Хүн- танин мэдэх, хөдөлмөрлөх чадвартай, үг яриатай, сэтгэхүй бүхий бодьгал мөн.
Хувь хүн- өөрийн гэсэн хэрэгцээ сонирхол, байгалиас заяасан өвөрмөц онцлог бүхий бодьгал, бусдаас ялгагдах давтагдашгүй төрх байдал, сэтгэц үйл ажиллагаатай хүн юм.
Бие хүн- хувийн сэтгэл зүйн өвөрмөц онцлог бүхий хүрээлэн буй орчиндоо хандах хандлагаа ухамсарласан, нийгмийн харилцааны обьект ба субьект мөн.
Бие хүний төлөвших мөн чанар нь нийгмийн зүгээс хувь хүнд тавьж байгаа бодит шаардлага, хувь хүний өөрийнх нь үйл ажиллагаа зан төрөхөөр илрэх дотоод субъектив чанар бүхий “Би”-г бий болгоход оршино.
Боловсрол олгож хүмүүжүүлэх замаар бие хүнг төлөвшинө. Өөрөөр хэлбэл байгаль-нийгмийн орчин, хүмүүстэй байнга харилцаж, олон талтай өргөн харилцан үйлдэлд оролцох замаар хүүхэд бие хүн болж төлөвшдөг. Энэ үйл явц нь өргөн утгаараа хувь хүн нийгэмших байгаль-түүхийн үзэгдэл төлөвшлийн объект, харилцан үйлдлийн субъект нэгэн зэрэг болж байдаг. Бие хүнийг төлөвшүүлэх үйл явцын эцсийн үр дүн нь нийгмийн идэвхитэй, зохистой хөгжин төлөвшсөн бие хүн юм.
Бие хүний хөгжин төлөвших үйл явц нь дараах өвөрмөц онцлогтой. Үүнд:
1.
Бие хүнийг төлөвшүүлэх нь нийгмийн үйлдвэрлэл бөгөөд зүй тогтолт үйл явц. Хөгжил төлөвшлийн үйл явцыг энэхүү зүй тогтлынх нь дагуу оновчтой хөтлөн жолоодох боломжтой юм. Хүний хөгжин төлөвших үйл явцийг ямар ч удирдлага жолоодлогогүй орхивол тэр нь аль түрүүлж хүчтэй нөлөөлсөн хүчин зүйлд жолоодогдоно. Энэ нь хувь хүнийг хаашаа ч хөтөлж болох талтай.
2.
Бие хүнийг төлөвшүүлэх ажлын арга барил нь өвөрмөц хэцүү урлаг байх тул хүмүүжүүлж сургагчаас өндөр ур чадварыг ихээр шаардана.
3.
Бие хүн төлөвшүүлэх үйл явц нь хоёр талын процесс бөгөөд энэ хоёр талын идэвхитэй үйл ажиллагааны үр дүнд хүмүүжүүлэн сургах үйл явц үр өгөөжтэй хэрэгжинэ.
4.
Бие хүнийг төлөвшүүлэх үйл явц нь урт удаан хугацаанд үргэлжилдэг, нийгэм түүхийн зайлшгүй, мөнхийн категори мөн. Бие хүний хөгжил, төлөвшил, зорилго, арга зүй нь түүхэн шинжтэй. Хүн төрөлхтний хөгжлийн үе шат бүхэнд тохирсон хүнийг хөгжүүлэх, хүмүүншүүлэх ажлын тодорхой агуулга, арга зүйн тогтолцоо байсан. Хүн төлөвших үйл явц нь:
-
Нийгмийн амьдрал, үйлдвэрлэлийн бодит шаардлагаар явагддаг
-
Нийгэм-түүхийн хөгжлийн үе шат бүрт тохирсон тогтолцоотой холбоотой
-
Нийгэм-эдийн засгийн олон хүчин зүйлтэй холбоотой, харилцан нөлөөлөлд явагддаг. Тухайлбал бие хүний төлөвшилд байгалийн юмс үзэгдэл, хэл, нийгэм, эдийн засгийн бүтэц, үйлдвэрлэлийн харилцаа, нийгмийн ухамсрын хэлбэрүүд, хөдөлмөрийн хамт олон, сургууль, гэр бүл зэрэг олон хүчин зүйлс нөлөөлдөг.
5.
Бие хүнийг төлөвшүүлэхийн эцсийн гол зорилго нь хүнийг ажил, амьдралд бэлтгэх явдал
6.
Бие хүний хөгжил, төлөвшлийн эцсийн үр дүн нь хувь хүний өөрийн хүсэл, хэрэгцээ, идэвхи санаачлага, оролдлого, ухаарсан байдлаас шууд шалтгаална.
7.
Хүнийг хөгжүүлэх, төлөвшүүлэх гол хэрэглүүр нь хүний үйл ажиллагааны гол хэлбэр болох тоглоом, хөдөлмөр, суралцах, харилцах үйл юм. Ялангуяа бүтээлч хөдөлмөрийн явцад хүн өсч, төлөвшиж хатуужна. Бие хүнийг төлөвшүүлэх ажлын гол субьект нь ахмад үе эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчид байна.
Бие хүний хөгжил, төлөвшил, хүмүүжлийн үндсэн зарчмууд
-
Хүмүүнлэг энэрэнгүй хандах зарчим: хүүхдийг бие хүний хувьд эрх чөлөөт байдлыг дээдэлж, хүмүүнлэг энэрэнгүй хандаж, тэдэнд амьдрах аж төрөх ухааныг эзэмшиж, авъяасаа хөгжүүлэх чөлөөтэй сэтгэх бололцоо олгож, бие даан өөрийн асуудлыг шийдэх чадваргүй болгоно.
-
Хүндэтгэл, шаардлагыг хослуулах зарчим: хүний сайн тал, ололтыг нь олж илрүүлэх, итгэл төрүүлэх, найдвар хүлээлгэх, хүний хувьд хүндэтгэх, хүүхдийн үзэл бодол, сонирхол, дадал заншлыг хүндэтгэн тэвчээртэй хандах хүмүүнлэг харилцаа бол хүүхдийг хүмүүжүүлэх ажлыг үр өгөөжтэй болгох нэг чухал зүйл юм.
-
Нас сэтгэц, хувийн онцлогийг харгалзах зарчим: нас нэмэгдэх тутам шинэ, шинэ чанарууд бүрэлдэн тогтож хүний хөгжил хувьсан өөрчлөгдөж байдаг.
-
Үндэсний болон хүн төрөлхтний соёл иргэншлийн үнэт зүйлс, дэвшилтэт ёс заншилд тулгуурлах зарчим: хүүхдийг хүн болгох ажил нь үндэсний уламжлалт соёл. Монгол ёс заншлыг дээдлэн, түүнийг өвлүүлэн эзэмшүүлэхэд чиглүүлж уламжлал шинэчлэлийг зохистой хослон явуулах ёстой.
-
Хүүхдийн сайн тал дээр тулгуурлах зарчим: хүүхэд бүр байгалиас заяасан өвөрмөц авъяас, онцлог, өөрийн гэсэн темпраментийн онцлог, давуу сайн талыг олж түшиглэн сул тал доголдлыг нь арилгахад нь нөлөөлөхөд хүмүүжлийн нөлөөллөө чиглүүлэх хэрэгтэй.
-
Хөдөлмөр үйл ажиллагаагаар хүмүүжүүлэх зарчим: хөдөлмөр бол хүний амьдралын энэ тэргүүний хэрэгцээ байдаг. Иймээс хүнийг хүн болгох ажлыг хөдөлмөртэй холбох нь түүний үндэс юм.
-
Хүүхдийн бие даасан үйл ажиллагааг хангаж байх зарчим: аливаа хүний өөрийн идэвхи ухамсар, өөрөө хүмүүжих, бие даах хүсэл эрмэлзэл дээр тулгуурлах нь хүмүүжлийн үр өгөөжийг дээшлүүлэх хүчтэй хэрэгсэл болдог.
-
Хүүхдэд сэтгэл харамгүй байх зарчим: хүүхдийн хөгжил, төлөвшил, хүмүүжлийн эрх ашгийн үүднээс орчны бүх хүн хүүхдээс юуч харамлахгүй байх, өөриймсөг сэтгэлээр хандах, сайн хүн болгохын тулд “за” гэж хэлдэг байх, өсөж торниж байгаа бяцхан хувь хүн-иргэнд хариу нэхэл үгүйгээр бие сэтгэл, оюуны тус дэмийг үзүүлдэг байх, хүүхдийг халуун дулаан энэрэл хайрын орчинд өсгөж төлөвшүүлэх, хүн ёсны энэрэл хайр, хүсэл, сонголтын эрх чөлөөг нь хүүхдэд харамгүй өгч байх гэсэн үг юм.
-
Тэсвэр тэвчээртэй, хүлээцтэй байх зарчим: хүүхэд нас ахиж хөгжлийн шинэ шатанд дэвших тутам зан төлөв, ааш араншин өөрчлөгддөг. Нас бүрт өөрийн гэсэн дотоод зөрчил илэрч байдаг. тэр бүхэнд хүрээлэн буй орчны хүмүүс хүлээцтэй хандаж хүмүүжлийн дархлааг зөв тийш нь бататгах ёстой.
Бие хүний төлөвшлийн үечлэл
Бие хүний хөгжил, төлөвшил, үндсэн шинжүүд нь дараах үечлэлээр бүрэлдэн төлөвшинө.Үүнд:
1-3 нас. “Би өөрөө” гэх үе. Энэ үед юмс орчноо сонирхох хүсэл хөгжил, “би”-г ойлгож, аливаа үйл ажиллагаанд бие даан оролцох,бусдаас тусгаар байх эрмэлзэл илэрч эхэлнэ. Хүүхэд хөл, хэлд орж хөгжил төлөвшил нь хурдасдаг. Гэмших, айх, ичих мэдрэмж бий болдог үе юм. Хэрэв энэ үед хүүхдийн бие даах гэсэн эрмэлзэл, нөгөө талаас “хийсэн хэрэгтээ” ичих, гэмших мэдрэмж хоёрын хоорондын тэнцвэрийг эцэг эхийн зүгээс алдагдуулбал энэ нь хүүхдийн цаашдын хэвийн хөгжил төлөвшилд сөрөг нөлөөтэй. Жишээ нь хоолоо идэхдээ асгаж цутгалаа гэж байнга загнах, зэмлэх юм бол хүүхэд аймхай хулчгар, өөртөө үл итгэдэг, алдаа дутагдалдаа гэмших мэдрэмжийг нь өмөөрөөд байвал дураар дургигч байдалтай болж өсдөг.
4-7 нас. Даган дууриах үе. Эхний үед хүүхэд чөлөөтэй ярьж, түм буман “яагаад” гэсэн асуулт тавьж хариулт авах явцад ертөнцийн тухай анхны үзэл бодол төлөвшиж, танин мэдэх хэрэгцээ тэлнэ.Тоглох үйл ажиллагаа болон ахмад хүмүүсийн дууриаллаас томчуудыг даган дууриаж амьдрал, хүмүүсийн хоорондын харилцааг тусгаж, авъяасаа нээн энэ явцад идэвхи санаачлага, бүтээлч чанар, эр зориг, сэтгэхүй зэрэг бие хүний чанарууд хөгжинө. Энэ үед тоглоомын хөгжүүлэх, боловсрол олгох, хүмүүжүүлэх шаардлага өндрөөр тавигдана.
8-11 нас.Өөрийгөө эрж хайх үе. Энэ насны хүүхдийн сэтгэц, биеэ авч явах байдалд нь ихээхэн ахиц өөрчлөлт гарч голлох үйл ажиллагаа нь суралцах хөдөлмөр болдог. Сурах хөдөлмөр ба тоглоомын харьцааг зөв тогтоож, авъяасыг нь хөгжүүлэх, танин мэдэх арга барил, өөртөө үйлчлэх хөдөлмөрт дасган сургах, үе тэнгийнхэнтэй болон хүмүүстэй харилцах эв дүйтэй болоход суралцах, эрчимтэй нийгэмших үе юм. Хүүхэд бусдыг даган дууриах хүсэл эрмэлзэл дүүрэн байдал нь өөрийөө эрж хайх байдлаар солигдоно. Энэ үе бол сургуулийн бага нас таардаг бөгөөд энэ насны онцлог нь цовоо сэргэлэн, баяр хөөртэй, сэтгэл хөдлөлтэй, танин мэдэх хүсэл сонирхол эрмэлзэл ихтэй, сониуч, уриалгахан, итгэмтгий гэнэн цайлган зантай, өөдрөг сэтгэлтэй, амархан гомдож баярладаг зэрэг сайхан шинжүүдтэйн сацуу өөрийгөө жолоодох чадвар муутай, зориг тэвчээр бага, тогтворгүй хувьсамтгай зантай байдаг. Энэ үед багшийн олгож байгаа шинэ мэдлэг, чадвар, дадлыг хүүхэд амжилттай эзэмшиж чадвал, тэр өөрийнхөө хүчинд итгэж танин мэдэх сонирхол нь дээшилдэг. Хэрэв энэ үед хүүэд сурах дадал муу эзэмшиж амжилттай суралцаж чадахгүй бол хүүхэд өөртөө үл итгэж, сурах сонирхол нь буурах, шантрах байдалд орж яваандаа сурлагаар хоцрох, өөр зүйлд татагдах, оюуны залхуурлын эх үндэс тавигдана.
Сурагч болж хүүхдийн хамт олны дунд орж сурах үүрэг хүлээснээр амьдралд цоо шинэ эргэлт гарч, үүрэг хариуцлага тулгарч, бусдын дунд амьдарч сурах, өөрийн хүсэл зоригийг хамт олны эрх ашигт нийцүүлэх, хамтран ажиллах, биеэ зөв авч явах, бусдыг хүндлэх, зэрэг бие хүний зан араншин, хүмүүнлэг харилцааны хандлага, зан төлөв, биеэ авч явах дадал хэвшил, хэрэгцээ сонирхол, сэдэл, ажиллах эв, сурах арга барилын суурь дэвсгэр хүүхдийн энэ насанд үндсэндээ төлөвшин бүрддэг.
12-16 нас. Өөрийгөө өөрчлөх, нээх үе. Энэ өсвөр насанд хүүхдийн физиологи, сэтгэл зүйн хөгжилд чанарын эрс өөрчлөлт гардаг. Өсвөрийн буюу шилжилтийн гэж нэрлэгддэг энэ насанд ангиар бол
5-8-р ангийн сурагчид хамрагдах бөгөөд бага хүүхдээс идэр залуу насанд шилжих явц эрчимтэй явагдана. Бие бялдрын хувьд хурдан өсч, бэлгийн бойжилтын үе нь хөвгүүдэд
12-18 нас хүртэл, охидод
10-16 насанд явагддаг. Энэ наснынхны голлох үйл ажиллагаа нь суралцах, хүмүүстэй харилцах үйл байдаг.
Энэ насныхан өөрсдийгөө хүүхэд биш том хүн боллоо гэж үнэлээд биеэ даахыг эрмэлзэнэ. Өөрийгөө эрж хайх нээх, бусдаар хүлээн зөвшөөрүүлэх, өөрийгөө үнэлэх, өөрийнхөө дотоод сэтгэлийг мэдрэх хэрэгцээ бий болдог үе. Насанд хүрэгчид энэ өвөрмөц онцлогийг харгалзахгүй бол гөжүүд зөрүүд, эсвэл биеэ тоосон хэдэр ааштай болгох аюултай. Энэ үе бол насанд хүрэгчид хүүхэд хоёрын хооронд зөрчил гарч болзошгүй үе байдаг. Энэ үед хүүхдэд бие хүний зан төлөв, ёс суртахууны шинж, аливаад хандах эерэг хандлага харьцангуй тогтворжиж, найз нөхөд үе тэнгийнхэнтэй харилцах хүсэл сонирхол их болж, энэ нь хүүхдэд нэр төрөө бодох, үерхэл нөхөрлөл, хамтач үзэл, хүмүүнлэг энэрэнгүй харилцах чадвар зэрэг эрхэм чанарууд төлөвшдөг.
16-18 нас.Өөрийгөө илэрхийлэх үе. Энэ үе нь сургуулийн ахлах насны үе таардаг бөгөөд хүүхдийн хэрэгцээ сонирхол тогтворжин, өөрийгөө шинжин таньж, илэрхийлэх үе. Голлох үйл ажиллагаа нь сурах хөдөлмөрлөх үйл ажиллагаа байдаг. Ертөнцийг үзэх үзэл нь бүрэлдэн аливаад өөрийн байр сууринаас хандан үнэлж, дүгнэх, сонголт хийх чадвар төлөвшинө. Үерхэл нөхөрлөл, хайр сэтгэл, хүний амьдралын утга учир, ирээдүйн мэргэжлээ сонгох зэрэг асуудал тэдний сонирхлыг онцгой татан бие хүний идэвхи, иргэнлэг байр суурь төлөвшиж эхэлнэ. Өөртөө ба нөхөддөө, ер нь аливаа зүйлд шүүмжлэлтэй хандах, биеэ даах эрмэлзлэл ихээхэн өснө. Зан төлөв цогцлон бүрдэж, тэдний улс төр-ёс суртахууны ухамсар эрс нэмэгдэж, нэр төр, үүрэг хариуцлага, үерхэл нөхөрлөл, гоо сайхан, хайр дурлал, өөртөө хандах, өөрийгөө үнэлэх гэгч юу болохыг гүнзгий ойлгож эхэлнэ.
Энэ үеийн хөгжил нь бие хүний төлөвшлийн өмнөх үед хэрхэн өнгөрснөөс ихээхэн шалтгаалдаг. Тухайлбал хэрэв хүүхдэд багаасаа ертөнцөд итгэх итгэл төлөвшиж, бие дааж сурсан бол тэр өөрийнхөө “БИ”-г олж авсан байх ба бусдаар өөрийгөө хүлээн зөвшөөрүүлж хүүхийн хамт олонд байр сууриа олж чадсан байдаг. Ингээгүй тохиолдолд өсвөр насныхан өөрийхөө “БИ”-г олж чадахгүйд хүрч улмаар өөрийнхөө зорилго, хүсэл эрмэлзлийг ухаарч ойлгохгүйд хүрдэг. Ийм байдалд орсон хүүхэд сэтгэл түгшсэн, ганцаардмал, эсрэг хүйсийн хүмүүстэй харилцахаас зайлсхийдэг (гомо), амьдарч байгаа нийгэмдээ болон өөртөө итгэх итгэл нь алдардаг.
18-25нас. Иргэн болох эхний үе. Энэ насанд залуусын физиологи, сэтгэцийн хөгжлийн хувьд томчуудтай төстэй болно. Мэргэжил эзэмшиж, нийгмийн амьдралын туршлагыг өөртөө хуримтлуулах, амьдралынхаа ханийг сонгон олох, хүмүүстэй хамтран ажиллах, нийгмийн тодорхий бүлэг давхаргад орж харъяалагдах, нийгэмд өөрийн гэсэн байр суурь эзлэх зорилго хэрэгцээ энэ үед голлон тавигдана. Оюутан залуус нь нийгэм-сэтгэл зүйн бие даасан болон дотоод сэтгэлийн чөлөөт байдалд хүрэх онцгой үе байна. Энэ үед ирээлүйн мэргэжилтэн, удирдагч хүний тодорхой шинжүүд, үзэл санааны төлөвшил нэгэн зэрэг төлөвшин бүрдэж, нийгмийн амьдралд бие даан оролцож, амьдралын зорилгоо хэрэгжүүлэх бүтээлч үйл энэ насанд эхэлнэ.
25-50 нас. Нас бие гүйцэх үе. Энэ үед бие хүн өөрийнхөө оюуны бүх хүч чадлыг сонгосон ажил, мэргэжил, гэр бүл, үх хүүхэддээ зориулж, өөрт болон амьдралдаа сэтгэл хангалуун аж төрөх нас.
50-90нас. Хөгшрөх үе. Энэ үед хүн туулсан амьдралаа эргэн дүгнэн цэгнэж, түүний туулсан амьдрал нь дахин давтагдашгүй гэдгийг ухаарч, үр ач хойчдоо амьдралын сургамж, сургаалаа хайрлах нас юм.
90-ээс дээш нас. Өтлөх үе
2 comments:
sain baina uu nom zuigee heleed ugch boloh uu
Nom zvi?
Post a Comment