Wednesday, October 9, 2019

Хүүхдийн сэтгэцийн хөгжлийн талаарх онолын үндэс


 Австрийн сэтгэл зүйч З. Фрейдийн психоаналитик онол

Зигмунд Фрейд 1856 онд одоогийн Чехийн хөдөөгийн тосгонд төрсөн, ихэнх амьдралаа Венад өнгөрөөсөн, тэндхийн их сургуулийн анагаах ухааны салбарыг төгссөн болохоор нь Австрийн сэтгэц судлалын эмч хэмээдэг. 1890 оны эцсээр өөрийнхөө үзэл санааны үндсийг томъёолсон нь ухамсраас гадуур зөнгөөрөө хийдэг хүний олон үйлдлийн цаад учир буюу сэтгэлийн гүнд байгаа, илэрхийлж хэлж чадахгүй нууцлаг санаа, хүсэл эрмэлзлийг шинжих “психоанализ”-ийн онол байсан юм.

Фрейдийн сургаалийн шинэлэг тал нь ухамсартайгаар болон ухамсаргүйгээр хийгдэх бүхэн харилцан шүтэлцээтэй, тэр дундаа ухамсаргүйгээр хийгдэх зүйл нь хүний адгуусан зөн, юуны өмнө бэлгийн дур хүсэлтэй холбоотойг тайлбарласанд оршино.

Фрейд дур тачаалыг бие махбодийн хэрэгцээ гэхээсээ илүү сэтгэцийн үзүүлэлт гэж нотолжээ. Жам ёсны юмыг тайлбарлалтгүй, харин тайлбарлаж болдгоороо бэлгийн дур хүсэл байгалийн жамаас бус, хүний сэтгэцээс илүү хамааралтай. Фрейд урлагийн гайхалтай чанарыг дур тачааллын тусгалтай холбосон. Урлагийн төгс төгөлдөр бүтээл нь ухамсаргүй онгод тачааллын үр дүн юм. Яруу найрагч, зураач, хөгжимчдийн ялгаа нь дарагдашгүй хүсэл, хар дарсан зүүд, хүүхэд ахуйдаа олсон цөхрөл шаналалаа урлагийн бүтээл болгон хувиргаж чаддагт байгаа. Үүнийг фрейд сублимаци буюу бэлгийн дур хүслээ уран бүтээлийн эрч хүч болгон хувиргах ухамсарт үйлдэл гэж томъёолсон байдаг. Сублимацийг зөвхөн уран бүтээлд бус, бусад ч салбарт хамаатай гэж үздэг. Ер нь хуримтлагдсан бэлгийн эрч хүчийг бүтээлч зүйлд зарцуулбал, тэр нь хүнийг өөрийгөө илэрхийлэх асар хүчтэй түлхэц болдог гэнэ.

Охин эцгээ, балчир хүү эхээ “харддаг” сонин сэтгэлгээнд тулгуурлан тэрээр “эдипийн дүр” хэмээх зан төлөвийн шинжийг нээсэн. Улмаар хүний зан үлйийг удирддаг гурван бүрдлийг тодорхойлжээ.

1. “Ид” хүсэл тачааллыг өөртөө агуулсан стэгэл зүйн байгууламж, тэсрэн гарахад бэлэн, хүний язгуур, амьтанлаг шинж. Хүнийг дотоод ертөнцөө сул тавих бололцоогоо хангасан нөхцөлд “ид” таньж тодорхойлж болно. Ухамсраар хянагдаагүй аливаа үйлдэлд “ид” илрэн гардаг.
“Ид” нь хүүхдийн идэвхийн эх сурвалж бөгөөд эерэг, бүтээлч, сөрөг, эвдэн сүйтгэгч эрч хүчийг агуулна.
Хүүхэд зөвхөн “ид” ийг эзэмшиж төрдөг. Хүүхэд хүссэн бүхнээ авах гэж уйлж орилдог нь нөгөө л “таашаал хүслийнхээ зарчим” оршин буй шинж мөн. Хүн насанд хүрэхийн хэрээр ухамсар нь “бодит нөхцлийн зарчим” дээр суурилж мөнөөх адгуусан зан төрх нь ухамсаргүй хүрээнд орно. “ Ид” ийн үндсийг зөн билэг бүрдүүлдэг учраас хүүхэд сайхан мэдрэмж рүү тэмүүлж, аливаа сөрөг сэрлээс зайлсхийнэ. Энэ үйл явц зөн билгээ дайчлах, хэрэгцээгээ хангах, бие сэтгэл сулрах буюу латент гэсэн гурван үеийг дамжина. Хүүхэд эхлээд хүрээлэн буй юмсыг ялгахгүй, бие ба гадаад ертөнцийн хил хязгаарыг ойлгодоггүй тул таагүй мэдрэмжинд уйлах, залгих ба гар хөлийн санамсаргүй хөдөлгөөнөөр хариулна. Жишээ нь өлсөх үед хүүхэд хоол хүнс хайх хүсэл төрж, хэн нэг нь хооллотол уйлна.

2. “Эго буюу хувь хүн” хүний мөн чанарын хүрээлэн буй орчноо ухамсарлан буй тэр хэсэг. Фрейдийн “эго” дотоод ба гадаад ертөнцийн дунд зууч маягтай оршдог. Энэ нь дээрх “Ид”, доор танилцуулах”Супер Эго” хоёрын шүргэлцэх зааг гэсэн үг.  Хүний аливаад маш сайн дасан зохицох чанар нь “Эго” юм. Хүчирхэг “Эго”-той бол нийгэм болон өөрийнхөө тухай бодитой үзэл баримтлалтай явдаг. Сул дорой “Эго”хүнийг хүүхэд мэт арчаагүй байдалд хүргэдэг.

3. “Супер эго” “төгс би”, хялбарчилбал, хийгмийн хүмүүнлэг эрхэм чанар юм. Тэрээр “Ид“ийн адгууслаг шинжийн хүслийг хязгаарлаж, “эго”г алдаа эндэгдлээс хаацайлна. Гэм буруугаа хүлээх, сэтгэл зовних зэрэг нь “супер эго” ийн нөлөө гэж Фрейд үзжээ.
Хүүхэд төрөхдөө сайн муугийн тухай төсөөлөлгүй байдаг. Түүнд янз бүрийн тохиолдолд ямар шийд гаргах талаар хэлээд өгөх дотоод дуу хоолой байхгүй. Нийгмийн хэм хэмжээг зөрчих үед хүүхдэд гэм буруугийн эсвэл ичих мэдрэмж төрдөггүй. Гэвч насанд хүрэхийн хэрээр хүүхдийн зан үйл насанд хүрэгчдийн шаардлагад нийцэхүйд бахархах, энэ хэмжээтэй зөрчилдөх үед уйтгарлах, гэмших буюу ичих мэдрэмж төрнө. Хүүхэд ахуй насан туршид ойр дотны насанд хүрэгчдээсээ сурч эзэмшдэг ёс зүйн үнэт зүйлийн систем бүрэлдэнэ. Энэ нь “супер Эго” бөгөөд “эго”-оос үүсч хөгждөг. Супер эго нь насанд хүрэгчдийн хэрэгжүүлж байсан хяналтын чиг үүргийг орлоно. Эхэндээ хүүхэд урамшуулал ба шийтгэлд өөрийгөө нийцүүлдэг бол дараа нь энэ үүргийг “супер эго” биелүүлнэ. Хэрэв хүүхдийн зан үйл эзэмшсэн үнэт зүйл ба дүрмэнд нийцэхгүй бол “супер эго”  гэмших, ичих ба таагүй мэдрэмж төрүүлэн түүнийг шийтгэнэ. Харин нийгмийн хэм хэмжээг мөрдвөл “Супер эго”-ийн ачаар өөртөө сэтгэл ханаж, бахархана.

Ийнхүү хүүхдийн зан үйл нь:
-     Илэрч буй бүхий л хүслийг дор нь гүйцэлдүүлэхийг шаарддаг “Ид”
-     Хүслийг биелүүлэх нөхцлийг тусгасан “Эго”
-   Бий болсон нөхцөл байдалд нийгмийн хэм хэмжээнд нийцүүлэн хүслээ хангахыг
шаарддаг “супер эго”гэсэн гурван бүрдлийн харилцан үйлчлэлийн үр дүн юм.

Фрейд ба бусад психоанализийн төлөөлөгчид эрдэмтэд хүүхэд ба насанд хүрэгчдэд тулгарч буй асуудал нь хүүхэд ахуй насанд илэрдэг зөрчлийн буруу аргаар шийдсэний үр дагавар гэж үзжээ. Ийнхүү психоанализ онол нь бага насыг нийгэмшихүйн хөгжлийн шийдвэрлэх үе гэж онцолжээ. Тэрээр хүүхдийн биеийн янз бүрийн мэдрэмтгий бүсээс ирэх таашаалын мэдрэмжийг сэтгэл зүйн хамгийн чухал туршлага гэж үзсэн. Тэрээр ийм бүсийг эроген бүс гэж нэрлэжээ. Эхлээд ам, дараа нь амсар, бэлэг эрхтэн нь бэлгийн эрч хүчээ зарцуулах голлох бүс болно.

Психосоциоль шат:
-          Ораль 0-1 нас
-          1-3 нас аналь
-          3-5 насыг анхан шатны гениталь
-          5-11 насыг латент

Эрик Эриксоны ″Бие хүний хөгжлийн″ тухай онол

Эриксон хүний нийгэмтэй харилцах харилцаанд гол анхаарлаа хандуулж өөрийн онолоо боловсруулсан. Түүний хувьд хүн төрөлхтөнд түгээмэл нийгэм-сэтгэлзүйн хөгжлийн үе шатыг бодгаль хүн дамждаг. Хөгжлийн үе шат болгон нь тодорхой хямралт үед эхлэх бөгөөд эдгээр үе шат бүрд байх эерэг, сөрөг тал бүхий хямралыг шат дараалан эерэгээр шийдсэн тохиолдолд өөрийгөө бүрэн дайчилсан бие хүн төлөвшинө гэж үздэг.

Хөгжлийн нэг дүгээр үе шат: Нялх нас /0-1 нас/ Итгэх ба эс итгэх мэдрэмжийн хямрал. Энэ үеийн хөгжлийн тулгуур нь итгэлтэй холбоотой үүсэх мэдрэмж. Энэ мэдрэмж нь эсэх нь хүүхдийн асаргаатай холбоотой. Хэрвээ эх нь хүүхэдтэйгээ сайн харьцаж чадаагүй, гадуурхагдаж, үл ойшоох байдлаар харьцвал хүүхдэд айж эргэлзэх, өөрийнхөө төлөө санаа зовох чиг хандлага үүсдэг. Хэрвээ эхийн асаргаа сайн байвал хүүхэд нийгмийн орчин аюулгүй, тогтвортой, хүмүүс халамжтай гэсэн итгэлийн мэдрэмж үүснэ. Ингэснээр хүүхэд өөртөө, гадаад орчинд итгэдэг. Үүний үр дүнд итгэл найдвар бий болдог.

Хөгжлийн хоёрдугаар үе шат: Балчир нас /1-3 нас/ Тусгаар байдал ба ичих эргэлзэхийн зөрчил. Хэрвээ хүүхдэд өмнөх шатанд итгэл найдварын мэдрэмж буй болсон бол тусгаар, бие даасан байдалтай болсоноор юмыг сонирхож Би өөрөө Би чадна гэх зэрэг хандлага илэрнэ. Үүний үр дүнд хүүхдэд эр зориг бий болдог. Харин эцэг эх нь хүүхдийг хэтэрхий их эрхлүүлэх, эсвэл үл тоон зөнд нь орхивол орчноо хянаж, бие даасан байдалтай байна гэдэгтээ эргэлзэж эхэлдэг. Ингэснээр хожим насанд хүрсэн хойноо бусад хүмүүс өөрийг нь заавал зааж чиглүүлж, хянаж байх ёстой гэсэн буруу үзэлтэй болох бөгөөд бусдаас маш их хамааралтай хардамтгай хүн болдог.

Хөгжлийн гуравдугаар үе шат: Тоглоомын нас /4-6 нас/ Санаачлага ба буруугаа мэдрэхийн зөрчил . Хөгжлийн эерэг тал нь эцэг эх нь хүүхдийн хийж байгаа зүйлийн урамшуулж, дэмжиж өгвөл тусгаар байдал хөгжиж,хариуцлагатай болж урагш хөгжихийн тулд ямар нэгэн зүйлийг идэвхтэй хийх ёстой гэсэн хүсэл сонирхолтой болно. Энэ үед хүмүүс өөрийг нь хүн гэж харьцаж байна, амьдрал бол тодорхой зорилготой зүйл гэдгийг ухаарах нь хамгийн чухал ололт байдаг. Нөгөө талаас эцэг эх нь бие даах боломжийг нь хязгаарлавал өөрийгөө буруутгах мэдрэмжтэй болж өөрийгөө шоовдор амьтан гэж үзэх мэдрэмж бий болдог.

Хөгжлийн дөрөвдүгээр шат: Сургуулийн нас /6-12 нас/ Хөдөлмөрлөх дур сонирхол ба дутуугийн мэдрэмжийн зөрчил. Хүүхэд өөрийнхөө юуг яаж хийх ёстойг ойлгож, уг ойлголтоор дамжуулан өөрийн байдлыг ухамсарлаж эхэлдэг. Улмаар сургуульд суралцах болсноор юуг, яаж хийх ёстой вэ? Гэдэг арга зүйд суралцан хөдөлмөрт дурлах мэдрэмж бий болдог. Тэд би хэн бэ? гэдгээ би юунд суралцсан бэ?, би юу чаддаг вэ? гэдэг ойлголттой адилтгаж эхэлдэг. Ингэснээр тэдний хөгжлийн эерэг үзүүлэлт болох чадвар бий болно. Харин хүүхдийг насанд нь тохирохгүй хэтэрхий хүнд даалгавар өгөх амжилт ололтыг нь дутуу үнэлэх, гадуурхах хандлагаар харьцвал тэдэнд дутуугийн мэдрэмж бий болдог.

Хөгжлийн тавдугаар үе шат: /Өсвөр нас /12-20 нас/. Би-ийн адилтгал ба үүрэг холилдох мэдрэмжийн зөрчил. Өсвөр насны хүүхдүүд өөрийгөө өөртэйгээ адилтгасан дотоод адилтгалыг тогтмол мэдэрч, энэ мэдрэмжийг нь бусад хүмүүс хүлээн зөвшөөрч байна гэсэн итгэлтэй байх нь чухал. Ингэснээр энэ шатны эерэг тал болох өөрийн итгэл үнэмшил, дотоод ертөнц, чиг зорилгодоо үнэнч байдал үүснэ. Гэхдээ ийм итгэл үнэмшил нь бусадтай харилцах харилцаанд эргэх холбоогоор батлагдаж байх нь чухал. Хэрвээ эерэг холбоо батлагдахгүй бол өөрийгөө танин мэдэлгүйгээр хэтэрхий дэврүүн зантай болж, хүршгүй зорилго тавин төөрч будилж магадгүй. Ийм тохиолдолд би ирээдүйд хэн болох вэ?, юу хийх ёстой вэ?, амьдралдаа ямар зорилго тавих вэ? гэх мэт ойлголтын төөрөгдөл буюу үүрэг холилдолтын зөрчилд автана.

Хөгжлийн зургаадуугар үе шат: Ид насны эхэн үе /20-25 нас/ Дотносох ба зожигрохын зөрчил. Эриксоны үзсэнээр, дотно харьцаа нь олон талтай, өргөн хүрээтэй асуудал. Энэ нь нэг талаас өөрөө юу ч алдана гэж айхгүйгээр өөрийгөө бусадтай адилтгах нөгөө талаас хайр сэтгэл, бэлгийн харьцаанаас гадна чин сэтгэлийн нөхөрлөл, итгэлийг багтаана. Бусдад итгэж, бусадтай дотносох нь хүн өөрийгөө хэр зэрэг таньснаас шалтгаалах бөгөөд өөрийн талаар тогтвортой төсөөлөл үүсээгүй бол бусадтай жинхэнэ ёсоор дотносож чадахгүй. Эриксоны үзсэнээр, хөгжлийн эерэг тал нь хайр сэтгэл. Хайр сэтгэл нь яруу сайхан мэдрэмж, бэлгийн янаг харьцааны аль алиныг нь илэрхийлэх бөгөөд бусдад итгэх хэрэгтэй гэж үзвэл өөрийгөө гаргуунд нь гаргах чадвар юм. Харин өөрийн бодол санаандаа дарагдан, өөрийгөө хэт анхаарч бусадтай харьцахаас зайлсхийж эхэлбэл хөгжлийн энэ шатны сөрөг тал илэрдэг. Бусадтай тогтвортой, тайван, нөхөрсөг, итгэлтэй харьцааг тогтоож чадахгүй бол ганцаардаж, нийгмээс тасардаг. Ийм хүмүүс дотно харьцаа нь шаардлага тавьж, аз туршиж, итгэхийг шаарддаг учраас энэ харьцаанаас зайлхийж байдаг.

Хөгжлийн долдугаар үе шат: Ид нас /26-64 нас/ Үр ашигтай үйл ажиллагаа ба зогсонги байдлын зөрчил. Энэ насны гол мөн чанар нь үр хүүхэд, хойч үеийнхээ төлөө санаа тавих, нийгэмд ашигтай үйл ажиллагаа явуулах, хариуцлагатай байх явдал. Ингэж чадвал хөгжлийн эерэг тал нь халамж. Харин өөрийгөө сайн таньж чадаагүй, бусдад итгэдэггүй, зөвхөн хувиа бодон нийгмээс тасарсан хүмүүсийн амьдрал зогсонги байдалд ордог. Үүний улмаас ирээдүйдээ итгэх итгэлгүй болж, архи дарсанд орохоос гадна дунд насны хямралд орно.

Хөгжлийн наймдугаар үе шат: Өтлөх нас /65 аас дээш нас/ Би-ийн цогцолборын тодрол ба цөхрөх мэдрэмжийн зөрчил. Хүмүүс ажил хэргийн төлөө анхаарал халамж тавьж амьдралдаа алдаж онож явсан, үзэл бодлоо байнга илэрхийлж явсан хүний өнгөрүүлсэн амьдралынх нь үр дүн гарч ирдэг. Энэ насны хөгжлийн эерэг тал нь саруул ухаан юм. Тийм ч учраас энэ насанд хүмүүс өөрийн амьдралдаа хүрсэн ололт амжилтаа үнэлж дүгнэдэг. Хариг зарим хүмүүс ололт амжилтын мэдрэмжгүй, Би гээ цогцолбор байдлаар харж чаддаггүй. Үүний улмаас үхлээс айх, ямар нэгэн юм тохиолдох бий гэсэн түгшүүрт автдаг.

Эриксоны онолыг 22 жил судалсан сэтгэл судлаач Сюзан Уайтборн түүний онолыг батлах нэлээд судалгаа хийсэн бөгөөд хүний хөгжил насан туршид явагдахаас гадна сэтгэл зүйн хөгжил өтөл нас хүрээд зогсохгүй гэдгийг тогтоосон байна.

Швейцарын сэтгэл зүйч Ж. Пиажегийн оюун ухааны үечилсэн онол

Үе шат
Ойролцоо нас
Танин мэдэх болон зан үйлд гарах өөрчлөлт, ахиц
Мэдрэхүй хөдөлгөөний шат
Төрөхөөс 2 хүртэлх насыг хамаарна. (0-2)
Хүүхэд өөрийг нь хүрээлж буй янз бүрийн хэлбэр дүрс, хэмжээ, өнгөтэйэд юмс, тэдгээрийг төлөөлүүлэн зурсан зураг, эд зүйлстэй харилцах явцад түүний шинж тэмдгийг таньж авна. Энэ шатанд хэл яриа төдийлөн голлох үүрэггүй. Эд юмсыг атгаж, бартж амандаа хийх, шидэх зэргээр мэдрэхүйн тусламжтайгаар танин мэднэ. Эхний шатны эцэст хүүхэд хүрээлэн буй орчноос өөрийгөө тусгаарлан “би” гэдгээ мэдрэх үед шилжинэ. Жишээлбэл машинаа явуулахын тулд уяа оосроос нь татах
Үйлдэл төлөвшихөөс өмнөх шат
2-7 насны хүүхэд хамаарна
Хүүхэд тодорхой эд юмстай харьцахын хамтад түүний дүр төсөөлөл бүр цаашилбал, үг тэмдэг тэмдэглэгээ, дүрслэлд тулгуурлан сэтгэх үйл явагдана. Ойлголт төлөвшинө. Ойлголт нь тэдний хувийн туршлагаар хязгаарлагдана. Энэ насанд хүүхэд хэлд орж гадаад үйлдэл дотогшилж сэтгэхүйн үйлдэл болж хувирах, юмсын бодит дүр төсөөлөл бүрэлдэх үйл явц идэвхитэй өрнөнө. Гэхдээ сэтгэхүйн энэ шатанд юмсын гадаад шинж чанарыг илүү ойлгож, хийсвэр, логик сэтгэхүйн арга барилыг хараахан эзэмшиж чадаагүй байна. Юмсыг ангилахад бэрхшээл учирна. Энэ шатанд эгоцентр сэтгэхүй тод илэрнэ.
Үйлдэл төлөвших үе шат
/7-11, 12 нас/
Хүүхдийн логик сэтгэлгээ хөгжиж эхэлнэ. Юмыг ангилж бүлэг, дэд бүлгүүдэд хувааж чаддаг. Тодорхой үйлдлийн шатан дээр хүүхдийн хөгжилд гарч байгаа гол ололт. Зарим нөхцөл байдал өөрчлөгдөж байхад юмсын шинж чанар тогтвортой хадалагддаг гэдгийг хүүхэд ойлгох чадвартай болно.
Хийсвэр сэтгэхүйн шат
11, 12-оос дээш
Энэ насанд тодорхой ба хийсвэр асуудлыг шийдвэрлэх, задлан шинжлэх чадвартай босон байх ба бүх боломжийг бодож үзэх, өнгөрснөө дурсан санаж, ирээдүйн төлөвлөгөө зохиож эхэлдлэг.


No comments: