Friday, January 20, 2017

Амьтны зан үйл ба хүний сэтгэц ухамсар



Амьтан ба хүний ухамсарын онцлог тал ба ялгаанууд

Хүнийг амьтны ертөнцөөс саланги тусгай зүйл мэт үзсээр байлаа. Бүх амьд биетийн талаархи хуучинсаг үзлийг халан Английн амьтан судлаач Ч.Дарвин өөрийн үзэл онолоо дэлгэрүүлж эхэлжээ.
Бүх амьд биет ургамал амьтад цөм амьдралын нэгэн хэлбэр бөгөөд эволюцийн үр дүнг өөртөө хадгалдаг. Энэ нь олон миллиард жилийн түүхтэй. Хүний бие бялдрын хөгжил зан чанар зэрэг шинжүүд нь эволюцийн үр дүн мөн.
Нэг төрлийн амьтад дотроо ялгаа багатай ч олон янз байгааг ажиглан, нэг төрлийн амьтад байгаль цаг уурын нөхцөл зэргээс шалтгаалан өнгө хэлбэр өөр өөр болдог гэсэн дүгнэлтэд хүрчээ.
2-3 миллиард жилийн өмнө хамгийн эгэл биетээс амьтан үүсч эхэлжээ. Бүх амьд организмууд цочрох чанарыг эзэмшсэн байх бөгөөд хариу үйлдлийн энэхүү хэлбэрийг тропизм гэнэ. Энэхүү цочрох чанарыг нэг эст организмууд дээр илрүүлж болно. Цочрох чанар буюу тропизмыг дотор нь фототропизм, термотропизм, хемотропизм, топотропизм гэж ангилдаг.
Гэрлийн нөлөөн дор амьд организмын хөдөлгөөнд орох хандлагыг фототропизм, дулааны нөлөөгөөр амьд организм хөдөлгөөнд орохыг термотропизм, физик, химийн орчинд амьд биетийн хөдөлгөөнийг хемотропизм, механик цочроогчийн нөлөөг мэдрэн хариу үйлдэл хийх чадварыг топотропизм гэж нэрлэдэг.
Цочрох чанараас мэдрэх чанарт шилжсэн нь амьтны эволюцид гарсан том өөрчлөлт юм. Дээд зэргийн зохион байгуулалттай амьтдад мэдрэх чанар хөгжиж, мэдэрхүйн эрхтнүүд бүрэлдэн төлөвшжээ. Маш энгийн амьтад тодорхой нөхцөлд зөвхөн биологийн ач холбогдол бүхий цочролд хариу үйлдэл үзүүлдэг.
Олон эст амьтдад тусгалын арай өндөр түвшин ажиглагддаг бөгөөд ийм амьтдын организмд онцгой мэдрэх чадвар бүхий протоплазмтай эсүүд байдаг. Энэ нь организмын аль нэг төгсгөлд үүссэн хөөрлийг дамжуулах үүргийг гүйцэтгэдэг. Онцгой мэдрэх чанар бүхий мэдрэлийн эсүүд нь өөр хоорондоо холбогдож амьтны биеийг бүхэлд нь хамарсан мэдрэлийн эсийн тор үүсгэнэ.
Хөндий биетэн амьтдын зан үйл нь зарим талаараа төрөлхийн ойтой буюу тухайн нэг амьтны амьдралын үйл явцад бүрэлдэн бий болсон түр холбоостой холбоотой.
Эдгээр амьтанд үүссэн түр холбоос нь тодорхой хугацааны дараа арилаж үгүй болдог.
Хорхойн бүлэг амьтанд мэдрэхүйн эрхтний эх үүсвэр жишээ нь нүдний болон тэмтрэх эрхтний, үнэрлэх, амтлах эрхтний эх үүсвэр байдаг.
Хорхойн сегмент бүрд мэдрэлийн эсийн зангилааны бөөгнөрөл ганглиев байдаг.Хорхойн мэдрэлийн эсийн тогтолцоо нь толгой орчимд байрлах мэдрэлийн тор, зангилаа, түүнээс биеийн хоёр хажууг даган үргэлжилсэн мэдрэлийн хоёр судлаас бүрдэнэ. Мөн хорхой нь идэвхтэй эрж хайх, эрэлхийлэх шинжтэй. Үе мөчтөн, хорхой шавьжинд орчны тодорхой нөхцөлд хариу үйлдэл үзүүлэх төрөлхийн хэлбэр байдаг нь зөн билэг юм.
Хөгжлийн шинэ үе шатанд амьтад мэдрэлийн тогтолцоотой болж дан ганц сэрлээр бус харин бүхэл бүтэн дүрс холбоогоор тусгадаг байна. Иймд амьтан оршин тогтнох амьдралынхаа явцад тус бүрдээ олж авсан дадал голлох үүрэг гүйцэтгэнэ. Амьтад байгалиас өгөгдсөн бэлэн программтай байдаг. Энэ нь амьтдын орчин ертөнцтэйгээ харилцах харилцааны хэлбэр ,,зөн билэг,, юм. Зөн билэг нь хичнээн нарийн дараалалтай явагдлаа ч зөвхөн нэг тодорхой нөхцөлд л давтагдах автоматчлагдсан зан үйл юм.
Зөн билэг нь төрөлхийн рефлекст үндэслэгддэг бол дадал нь нөхцөлт рефлекс дээр тулгуурлан үүсдэг. Амьтанд олон дахин алдаж оносон үйлдлийн үр дүнд дадал бий болно. Амьтны ертөнцийн хөгжлийн тодорхой үе шатанд зан байдлын дээд хэлбэр болох оюун ухааны эх үүсвэр бий болжээ.
Түүний нэг илэрлийг Германы эрдэмтэн В. Кёлер анх удаа сармагчин дээр судалгаа хийн тайлбарласан байна. Тэрээр шимпанзен торны дээд талд гадил жимс өлгөхөд түүнд хүрэх гэж хэд хэд үсэрсэний эцэст торон дотор нааш цааш холхисноо гэнэт хайрцагыг харан түүнийг авч жимсний харалдаа доор тавиад дээр нь гарч гадилыг авч байжээ. Таван минут болоод дахин нэг гадил өлгөхөд ямар ч төвөггүй урьдын туршлагаар авчээ.
Зарим амьтад сүргээрээ, зарим нь ганц хоёроороо амьдардаг. Хүн болон дээд зэргийн нарийн зохион байгуулалттай амьтдаас эгэл болхи амьтад хүртэл оршин тогтнохын тулд хамтран нэгдэж амьдарч ирсэн байна. Хувьсал зөвхөн амьд организмыг боловсронгуй болгоод зогсохгүй мөн ,,гэр бүл,, ,,сүрэг,, ,,үүр,, гэх мэт хүрээнд амьтдын хамтын амьдралыг үүсгэх нөхцөлд хүргэжээ. Энэ хамтын амьдрал нь үр удмаа үргэлжлүүлэх хамгаалах, дайсантай тэмцэх хоол хүнсээ олох зэрэгт чиглэнэ.
Хувьслын хөгжлийн янз бүрийн шатанд буй амьтдын амьдралыг ажиглахад сэтгэл зүйн талаар сонирхолтой дүгнэлт хийх боломжтой.
Амьтад хэдий чинээ өндөр хөгжилтэй нарийн зохион байгуулалттай болох тусам төдий чинээ бие даасан хувийн онцлог шинжтэй болдог. Хүний хөгжилд хэдий чинээ ойртох тусам төдий чинээ ганц нэгээрээ дайчин болдог. Харин зөгий шоргоолж зэргийн шавьж хэдийгээр нарийн зохион байгуулалттай боловч хувийн өвөрмөц онцлог бараг үгүй бөгөөд хэдэн зуугаараа, мянгаараа нэгдэж том бүл болон оршин тогтнох боломжоо олж авдаг.
Хөгжлийн нилээд өндөр шатанд орших амьтдын хамтран амьдрахад тэдний дотор өөрийн тодорхой дэг журам шаардлагатай болдог. Жишээ нь шувуун сүрэг дотор нэгэн ,,ноёлогч,, байх бөгөөд бусад нь түүнийг хүлцэнгүй дагалдана. Австрийн этологич К. Лоренц алагтууны сүргийн амьдралын талаар сонин зүйл ажиглажээ.
,,Ноёлогч,, шувуу өөрөөс доор орших ,,ядуучуудыг,, дээрэлхэх нь бага, харин өөртэй нь байр суурь булаацалдаж магадгүй шувуудад дургүйцлээ байнга илэрхийлнэ. Тэр ч байтугай ,,төрийн эргэлт,, ч хийх үе гардаг байна.
Мөн сонирхолтой нь урьд шоовдорлогдож байсан бяцхан шувуу, Лоренцийн ажигласнаар ,,ноёлогчийн хатагтай,, болоод шууд ,,нөхрийнхөө,, хэмжээнд өргөмжлөгдөн хүндлэгдэж ирэх ба тэр ч өөрөө, эрх тушаал нэмэгдсэнээ мэдэрдэг ажээ.
Сармагчны сүрэг доторх харилцаа бүр ч нарийн маш сонирхолтой гэнэ. Бид амьтад зөвхөн биологийн хэрэгцээтэй л холбоотой сэтгэлийн хөдөлгөөн үүсдэг гэж гол төлөв боддог. Гэтэл бас тийм биш гэнэ. Өндөр хөгжилтэй амьтад бусадтайгаа харилцахыг хүсдэг байна. Тийнхүү сармагчны хэсэг бүлэгт бие хамгаалах зөн билгээс гадна өөрийн адил амьтдын дотор орж харилцах хэрэгцээ байдаг байна. Дээд хөгжилт сармагчныг сурч заншсан ,,орчноос,, нь тусгаарлахад ихэнх тохиолдолд ганцаардаж, бусдыгаа санаж мөрөөдөх нь түүнийг үхэлд ч хүргэж болно.
Бас нэг сонирхолтой нь сармагчны бусадтайгаа харилцах хэрэгцээ шилэн сонгох сонголтоор илэрдэг байна.
Амьтанд хийсэн судалгааны үр дүнд өндөр хөгжилт тархи , нугас бүхий амьтдад оюун ухааны эх үүсвэр буюу инсайт байдаг гэж үзжээ.
Инсайтыг дээд зэргийн хөгжилтэй амьтдын дотроос хүн дүрст мичнүүдэд ажиглаж болно. Сармагчин хэд гурван цагаар гартаа өртсөн зүйлийг бутлах, цуулах, хүнийг дуудан ирүүлэх бүхий л боломжийн арга барилуудыг хэрэглэх, мөн мөлхөж байгаа хорхой шавьжийг ажиглаж чаддаг. Зэрлэг шампанзед 81 төрлийн зууш байдаг гэсэн тооцоо байдаг.
Сармагчны хоол хүнсээ эрж хайх үйлд ч алдаа гаргалгүйгээр идэж болох үр, идэж болохгүй хортой үрийг ялгах чадвартай байдаг ажээ. Хоол хүнсний маш нарийн тодорхой төрлийг сармагчин зөн билгээрээ мэдэрч чаддаггүй харин олон дахин бүх зүйлийг өөрийгөө тойруулан шалгаж хянаж үзэн , эцэст нь өөртөө хэрэгтэй хүнс тэжээллийг олдог. Сармагчингууд гарын ач тусаар тойрон байгаа эд зүйлсдээ нилээд нарийн харьцах чадвартай болсон байдаг. Мөн сармагчин үүрээ барихдаа материалыг сонгох боловч зөн билгийн шинжтэй байдаг. ОХУ-ын сэтгэл зүйч Ладыгина Котс /1889-1963 / Париж нэртэй шампанзед дээр туршлага явуулжээ. Париж эд юмсын өргөн нарийн, хэлбэр хэмжээ, нягтыг ялгаж чаддаг мөн гуурснаас өгөөшийг гаргахад тохирсон тийм зүйл байхгүй үед Париж өөрийнхөө ойролцоо хэвтсэн модны мөчрийг авч шилбэ, салааг авч жигдхэн болгоод, эсвэл банзнаас зоргос хугалж аваад сунган эрчилж нарийсгаад өгөөшийг авч байжээ.

No comments: