Friday, November 1, 2019

Ургийн болон нярай, нялх насны хүүхдийн сэтгэл зүйн хөгжлийн онцлог



Үр хөврөл болон ургийн тухай ойлголт
Орчин үед лозитрон, томограф, эхо, соронзон хэлбэлзлийн бичлэг зэрэг шинэ технологийн ачаар эхийн хэвлий дэхь ургийн амьдрал, төрсний дараах нялх хүүхдийн уураг тархины хөгжлийг ажиглан судлах боллоо. Түүнчлэн насанд хүрсэн хүний бие организмын хэвийн үйл ажиллагаа нь эхийн хэвлийд байх үед бүрэлддэг бөгөөд зарим нь бүр жирэмсний эхэн үед бүрэлддэгийг тогтоожээ.
Үр тогтсоноос хойш эхний 8 долоо хоног хүртэлх хэвлий дэхь хүүхдийг үр хөврөл буюу “эмбрион” гэж хэлнэ. 8 долоо хоног дууссанаас эхлэн хүүхэд төрөх хүртэлх хэвлий дэхь хүүхдийг ураг буюу “фетус” гэнэ.
Хүний жирэмсэн үе ихэвчлэн үр тогтсон мөчөөс эхлэн хүүхэд төрөх хүртэлх ойролцоогоор 38 долоо хоног үргэлжилнэ.
Эхийн умай дахь ургийн өсөлт 3 үетэй байхаас эхний 8 долоо хоногт хөгжлийн хамгийн эмзэг мэдрэмтгий үе. Мэдрэлийн суганцраас уураг, тархи, нугас үүсч, зүрх цохилж мэдрэхүйн эрхтнүүд /нүд, чих, ам/ бөөр, элэг, цусны эргэлт бий болдог. Энэ үед ураг гадны аливаа зохисгүй нөлөөлөлд амархан автахаар маш эмзэг байдаг тул хамгаалах нь чухал.  Энэ үед:
-          Эм ууж байгаа бол урагт нөлөөлөх эсэхийг тодруулах
-          Архи уух, тахи татах, мансууруулах бодис хэрэглэхгүй байх
-          Хэт их ядрахгүй байх
-          Ажиллах, амьдрах орчин жирэмслэлтэд муугаар нөлөөлж болох эсэхийг анхаарах
-          Улаан бурхны эсрэг дархлаажуулалтын вакцин хийлгэх
-          Эрүүл ахуйн дээд зэргийн дэглэм сахих
-          Ажил амралтыг хослуулах
-          Халдварт өвчин, хордлого авахаас урьдчилан сэргийлэх
Учир нь 8 долоо хоногийн эл хугацаа эрхтэн үүсч хөгждөг учраас бие эрхтний бүтцийн хөгжлийн хэвийн бус байдалд орж болзошгүй үе гэдэг.
Харин 8 долоо хоногоос 30 долоо хоног хүртэлх хугацаанд дотоод эрхтнүүд байр байрандаа, гэдэс хүчил ялгаруулж, элэг улаан бөөмсийг үйлдвэрлэдэг, сүүн шүдний бүрдэл эхэлдэг, ураг хөлөөрөө тийрэх, шүлсээ залгих, хуруугаа хөхөх, үс нь ургах зэрэг том хүний хийдэг үйлийг хйих эхлэл эхийн жирэмсэн байхад бий болдог.
Орчин үед ураг мэдрэх эрхтнүүдээ бидний таамаглаж байгаагаас хамаагүй өмнө ажиллуулж эхэлдгийг хэт авиан оношлогооны тусламжтайгаар ажиглаж нотолжээ.
1-2 дахь долоо хоног
“Урт” аялал эхэллээ. “Ирээдүйн хүн” маань эхний 4 хоногт давсны ширхэг адил хэмжээтэй байна. Тодруулбал, 0.14 мм хэмжээтэй. 5 дахь хоногоос өсч эхлэх бөгөөд 6 дахь хоног гэхэд анхныхаасаа хоёр дахин томорч, 0.2 мм хэмжээтэй болно. 4 дэх хоногтоо үр хөврөл дараагийн 9 сарыг өнгөрүүлэх эхийнхээ саванд очих бөгөөд 8 дахь хоногтоо саванд бэхлэгддэг байна.
3-4 дэх долоо хоног
Жирэмсний 20 дахь хоногт маш чухал үйл явдал тохионо. Мэдрэлийн гуурс бүрдэх бөгөөд энэ нь цаашлаад хүүхдийн тархи, нугас болон хөгжинө. Харин 21 дэх хоногоос зүрх нь цохилж эхлэх бөгөөд бөөр, элэг зэрэг эд эрхтэн нь бүрэлдэж эхэлдэг байна. Нүд нь бүрэлдээгүй байх бөгөөд толгой хэсгийн хоёр талд жижиг хөөс хэлбэртэй байна. Эхний 1 сарын сүүлчээр цусны эргэлтийн тогтолцоо бүрэлдэж, нугас, булчин зэрэг нь хөгжиж эхэлнэ.
5-6 дахь долоо хоног
5 дахь долоо хоногт үр хөврөлд гарын бугалга бүрэлдэнэ. Гэхдээ хуруунуудыг нь салган ажиглах хараахан боломжгүй. Мөн гар болон хөл үеэрээ нугарч эхэлнэ. Энэ үед  гаднах бэлэг эрхтэн нь хөгжиж эхлэх ч, эхо төхөөрөмжийн тусламжтай хүйсийг нь тодорхойлоход эртэднэ. Анх бүрэлдсэн үеийнхээс үр хөврөл 10,000 дахин томорсон байна. Энэ үед ирээдүйн хүүхдийн нүүр царай бүрэлдэж эхлэх бөгөөд нүдний хэсэг нь харлаж, хөгжиж эхэлнэ.
7-8 дахь долоо хоног
7 дахь долоо хоногоос эхлэн ураг хөдөлж эхэлнэ. Гэхдээ одоохондоо ээждээ мэдрэгдэхгүй. Хөл болон гарын хуруу нь яг л том хүнийх адил бүрэн хөгжинө. Энэ үед мөн сүүн шүдний уг бүрэлдэж эхэлнэ, нөхөн үржихүйн систем нь ч хөгжинө. Харин бөөр нь шээс боловсруулж эхэлдэг байна. Хэдий ураг 2.5 см хэмжээтэй ч, нүүр нь хувиран хөдлөх төдийгүй хөмсөг, хамар зэрэг нь тодорно.
9-10 дахь долоо хоног
Энэ үед ураг 4 грамм жинтэй, 2-3 см өндөртэй болсон байна. Хэдий жижиг хэмжээтэй ч, тархи нь баруун болон зүүн тархинд хуваагдаж, сүүн шүд болон амтлах чадвар нь хөгжиж эхэлнэ. Мөн сүүл болон гарын хуруу хоорондын холбоос хальс алга болно. Энэ үед мөн нүүр царай нь бүрэлдэж эхлэх бөгөөд, толгойных нь үс ч ургаж эхэлдэг байна.
11-12 дэх долоо хоног
Энэ үед ургийн нөхөн үржихүйн эд эрхтэн нь хөгжиж эхлэх учир эхо оношилгооны тусламжтай ирээдүйн хүүхдийн хүйсийг тодорхойлох боломжтой. Гэхдээ алдаж оношлох эрсдэлтэй. Энэ үед ураг яг л харь гаригийн биет мэт харагдана. Том толгой, жижиг бие, гэхдээ нүүр царай нь хүнтэй төстэй байна. Чих нь хөгжиж, хөмсөг, сормуус ургана. Харин мөгөөрс нь бага багаар ясжин бэхжиж, шинээр цусны судаснууд бий болж, дааврын боловсруулалт ч явагдаж эхэлдэг. Хэмжээний хувьд 6 см өндөртэй, 20 грамм жинтэй болсон байдаг байна.
13-14 дэх долоо хоног
Толгой нь нийт биеийн хэмжээний тал хувийг эзлэх ч, нүүр царай нь яг л том хүн адил болсон байна. Мөн 20 сүүн шүдний уг аль хэдийнэ бүрэлдсэн байдаг. Хүүхэд гарынхаа хурууг амандаа хийж чадна. Гэхдээ хожим хуруугаа “хөхөж” эхэлдэг. Цусны судас эрчимтэй бүрэлдэх учир, арьс нь улаан туяа сууна. Гэхдээ арьс нь нимгэн байх бөгөөд хэт даарахаас сэргийлж тослог чанарыг нь хадгалахын тулд “лануго” гэж нэрлэгддэг нарийн үс ургаж эхэлнэ.
ДУНД ГУРВАН САР
15-16 дахь долоо хоног
15 дахь долоо хоногтоо ураг 10 см өндөртэй, 70 грамм жинтэй болсон байна. Хоёр нүд нь харьцангуй доор байрласан хэвээр байх ч, нүүр царай нь ялгарч харагдах болсон байна. Нүүрний булчингууд хангалттай хөгжсөн байх учир нүүрний хөдөлгөөнийг ч ялган анзаарах боломжой. Энэ үед гарын хуруугаа “хөхөж” эхэлнэ. Мөн хөлсний болон тосны булчирхайнууд ч ажиллаж эхэлдэг байна.
17-18 дахь долоо хоног
Эцэст нь сонсголын эрхтэн хөгжиж эхлэх бөгөөд аливаа дуу чимээг ялгаж эхэлнэ. Ээжийнхээ дуу хоолойг сонсож эхлэх бөгөөд бусад дуу чимээнээс ч ялгаж чаддаг. Сүүн шүдний уг бүрэлдсэнээс гадна араа шүдний уг ч бүрэлдэж эхэлдэг. Мөн яс нь бүрэлдэж, хатуужиж эхэлдэг байна. Гэхдээ гавлын яс нь төрөх хүртлээ хөдөлгөөнтэй байна. Учир нь хорвоод мэндлэх үед гавлын яс шилжин хөдөлж, давхардан байрласнаар, хорвоод мэндлэхэд “хялбар” болдог байна. Энэ үед 14 см өндөртэй, 190 грамм жинтэй болсон байх бөгөөд ээж нь хүүхдийнхээ хөдөлгөөнийг мэдэрч эхэлдэг.
19-20 дахь долоо хоног
Хэдий хоёр нүд нь аниатай ч, эхийн хэвлий дотор зүг чигээ сайн олдог болсон байна. Энэ үед ирээдүйд мэндлэх хүн солгой байх эсэх шийдэгдэнэ. Учир нь энэ үед гараа илүү эрчимтэй хөдөлгөж эхэлдэг байна. Мөн хурууны өндгөн дээр нь хээ бүрэлдэж эхэлнэ. Мөн хүүхэд аажмаар өдөр болон шөнийг ялгаж эхлэх бөгөөд, өдрийн тодорхой хугацаанд харьцангуй идэвхтэй байна.
21-22 дахь долоо хоног
Арьсны доорх өөхөн давхарга бүрэлдэж эхлэх учир 21 дэх долоо хоногоос харьцангуй хурдан жин нэмж эхэлнэ. Насан туршид байх нейроныг 22 дахь долоо хоногт тархи боловсруулж эхэлдэг. Удахгүй нүдээ нээх бөгөөд энэ үед нээх оролдлого хийж байдаг төдийгүй нүдний алим яг л том хүнийх адил хөдөлж байдаг байна.
23-24 дэх долоо хоног         
23 дахь долоо хоногоос хүүхэд зүүд зүүдэлж эхэлдэг. Нүүр царай тод бүрэлдсэн байдаг учир эхо оношилгоогоор хүүхэд хэнийгээ дуурайсныг мэдэж болдог байна. Нүд нь нээгдэж, гэрэл мэдэрч эхлэх учир хэт тод гэрэл хүүхдийг “айлгаж” болзошгүй. 24 дэх долоо хоногтоо хүрэхэд 30 см өндөр, 0.5 кг жинтэй болсон байна.
25-26 дахь долоо хоног
Энэ үед хүүхдийн амт мэдрэгч рецептор бүрэн хөгжиж дууссан байх бөгөөд ураг орчмын шингэнийг амтлаад, хэрэв таалагдахгүй бол “ярвайх” зэрэг шинж тэмдэг ч илэрдэг байна. Ийнхүү эхийн хэвлийд байхад бид бүгдийн амтлах мэдрэмж хөгжиж, ямар амтанд дуртай, дургүй зэрэг суурь мэдрэхүй бий болдог. Удахгүй хүүхэд нүдээрээ тормолзож сурах бөгөөд хараа нь ч хөгжиж эхэлнэ.

СҮҮЛИЙН ГУРВАН САР
27-28 дахь долоо хоног
Энэ үед эхо-д харуулбал хүүхэд хэрхэн инээмсэглэж, хуруугаа хөхөж байгааг ажиглах боломжтой. Энэ үед хүүхэд “анхны тоглоом”-оороо тоглож эхэлнэ. Энэ бол өөрийнх нь хүй. 7 дахь сарын сүүлчээр бодисын солилцооны тогтолцоо нь бүрэлдэнэ. Хэмжээний хувьд 1.2 кг жинтэй, 35 см өндөртэй болсон байна.
29-30 дахь долоо хоног
Арьсны доорх өөхөн давхарга нэмэгдэж, илүү “мярайлаг” болно. Үүнээс гадна уйлж, ханиалгаж, бүр зогисуулж сурсан байна. 30 дахь долоо хоногт хүүхдийн тархи хангалттай хөгжсөн байх бөгөөд аливаа мэдээллийг тогтоож, боловсруулах чадвартай болсон байна.
31-32 дахь долоо хоног
Энэ үед хүүхдийн 5 мэдрэхүй бүгд хөгжсөн байх бөгөөд аль хэдийнэ унтах, сэрүүн байх гээд өдрийн дэглэмтэй ч болсон байдаг. Ээжийнхээ бүх л эд эрхтний үйл ажиллагааг “сонсож”, ээжийнхээ дуу хоолойг маш сайн ялгадаг болсон байна. Тиймээс хорвоод мэндэлснийхээ дараа эхийнхээ дуу хоолойг бусад хүмүүсийнхээс сайн ялгаж чаддаг нь үүнтэй холбоотой. Дархлааны тогтолцоо нь аливаа халдвараас сэргийлэх антител буюу эсрэг биет боловсруулж эхлэх бөгөөд хорвоод мэндэлсний дараах эхний саруудад нярайг хамгаалах үүрэг хүлээнэ.
33-34 дэх долоо хоног
Арьсан доорх өөхөн давхарга бүрэн бүрэлдэж дуусна. “Лануго” гэж нэрлэгддэг жирэмсний 3-6 сард ургадаг, хүүхдийн биеийг бүхэлд нь бүрхсэн байсан нарийхан үснүүд нь унана. Ойролцоогоор 40 см урттай болж, 2 кг бүр түүнээс ч илүү хүнд жинтэй болно. Мэдрэлийн тогтолцоо нь бүрэн бүрэлдсэн байх бөгөөд уушги нь үргэлжлэн хөгжиж байдаг.
35-36 дахь долоо хоног
Энэ үед хүүхэд яг л хорвоод мэндлэх тэр л дүр төрхийг бүрэн олж авсан байдаг. Харьцангуй туранхай, гэхдээ өөхөн давхарга нь хөгжиж байна. Үс, хумс зэрэг нь бүрэн бүрэлдэж дууссан байх бөгөөд хэмжээний хувьд том болсон байна. Гэхдээ өмнөхтэй адил эхийн хэвлийд чөлөөтэй хөдлөх боломжгүй болно.
37-38 дахь долоо хоног
Ийнхүү хүүхэд бүрэлдэх үйл явц бүрэн дуусна. Тэр одоо хорвоод мэндлэхэд бэлэн. Бүрэн тээлттэй гэж эмч нар дүгнэх бөгөөд “лануго” гэх нарийн үснүүд нь бүрэн арилсан байна. Гэхдээ гар бол хөлийн зарим хэсэгт үлдсэн байх магадлалтай. Эхийн саванд цааш хөдлөх зай бараг л үлдээгүй учир, хүүхэд нь хүчтэй хөдлөх болсон мэт ээжид нь санагдана. Үнэн хэрэгтээ хүүхдийн булчин бүрэн хөгжиж дууссан байх учир цохилт нь ч хүчтэй болсон байдаг.
39-40 дэх долоо хоног
Хорвоод мэндэлсний дараах эхний мөч
Хүүхдийн уушги төрөх хүртэл хөгжиж байдаг. Анхны амьсгал авах үед альвеол нь өөр хоорондоо наалдахаас сэргийлэх шаардлагатай тун хэмжээ бүхий сурфакант гэх бодисыг үед уушги ялгаруулна. Хорвоод мэндэлснээ “зарлаж” дуугаа хадаан, дараагийн илүү “том”, илүү адал явдал бүхий АМЬДРАЛ хэмээх аялалд хөл тавина.  

Нялх, нярай насны хүүхдийн хөгжлийн онцлог
Хүүхдийн сэтгэл судлалд 0-1 сартай хүүхдийг нярай, 1 сараас 1 нас хүртэлх хүүхдийг нялх хэмээн ангилдаг түгээмэл ангилал байдаг.

 Нярай хүүхдийн уураг тархины хөгжил
Нярай хүүхдийн хөгжлийн нэг онцлог бол хүүхдийн биеийн хөдөлгөөнөөс илүү хараа, сонсголын хөгжил түрүүлж хөгждөг. Энэ нь мэдрэлийн систем, тархитай салшгүй холбоотой бөгөөд сая төрсөн хүүхдийн тархины жин насанд хүрэгчдийн тархины жингийн 4/1- тэй тэнцэнэ. Гэхдээ тархины мэдрэлийн эсийн тоо томчуудтай ойролцоо боловч гүйцэт боловсорч амжаагүй байдаг.
Хүүхэд төрсөн цагаасаа эхлэн суралцдаг.

Эрүүл хэвийн хөгжилтэй нярай хүүхдэд илрэх рефлексүүд


Рефлекс
Тайлбар
Устаж үгүй болох хугацаа
Хамгаалах рефлекс
Арьсанд хүчтэй цочроогч өгөхөд (жишээ нь тариа, халуун зүйл) гэнэт цочиж хөдлөх, чичрэх, нүүр хөмсгөө атируулах, нүдээ цавчлана.

Хүзүүний чангарах рефлекс
Нуруугаараа хэвтэж байгаа хүүхдийн толгойг хажуу тийш болгоход хүүхэд толгойг нь харуулсан зүгт гар, хөлөө татаж нөгөө талынхаа гар, хөлийг нугална.
Ихэвчлэн амьдралын 4 дэх сараас хойш
Алхах рефлекс
Хүүхдийг босоо эгц барьж тавхайг нь хатуу гадаргуунд тулгаж, их биеийг нь урагш болгоход түүний хөлний хөдөлгөөн явж буй мэт хөдөлгөөнийг санагдуулна.
Амьдралын 2 эсвэл 3 дахь сараас хойш
Тулах рефлекс
Алхах  рефлекстэй төстэй, хүүхдийн хөлний ул ширээний өнцөгт хүрэхэд зогсох оролдлого хийнэ.
Амьдралын 2 дахь сараас хойш
Сарвууны атгах рефлекс
Хүүхдийн гарын алганд харандаа эсвэл хуруугаа хүргэхэд хүүхэд түүнийг чанга атгах ба харандаа эсвэл хуруугаа түүний гараас авах гэхэд улам чанга атгана.
Ихэвчлэн амьдралын 5 дахь сараас хойш
Бабкины рефлекс
Хүүхдийн шгарын алга болон шууг /бугуй /дарахад хүүхэд амаа ангайлгаж, цочроогчийн зүгт толгойгоо эргүүлж, нүдээ анина.
Амьдралын 4 дэхь сараас хойш
Тавхайн /өлмий базах/ рефлекс
Сарвууны рефлекстэй төстэй. Хүүхдийн хөлний урд хэсэгт хурууныхаа өндгөөр зөөлөн дарахад тавхайн хуруунуудаа чангалж нугална.
Амьдралын 9 дэхь сараас хойш
Бабинскийн рефлекс
Хүүхдийн тавхайн улны хэсгийг өсгийнөөс хуруу хүртэл илэхэд хөлний том хуруу арагш нугалж, бусад хуруунуудаа дотогш нугална.
Амьдралын 6 дахь сараас хойш
“хөхөө хайх рефлекс”
Хүүхдийн хацранд хүрэхэд цочроогчийн зүгт толгойгоо эргүүлж, ээжийнхээ хөхийг эрж буй мэт амаа ангалзуулна.
Амьдралын 3 эсвэл 4 дэхь сараас хойш
“хөхөх рефлекс”
Хүүхдийн аманд хуруугаа хийхэд хурууг хөхөж эхэлнэ.

Сэлэх рефлекс
Хүүхдийг доош харуулж усанд оруулахад сэлэх хөдөлгөөн хийнэ.
Амьдралын 6 дахь сараас хойш
Нүднээс хүзүү хүртэл рефлекс
Хүүхдийн толгойг араас нь түшилгүй босоо эгц барихад хурц гэрэлд толгойгоо хурдан аргаш болгоно.

Хүүхэн харааны рефлекс
Хурц гэрэлд болон нойрсох үед хүүхдийн хүүхэн хараа нарийсаж харин харанхуйд эсвэл нойрноос сэрэх үед өргөснө.
Амьдралын турш хадгалагдана.
Морогийн рефлекс
Хүүхдийг гэнэт доош буулгах эсвэл дээш өргөхөд тохойгоороо хагас нугалсан түүний хоёр гар хоёр тийш болж, хуруунуудаа сарвайлгана. Дараа нь хоёр гар анхны байдалдаа орж, хуруунуудаа дахин атгана.
Ихэвчлэн амьдралын 4 дэхь сараас хойш

No comments: