Friday, January 20, 2017

Нөхцөлт ба нөхцөлт бус рефлекс



Гадны юмс үзэгдлийг зөв хүлээн авахын тулд өөрийгөө удирдаж, гаднаас үзүүлж байгаа юмс үзэгдэлд хариу үйлдэл өгч байгаа процессыг рефлекс гэнэ.Бие махбодийн рефлекст үйлдэл гадаад болон бие махбодийн дотоод талаас үзүүлсэн цочролын үндсэн дээр явагдна.
Гадаад цочроогчид нь гадаад ертөнцөөс ирж байгаа янз бүрийн үйлдэл, гэрэл, авиа, дуу, юмны өнгө,үнэр, амт, халуун хүйтэн гэх мэт дохионууд юм.
Дотоод цочроогчид нь бие махбодийн дотоод орчноос ирж буй янз бүрийн дохио, тэдгээрийн хувьсалт өөрчлөлтүүд юм. Жишээ нь: амьсгал, зүрх судасны хэвийн бус өөрчлөлт, зүрхний цохилт түргэсэх удаашрах гэх мэт.
Рефлексийг дотор нь нөхцөлт ба нөхцөлт бус рефлекс гэж хоёр ангилдаг.
 Нөхцөлт бус рефлекс буюу төрөлхийн\
Нөхцөлт бус рефлекс нь хүн амьтан, мал адгуусны төрөхөөс нь авхуулаад байдаг, төрөлхийн чадвар юм. Нөхцөлт бус рефлексийг бий болгохын тулд зориудын тусгай нөхцөл үүсгэх шаардлагагүй байдаг. Жишээ нь: уйлах, найтаах, ханиах, хөхөх, нүдээ цавчлах, залгих гэх мэт. Нөхцөлт бус рефлексээр амьтдын зан үйл нь явагддаг.Иймээс амьтдын зан үйл нь зөн билгийн, ухамсаргүй явагддаг.
 Нөхцөлт рефлекс \үүсмэл\
Хүн амьтан, мал адгуус бүхий л амьдарлынхаа турш өөртөө шинэ зан чанар, дадал зуршлыг бий болгож байдаг. Хүн амьтан, мал адгуусны бүхий л амьдарлын турш шинээр бий болж тогтож, гадаад болон дотоод цочроогчдод хариу үйлдэл өгөх чадварыг нөхцөлт рефлекс гэнэ. Нөхцөлт рефлексийг бий болгохын тулд зориуд тусгай нөхцөл бий болгож, сургаж хэвшүүлсэнээр бий болдог байна. Жишээ нь: циркийн амьтдын хийж буй үзүүлбэрүүд нь бүгд нөхцөлт рефлексээр бий болсон чадвар юм. Нөхцөлт рефлекс нь хүнийг хөгжүүлдэг.
Нөхцөлт рефлекс нь нөхцөлт, нөхцөлт биш цочроогчийн тодорхой дарааллаар олон дахин хослон давтсан үйл ажиллагааны үр дүнд бүрэлдэж тогтно.
-          Нөхцөлт цочроогч \ зориудаар дасган хэвшүүлэх, сурган хүмүүжүүлэх арга барил сонгож авах ...\
-           Нөхцөлт бус цочроогч \хоол тэжээл, байгалийн гэрэл, дуу чимээ, хүний идэвхитэй үйл ажиллагаа...\
Нөхцөлт рефлекс тогтооход шаардлагатай нөхцлийг бүрдүүлэх хэрэгтэй. Эл нөхцөл бүрдээгүй тохиолдолд сурахад бэрхшээл учирна. Хэрэгцээнд тохирсон мэдээллийг сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөнд үндэслэн мэргэжлийн багш нар хичээл үйл явцдаа суралцагчиддаа өгдөг. Нөхцөлт рефлекс тогтох буюу юм сурах эсэх нь тухайн хүн заалгасан зүйлээ давтахаас шалтгаалдаг
Рефлексийн физиологи үндсийг рефлексийн нум буюу рефлектная дуга гэдэг. Рефлексийн нум нь гурван хэсгээс бүрднэ:
-          Мэдрэмжийн
-          төвийн
-          Хөдөлгөөний
Цочроогч эхлээд биеийн мэдрэмжийн төгсгөл хэсэгт (нүд, чих, хэл, арьс гэх мэт орно) хөөрөл үүснэ. Биеийн мэдрэмжийн нервт үүссэн хөөрөл тархинд очно. Тэндээс хөдөлгөөний нервт шилжиж биеийг хөдөлгөөнд оруулна. Жишээ нь: Хүн гараа халуун зүйлд хүргэхэд арьс мэдэрч (биеийн мэдрэмжийн төгсгөл хэсэгт хөөрөл үүсэх) => тархинд цочроо үүсгэж (төвийн хэсэгт очих) => гараа бушуухан татаж авна (ыбиеийн хөдөлгөөний нервт үйлчилж байна).
Нөхцөлт рефлексийн саатлыг төрөлхийн бус гадаад саатал, бодгалийн нөхцөлт олдмол гадаад саатал гэж хоёр хуваадаг.
Нөхцөлт рефлексийн саатлууд:
1.
Замхрах саатал. Жишээ нь: бага насны хүүхдийг шүдийг нь байнга угаалгаж сургахын тулд эхлээд эцэг эх, өвөө эмээ, ах эгч нь ч юм уу байнга сануулж цуг угаана. Дараа нь шүд угаах үйл ажиллагаа нь олон дахин байнга давтагдсаар аяндаа өөрөө хэний ч шахалт, гуйлтгүйгээр өөрөө шүдээ байнга угааж хэвшинэ.Гэвч сануулж байхгүй бол аяндаа мартагдаж, энэхүү тогтсон рефлекс нь замхрах сааталд ордог.
2. Ялгах саатал. Ялгах саатал нь танин мэдэхүйн хөгжилд их нөлөөтэй. Жишээ нь: сургуулилтай нохой эхлээд хүний хэлж буй үг яриаг сайн ялгаж ойлгодоггүй ч аяндаа хүний хэлж буй үгийг дахин дахин сонсож тухайн нөхцөл байдал, дадал давтагдсаар аяндаа хүний үгийг ойлгож, болох болохгүйг ялгана.
3. Нөхцөлт саатал. Хүн, мал амьтан хүрээлэн байгаа орчиндоо хурдан дасан зохицоход нөхцөлт саатал чухал үүрэгтэй. Нохой таньдаг хүмүүс рүүгээ хуцдаггүй. Харин гаднаас шинэ хүн орж ирэхэд хуцаж эхэлдэг. Энэ нь мал амьтан орчныхоо хувьсан өөрчлөгдөж байгаа шинэ нөхцөлтэй өөрийгөө зохицуулж байна.
4. Хожимдуулах саатал.Хожимдуулах саатал нь хүнд сэтгэлийн хөдөлгөөний сайн зан чанаруудыг төлөвшүүлэхэд гол үүрэгтэй байдаг.Жишээ нь: сургуулилтгүй нохой хоол хараад тэсгэлгүй шууд идчихдэг. Энэ нь хожимдуулсан саатал дутуу хөгжсөнтэй холбоотой. Хэрэв хожимдуулсан саатал сайн хөгжсөн бол нохой хэдий адгуус амьтан ч гэсэн эзнээ ид гэж хэлтэл нь хоолоо идэхгүй байж чаддаг, ухаантай амьтан юм.


No comments: