Tuesday, October 29, 2019

Хүүхдийн танин мэдэхүйн хөгжлийн тухай ойлголт



Жан Пиажегийн онол
Жан Пиажегийн товч намтар
 (1896-1980)
Генетикийн сэтгэл судлалын урсгалыг үндэслэгч нь орчин үеийн гарамгай сэтгэл зүйчдийн нэг Ж.Пиаже нъ Швейцарийн сэтгэл судлаач, философич бөгөөд хүүхдийн сэтгэл судлалын ажлуудаараа ихээхэн нэрд гарсан. Сэтгэл судлалын энэхүү чиглэл хүүхдийн сэтгэцийн ба оюунлаг хөгжлийг судлах замаар үүссэн байна. Пиажегийн үзэл баримтлалд логик, тооны ухааны ойлголтууд, хүүхдийн төрөхөөс эхлэн идэр залуу нас хүртэлх сэтгэхүйн хөгжлийн талаарх туршилтын судалгааны үр дүн чухал нөлөе үзүүлсэн гэж үздэг.
Тэрээр ерөнхий, хүүхдийн, сэтгэхүйн сэтгэл судлалын чиглэлээр судалгаа шинжилгээ хийдэг ба хүүхдийн өөрийнБи” болон ертөнцийн хуваагдашгүй байдлыг буюу хүүхдийн ертөнцийн талаарх төсөөллийг судалж байв.
Түүний санаачлагаар байгуулагдсан хүрээлэн байгаа орчлон ертөнцийг судлах төвд хүний оюунлаг хөгжил ба хүүхдийн оюуны хөгжлийн талаар маш олон гайхалтай нээлт хийсэн байдаг. Тэрхүү төвд гүн ухаантнууд, сэтгэл судлаачид, нийгэм судлаачид нэг дор үр бүтээлтэй хамтран ажилладаг ажээ.
Пиаже хүний танин мэдэхүйн үйлийн үндсийг судалсан тул өөрийн онолыг Genetic Epistemology гэж нэрлэсэн байна. Тэрээр 60 гаруй жилийн хөдөлмөрөө хүүхдийн танин мэдэхүйн хөгжил ба суралцах үйлийн суурь судалгаанд зориулсан бөгөөд өөрийн ажлаар хүүхдийн танин мэдэхүйн хөгжлийн 4 үе шатыг тодорхойлсон онолыг боловсруулжээ.

Хүүхдийн танин мэдэхүйн хөгжлийн үе шатууд

Үе шат
Ойролцоо нас
Танин мэдэх болон зан үйлд гарах өөрчлөлт, ахиц
Мэдрэхүй хөдөлгөөний шат
Төрөхөөс 2 хүртэлх насыг хамаарна.
Хүүхэд өөрийг нь хүрээлж буй янз бүрийн хэлбэр дүрс, хэмжээ, өнгөтэй эд юмс, тэдгээрийг төлөөлүүлэн зурсан зураг, эд зүйлстэй харилцах явцад түүний шинж тэмдгийг таньж авна. Энэ шатанд хэл яриа төдийлөн голлох үүрэггүй. Эд юмсыг атгаж, барьж амандаа хийж шидэх зэргээр мэдрэхүйн тусламжтайгаар танин мэднэ. Эхний шатны эцэст хүүхэд хүрээлэн буй орчноос өөрийгөө тусгаарлан “би” гэдгээ мэдрэх үед шилжинэ. Жнь: машинаа явуулахын тулд уяанаас татна
Үйлдэл төлөвшихөөс өмнөх шат
2-7 насны хүүхэд хамаарна
Хүүхэд тодорхой эд юмстай харилцахын хамтад түүний дүр төсөөлөл бүр цаашилбал үг тэмдэг тэмдэглэгээ, дүрслэлд тулгуурлан сэтгэх үйл явагдана. Ойлголт төлөвшинө. Ойлголт нь тэдний хувьд /өөрт төвлөрсөн/ туршлагаар хязгаарлагдана. Энэ насанд хүүхэд хэлд орж гадаад үйлдэл дотогшилж сэтгэхүйн үйлдэл болж хувирах, юмсын бодит дүр төсөөлөл бүрэлдэх үйл явц идэвхитэй өрнөнө. Гэхдээ сэтгэхүйн энэ шатанд юмсын гадаад шинж чанарыг илүү ойлгож, хийсвэр, логик сэтгэхүйн арга барилыг хараахан эзэмшиж чадаагүй байна. Юмсыг ангилахад бэрхшээл учирна. Энэ шатанд эгоцентр сэтгэхүй тод илэрнэ.
Үйлдэл төлөвших үе шат
7 наснаас 11,12 насны хүүхдийг хамрана.
Үйлдэл гэдэг нь дотоод үйлийн үр дүнд өөрчлөгдөн хувирч, улмаар бусад үйлдлүүдтэй нэг тогтолцоонд нэгдэж, дотогшлох замаар үүссэн бүтээгдэхүүн бөгөөд энэ шатны гол онцлог нь сэтгэхүйн буцах боломж байдаг. Өөрөөр хэлбэл аливаа үйлдлийн эргэн тойронд ижил төстэй болон эсрэг үйлдлүүд заавал үүсч явагдана. Өөрөөр хэлбэл хүүхэд юмсын хэмжээ, хэлбэр орон зайг өөрчлөхөд тэр нь анхны байдлаа хадгалагддаг гэдгийг мэддэггүй байсан бол энэ шатанд тогтонго чанараа хадгална гэдгийг мэддэг болно. Энэ насанд ямар нэгэн үйлдлийг хийх дэс дарааллыг хүүхэд хийсвэрээр төсөөлж эхлэнэ.
Хийсвэр сэтгэхүйн шат
11,12-оос дээш
Энэ насанд тодорхой ба хийсвэр асуудлыг шийдвэрлэх, задлан шинжлэх чадвартай болсон байх ба бүх боломжийг бодож үзэх, өнгөрснөө дурсан санаж, ирээдүйн төлөвлөгөө зохиож эхэлдэг.


No comments: