Хүний сэтгэл мэдрэлд нөлөөлж буй гадаад дотоод ямар нэгэн нөлөөлөлд бүхэл бүтэн бие махбодийн зүгээс хариулах үйлдлийг сэтгэлийн хөдөлгөөн гэнэ. Энэхүү сэтгэлийн хөдөлгөөн нь өвчилсөн хүнийг ч эдгэрүүлж чаддаг, эрүүл хүнийг өвчлүүлж чаддаг, тэр атугай үхүүлж ч чаддаг өвөрмөц хүчтэй. Хүний амьдрал сэтгэл хөдлөлгүйгээр хэвийн явагддаггүй.
Сэтгэлийн хөдөлгөөн гэдэг нэрийн дор айх, цочихоос эхлэн энэрэн хайрлах хүртэл өргөн хүрээтэй мэдрэл сэтгэцийн үйлдлүүд нэгтгэгдэж байдаг. Иймээс хүний сэтгэлийн хөдөлгөөн гэгч нэн баялаг, бие махбодод үзүүлэх нөлөө нь олон янз.
Хүний сэтгэлийн хөдөлгөөнийг биеийн гадаад байдал, авир араншин, нүүр царайны хувирал, үг ярианы өнгөөр таамаглан мэдэж болно.
Сэтгэлийн хөдөлгөөн ба мэдрэмжийн төрлүүд
Сэтгэлийн хөдөлгөөнийг эерэг ба сөрөг гэж ангилдаг ба эерэг сэтгэлийн хөдөлгөөн нь тухайн хүнд таатай мэдрэмж төрүүлж бие организмд эрч хүч, идэвхи нэмж байдаг илрэлүүд юм. тухайлбал баяр хөөр, хайр гэх мэт.
Сөрөг сэтгэлийн хөдөлгөөнд нь бие организмд таагүй нөлөө үзүүлэх сэтгэл хөдлөлүүд орно. Жишээ нь үзэн ядалт, уур
Хүний сэтгэлийн мэдрэмжийг ёс суртахууны, оюун ухааны, гоо зүйн хэмээн ялгаж үздэг.
Гоо зүйн сэтгэлийн хөдөлгөөн нь дотроо:
-
Таашаан амтархах сэтгэлийн хөдөлгөөн. Хүнийг сайшаах, гайхан магтах, баярлах, сайхан сэтгэлийг үнэлэх зэрэг хөдлөлүүдээр илэрнэ.
-
Гоо сайхныг мэдрэх сэтгэлийн хөдөлгөөн. Аав ээж, дүү, ах, эгчээсээ эхлээд хүний гоо сайхныг мэдрэх, хайрлан хамгаалах сэтгэгдэл төрөх байдлаар илэрч хөгждөг.
-
Ёс суртахууны сэтгэлийн хөдөлгөөн. Ёс суртахууны үүрэг хариуцлагын сэтгэлийн хөдөлгөөн, хамтач үзлийн сэтгэлийн хөдөлгөөн, нөхөрлөл, үерхлийн сэтгэл хөдлөл, үзэн ядах, ичиж зовох, нинжин сэтгэлийн хөдөлгөөн
Сэтгэлийн хөдөлгөөний илрэл
1.
Сонирхох. Сурах дадл чадвараа хөгжүүлэх бүтээлч эрмэлзлэлд өдөөж байдаг түгээмэл илэрдэг эерэг сэтгэлийн хөдөлгөөн.
2.
Баярлах. Өөртөө итгэлтэй байдал үүсч сэтгэл санаа таатай болох үйл явц. Хүн энэхүү илрэлийг байнга хүсч байдаг.
3.
Гайхшрал. Танин мэдэх үйл явцад тухайн юмс үзэгдэлд агшин төдийд анхаарлаа хандуулах сэтгэлийн хөдөлгөөн юм. энэ нь өмнөх сэтгэлийн хөдөлгөөнөөс огцом гаргадаг.
4.
Харамсах. Хүн ганцаардах, бусадтай холбоо харилцаагаа таслах, өөрийгөө голлох зэрэг тохиолдлуудад сэтгэлээр унах, таагүй сэтгэл хөдлөл.
5.
Уурлах. Нийгэмших үйл явцад үүсдэг суурь сэтгэлийн хөдөлгөөн. Уг сэтгэлийн хөдөлгөөн үүссэнээр зоригтой,өөртөө итгэлтэй мэдрэмж төрж, булчингууд чангардаг. Гадаад илрэл нь тод байдаг учраас уурласан хүнийг амархан танина.
6.
Жигших, зэвүүцэх. Ямар нэгэн юмаа алдсанаар сэтгэл зүйн хувьд тавгүй болох сэтгэлийн хөдлөл бөгөөд ихэвчлэн уур бухимдалтай зэрэгцэж гарч ирдэг.
7.
Хайхрамжгүй байдал. Энэ нь уур бухимдал, жигшил зэвүүцэлтэй зэрэг үүсч болох бөгөөд хувь хүнийг бүлэг, олон нийтээс салгаж үл тоомсорлосон, хүйтэн хандах сэтгэлийн хөдөлгөөн.
8.
Айх. Бодитой болон зохион бодсон хор уршиг, аюултай зүйлийг урьдчилан төсөөлсөнөөс үүсэх сэтгэлийн хөдөлгөөн. Энэ нь хор хохирол учруулдаг бөгөөд энергийг огцом өөрчлөх шинжтэй.
9.
Ичих. Ямар нэгэн зан үйлийг зөрчсөнөөс гэмших алдаанаас болж үүсэх мэдрэмжийг ичгэвтэр байдал гэнэ.
10. Гэмшил. Ямар нэгэн дүрэм журмыг зөрчсөнөөс эсвэл хэн нэгэнд хор хохирол учруулснаа мэдэрч таагүй байдалд орох, түүнийг давтахгүй, зайлсхийх мэдрэмж.
Эдгээр сэтгэлийн хөдөлгөөний илрэлүүд нь хүний нүүр царайны хувирал, дуу хоолойны өнгө, үгийн утга агуулга, гарын хөдөлгөөн дохио зангаа, биеийн байрлал хөдөлгөөнөөр тодорхой болно.
-Сэтгэлийн хөдөлгөөний илрэл нь эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хувьд ялгаатай байна. Айдас ичгэвтэр байдал зэрэг сэтгэлийн хөдөлгөөний илрэлийг эрэгтэйчүүд бусдад харуулах дургүй байдаг бол эмэгтэйчүүдийн хувьд хэвийн үзэгдэл. Эмэгтэй хүмүүс хайр дурлал, түгшүүр, уйтгар гуниг зэрэг сэтгэлийн хөдөлгөөний олон илрэлийг өдөр тутамдаа гаргаж байдаг.
No comments:
Post a Comment