабораторын ер бусын нөхцөл хүүхдийг эвгүй байдалд оруулж судлуулахаас татгалзахад хүргэдэг. Иймд хүүхдийн сэтгэл судлалын туршилт нь хүүхдийн өдөр тутмын амьдрал хийгээд үйл ажиллагаанд ойр байвал зохино. Үүнийг ерийн туршилт гэнэ. Харин лабораторын туршилтын аль ч нөхцөлд нарын төхөөрөмж ашиглан хийнэ. Хүүхдийг туршилтад оролцуулахдаа зураг, зохион бүтээх ажил, сонирхолтой тоглоомын хэлбэрийг сонгоно. Хүүхэд өөрт нь санал болгож буй тоглоомыг тэднийг судлахын тулд зохион байгуулсныг мэдэх шаардлагатай.
Туршилтын аргын давуу, сул талууд
Давуу тал
-
Сонирхож байгаа үзэгдлээ хэзээ илрэхийг хүлээхгүйгээр нөхцлийг зохиомлоор бүрдүүлж хүссэн цагтаа судлах
-
Туршилт судалгааны үр дүнг тоогоор илэрхийлэх боломжтой учир мэдээллийг боловсруулахад хялбар дөхөмтэй
-
Туршилтыг хэд хэдэн удаа давтан явуулсны эцэст тайлбар дүгнэлт хийдэг тул мэдээлэл нэлээд бодитой, найдвартай.
-
Судалж байгаа үзэгдлийн шалтгаан үр дагаврын зүй тогтлыг илрүүлэх хэтийн өөрчлөлтийн чиг хандлагын талаар дүгнэлт хийх боломж олгодог.
|
Сул тал
-
Лабораторын нөхцөлд бие хүний шинж чанарыг судлахад төдийлөн тохиромжтой бус байдаг.
-
Туршилтын үр дүнд дүгнэлт хийх боломжтой боловч үндэслэл, баримт сэлт нь турших зорилготой зарим талаар зохиомол гэдгийг тооцох хэрэгтэй болдог.
-
Судлаач өөрийн таамаглалаа батлахын тулд туршилтын үр дүнг зориудаар өөрчлөх тохиолдол гарч болзошгүй
-
Туршигдагчийн сэтгэл санааны байдал, туршилтад хандах хандлагаас шалтгаалан судалгааны үр дүн өөрчлөгдөж болох талтай.
|
Туршилтын аргад тавигдах шаардлага
-
Судалгааны үр дүнд нөлөөлж болох объектив болон субъектив хүчин зүйлсийг сайтар тооцоолон задлан шинжилсний үр дүнд туршилтыг явуулах
-
Сэтгэцийн ямар нэгэн үзэгдлийг нэг удаагийн үр дүнгээр дүгнэж тайлбарлах нь өнгөц дүгнэлтэд хүрэх тул судалгааг хэд хэдэн удаа давтан явуулах
-
Туршилтын аргаар цуглуулсан мэдээллийг ажиглалт, асуулгын аргаар тодруулан баталгаажуулах
-
Судалгааны ажлыг туршилт явуулах зохих мэдлэг туршлагатай тийм хүн үнэн зөв явуулж чадна.
Хүүхдийн сэтгэл судлалын туслах аргууд
Хүүхдийн сэтгэл судлалд ажиглалт, туршилтын үндсэн аргуудаас гадна хүүхдийн зурсан зураг, наамал, өрж байгуулах тоглоомоор хийсэн зүйл, зохиосон үлгэр болон хүүхэдтэй холбоотой бичиг баримтыг судлах зэрэг туслах аргыг ашигладаг. Үүнээс хүүхдийн зурсан зурагт дүн шинжилгээ хийх аргыг өргөн ашигладаг. Хүүхдийн зурагт түүний сэтгэл санааны байдал, сэтгэлийн хөдөлгөөн, мэдрэмж, хүрээлэн буй хүмүүстэй харьцах болон эд юмсыг хүртэх онцлог тод илэрдэг. Хүүхэд зургаа тайлбарласан тайлбар нь тэдний сэтгэн бодох үйл, эгоцентр сэтгэлгээ, дүрслэхүй, хэл ярианы хөгжлийг илтгэнэ.
Асуулгын аргыг анкетын ба сурвалжлагын гэж хоёр ангилдаг. 4-5 наснаас эхлэн хүүхэд хүний асуултыг ойлгож бодол саналаа илэрхийлж чаддаг болсон үеэс хязгаарлагдмал хүрээнд хэрэглэж болно. Сургуулийн өмнөх насны хүүхэд өөрийн бодол санаа, мэдрэмжээ үгээр бүрэн дүүрэн, цэгцтэй хараахан илэрхийлж чадахгүй тул тэдний хариулт товч хэлбэр төдий, насанд хүрэгчдийн үгийг сэргээн хуулбарласан шинжтэй байдаг. Хүүхдэтэй ярилцах асуулт нь зорилгоо илрүүлэхэд чиглэсэн тэдэнд ойлгомжтой байх ёстой. Нөгөөтэйгүүр хүүхэд танихгүй хүнтэй харилцаа үүсгэхэд бэрхшээлтэй байдгийг бодолцон сэтгэл зүйн хувьд таатай нөхцлийг бүрдүүлэх нь юу юунаас чухал. Бид үнэ цэнэтэй баримтыг цуглуулж чадна.
Хүүхдийн бүтээлд дүн шинжилгээ хийх арга
Хүүхдийн хийж бүтээсэн зүйлсийн өнгө, хэлбэр, хийц, зохиом, чадварыг харьцуулах замаар түүний сэтгэл зүйн дотоод ертөнц, өөрчлөлт, хөгжлийн явцыг таних боломжийг олгодог.
Давуу тал
Хүүхдийн бүтээл нүдэнд үзэгдэж харагдаж байдаггүй тэдгээрийн дотоод ертөнцийг нээж өгдөг.
Судалгаа явуулах тусгай нөхцөл, багаж төхөөрөмж шаарддаггүй, эдийн засгийн хувьд хэмнэлттэй арга
|
Сул тал
Хүүхдийн бүтээсэн зүйлсийг олон талаас нь задлан шинжилж, нэгдсэн тайлбар дүгнэлт хийж судалгааны үр дүнг тоон үзүүлэлтээр илэрхийлэхэд хүндрэлтэй.
Судлаачаас няхуур, нямбай ажигч гярхай торгон мэдрэмж шаардана.
|
Хүүхдийн бүтээлд дүн шинжилгээ хийх аргад тавигдах шаардлага
- Тодорхой хийж гүйцэтгэсэн хэд хэдэн бүтээлийг харьцуулан задлан шинжилсэний эцэст хүүхдийн дотоод ертөнцийн талаар үнэлгээ дүгнэлт хийх
- Янз бүрийн бүтээлийг оношлож тайлбар хийх арга техник болон жишиг хэмжээг эзэмшсэн, зохих бэлтгэл туршлагатай судлаач энэхүү судалгааг явуулах боломжтой.
- Судалгааны үр дүнг боловсруулах, нэгтгэх үе шатанд математик статистик аргыг хэрэглэж тоон болон чанарын үнэлгээг хослуулан хэрэглэхийг эрмэлзвэл зохино.
- Энэхүү аргыг ажиглалт, ярилцлага болон бусад аргатай хослуулан хэрэглэснээр түүний бодит чанар нэмэгдэнэ.
Сэтгэл зүйн сорил
Энэ нь ижил нөхцөлд хүүхдэд санал болгодог, зориуд сонгосон даалгаврын багц юм. Даалгавар нь зорилготой, яаж гүйцэтгэх зааварчилгаа, журамтай байхаас гадна үнэлгээтэй байна. Өөрөөр хэлбэл хүүхдийн гүйцэтгэсэн даалгавар бүрийг оноогоор үнэлнэ. Үнэлгээ нь бодитой, судлаачын хувийн сонирхол хандлагаас хамаарахгүй байх ёстой. Нас бүрд зориулсан даалгаврын гүйцэтгэлд ямар оноо өгөх, эцэст үнэлэх жишгийг тогтооно. Хүүхдийн ажлын үр дүнг тогтоосон жишигт үндэслэн хөгжлийн хоцрогдол эсвэл түрүүлж явааг тодорхойлдог.
Сэтгэл зүйн сорил нь урьдчилан боловсруулсан бодлого, дасгал, асуулт-даалгаврын хэлбэрээр зохиогдсон байна. Хүүхдийг оношлон дүгнэх, жишиг хэмжээ өгөгдсөн байдаг учир үр дүнг боловсруулахад хялбар дөхөм байдаг.
Сорилын хэлбэр
1. Амжилтын тест
|
Хүүхдийн эзэмшсэн мэдлэг чадварт үнэлгээ өгөх зорилгоор хийгдсэн дасгал даалгаврууд
|
2. Оюун ухааны тест
|
Хүүхдийн оюуны хөгжлийн түвшинг оношлон тогтоох
|
3. Авъяасын тест
|
Мэргэжлийн чиг баримжаа олгох, мэргэжлийн тохироц чанарыг тодорхойлох
|
4. Танин мэдэхүйн тест
|
Хүүхдийн танин мэдэхүйн хөгжлийн түвшинг оношлоно. /сэрэл, хүртэхүй, ой, сэтгэхүй.../
|
5. Бие хүний онцлогийг тодорхойлох тест
|
Хүүхдийн зан төлвийн өөрчлөлт, темпераментын онцлогийг тодорхойлох
|
Сорилын аргын давуу талууд
-
Оюун ухааны хөгжлийн түвшинг хэмжин тогтоосны үндсэн дээр түүний нөөц чадамжинд тохирсон сургалтын хэлбэрийг оновчтой сонгох боломжтой
-
Бага наснаас нь эхлэн хүүхдийн авъяас билгийг оношлон тогтоосноор түүнийг хөгжүүлэх хөтөлбөр боловсруулах ажил мэргэжил, амьдралын замаа зөв сонгоход туслах боломж нээж өгнө.
-
Сорилын аргаар олон хүүхдийн нэгэн зэрэг хамруулан судлах боломжийг олгодог
-
Сорил нь жишиг хэмжээтэй байдаг тул судалгааны үр дүнг боловсруулж дүгнэлт хийхэд хялбар байдаг.
Сорилын аргад тавигдах шаардлага
-
Хүүхдийн сэтгэц болон оюун ухааны хөгжлийн талаарх үнэн бодитой, баталгаатай мэдээллийг эцэг эхчүүдэд өгөхөд анхаарах
-
Сэтэгл зүйн оношлолын үр дүнг судалгааны бусад аргаар авсан мэдээлэлтэй харьцуулсаны эцэст сая тухайн хүүхдийн хөгжлийн талаар дүгнэлтийг гаргана.
-
Сэтгэц оношлолын онол- арга зүйн ерөнхий мэдлэгтэй түүнийгээ практикт хэрэгжүүлэх зохих бэлтгэл чадвартай байх
-
Мөн тухайн тестийг хэрэглэх зориулалт, насны хязгаарлалтыг сайтар судалсны үндсэн дээр тэр хүрээнд оношлогоог явуулахад анхаарах эдгээр болно.
Ийнхүү сэтгэл судлалын судалгааны арга бүхэн өөрийн давуу, сул талтай, хэрэглэх зориулалтын хувьд өөр хоорондоо ялгаатай төдийгүй судлаачийн мэргэжлийн бэлтгэл, мэдлэг, эв дүй, арга зүйн сонголт хийх чадвараас хүүхдийг судлах ажлын үр дүн, түүний бодит байдал ихээхэн шалтгаална.
1 comment:
ямар мундаг юм бэ бүх хэрэгтэй мэдээлэлүүдээ орж хардаг шүү баярлалаа
Post a Comment