Wednesday, October 7, 2015

Билет 3 Сэрэл



Хүрээлэн байгаа юмс үзэгдлийн өнгө зүс, дуу чимээ, үнэр, амт, халуун хүйтэн, хатуу зөөлөн, гөлгөр, барзгар болон бусад олон шинж чанарыг ыид сэтгэхүйн онцгой нэгэн процесс болох сэрлийн тусламжтайгаар танин мэддэг. Сэрэл гэж мэдрэхүйн эрхтэнд тухайн цаг мөчид шууд нөлөөлж байгаа үзэгдэл, юмсын тодорхой шинж чанарын тусгалыг хэлнэ.
 Амьд амьтдын хөгжлийн явцад биологийн чухал ач холбогдолтой анхдагч цочролын үр нөлөөгөөр уг биетүүд дотоод нөхцөл байдал зан үйлээ өөрчлөх явдлыг дагаж анх сэрэл үүсч хөгжсөн гэж үздэг.
Сэрлийн онцлог шинжүүд:
  1.  Зохицох чадвар: Цочроогчийн тасралтгүй болон удаан хугацааны нөлөөллийн үр дүнд задлан ялгагчийн мэдрэмж дээшлэх эсвэл буурах байдал. Жнь: хүйтэн усанд гараа дүрэх 
  2. Эерэг тэсрэг чанар: Сулхан цочроогч нь нэгэн зэрэг үйлдэл үзүүлэхэд бусад цочроогчид сэрж мэдрэх чадварыг дээшлүүлдэг бол хүчтэй цочроогч нь эсрэгээр мэдрэмжийг бууруулдаг. 
  3.  Сэрлийн доод зааг: Задлан ялгагчид хөөрлийг үүсгэн сэрж мэдрэхэд хангалттай байх цочроогчийн хамгийн бага хэмжээ буюу хүч. 
  4.  Сэрлийн дээд зааг: Цочроогчийн мэдрэхийг болих дээд хэмжээ.
  5.  Сэрлийн ялгах зааг: Нэгэн төрлийн 2 цочроогчийн хоорондын эрчмийн өөрчлөлтийг хүн сэрж мэдрэх боломжтой хамгийн бага хэмжээ. 
  6. Сенсибилизаци: Задлан ялгагчийн үйл ажиллагаатай холбоотой их тархины гадрын хөөрлийн нөлөөнд бусад задлан ялгагчдын сэрж мэдрэх байдал нэгэн зэрэг дээшлэхийг хэлдэг. Жишээ нь: хараагүй  хүний сонсголын болон хүрэлцэх эрхтний мэдрэх чадвар өсдөг. 
  7. Дараалсан дүрүүд: Цочроогчийн үйлдэл зогссон ч илрэх сэрлийн үргэжлэл.
Сэрлийн хэлбэрүүд: 
  1. Экстерорецетив буюу гадаад сэрэл: гадаад орчны юмс ба үзэгдлийн шинжийг тусгадаг. Үүнд: харааны, сонорын, үнэрлэх, амтлах, темпратурын, хүрэлцэх гэсэн сэрлүүд байдаг. 
  2. Интерорецептив буюу дотоод сэрэл: Дотоод эрхтнүүдийн байдлыг тусгадаг. Үүнд: өвчний, тэнцвэрийн, хурдатгалын гэсэн сэрлүүд багтдаг. 
  3.  Проприоцептив буюу завсрын сэрэл: Биеийн хөдөлгөөний сэрж мэдэрдэг. Үүнд: булчингийн буюу хөдөлгөөний сэрэл багтана.
Экстерорецептив сэрлүүд нь:
  1. Харааны сэрэл нь өнгө гэрлийг мэдрэн тусгадаг сэрэл бөгөөд энэ нь хүний танин үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэнэ. Хүний бүх гүйцэтгэх үүрэг үйлдлийн 80 орчим % нь харааны сэрлийн хяналтанд хамаарна. Хүний мэдрэхүйн хэсэгт гэрлийн цахилгаан соронзон долгионы үйлдэл нөлөөлсний дүнд харааны сэрэл үүснэ. 
  2.  Сонорын сэрэл ямар нэгэн тодорхой биет зүйлээс үүссэн хөдөлгөөн нь агаарын хэлбэлзлийг үүсгэж байгаа нь чих юм. Чих нь 3 үндсэн хэсгээс бүрддэг. Чихний дэлбээ суваг 2-г гадна чих гэнэ. Гадаад орчинд гарсан дуу чимээ нь гадны чихний сувгаар дамжин дунд чихний хэнгэргийн хальсанд очиж түүнийг доргиулж хэлбэлзэлд оруулан дууны долгиог үүсгэнэ. 
  3. Үнэрлэх сэрэл биднийг хүрээлэн байгаа юмс үзэгдлүүд өөртөө тусгай үнэртэй байдаг. Үнэхээр бид өөрийгөө хүрээлэн байгаа орчинтой баримжаалан амьдарна. Үнэртэх сэрлийг үүсгэгч цочроогч нь шингэн зүйлд уусах химийн бодис юм. Үнэрийг сэр мэдрэх эсүүд нь хамрын хөндийн дээд хэсэгт орших салст бүрхүүвчинд байрласан булцруунууд юм. Үнэрийг мэдрэх төв нь тархины гадрын өмнөд хэсэгт оршино. 
  4. Амтлах сэрэл нь чихэрлэг гашуун исгэлэн шорвог гэсэн 4 хэсэгт хуваагдана. Эдгээр амтыг амтлах эрхтэн харилцан адилгүй хүлээн авна. Жишээ нь: хэлний үзүүр хэсгээр чихэрлэг зүйлийг, дундуур гашуун зүйлийг, хэлний 2 хажуугаар шорвог, хэлний угаар исгэлэн зүйлийг тус тус сэрж мэдэрнэ. 
  5. Темпратурын сэрэл нь халуун хүйтний сэрэл юм.  
  6.   Хүрэлцэх сэрэл буюу арьсны сэрэл нь нь булчин хөдөлгөөнтэй холбоотойгоор юмсын чанарын онцлогууд гөлгөр барзгар, нягтшил зэргийг тэмтрэн тусгахын зэрэгцээгээр, биед юмсын шүргэх байрлал, хэмжээг тусгадаг.
Интерорецептив сэрлүүд нь:
  1.   Өвчний сэрэл нь хүний бие махбодын бүтэц, үйл ажиллагаанд ямар нэгэн өөрчлөлт орсноос болж мэдрэхүй гадаад, дотоод эрхтэний үйл ажиллагааны хэвийн байдал алдах процессыг сэрж мэдрэхийг өвчний сэрэл гэнэ. Өвчний сэрэл нь гаднаас үзүүлсэн хэт хүчтэй цочролын үндсэн дээр илэрнэ.
  2.  Тэнцвэрийн сэрэл нь хүний биеийг орон зайд зөв тэнцвэртэй удирдан зохицуулахад чухал үүрэг гүйцэтгэнэ. Тэнцвэрийн сэрлийн аппарат дотоод чихэнд оршино. Дотоод чихэнд орших хагас дугариг хэлбэртэй сувгийн дотор байрласан шингэн зүйл нь биеийн тэнцвэрийг зохицуулдаг байна. 
  3. Хурдатгалын сэрэл нь хүний хөдөлгөөнд үүсэх төвд тэмүүлэх, төвөөс түгэх хүчийг тусгах сэрэл юм.
Проприоцептив сэрэл нь:
            Хүний биеийн байдал болон хөдөлгөөнийг мэдрэх сэрлийг хөдөлгөөний сэрэл гэнэ. Хөдөлгөөний сэрлийн хүлээн авагч нь булчин, шөрмөс, биеийн үе мөчид байрласан байна. Хөдөлгөөний сэрлийн тусламжтайгаар хүн орон зайд ямар нэгэн тодорхой үйлдэл хийж түүнтэй өөрийгөө зөв зохицуулна.
            Жич: Тархийг гадаад ертөнцтэй холбож гаднаас ирж байгаа дохиог хүлээн авч тархинд дамжуулдаг тусгай сувгууд үйлчилж байдаг. Энэхүү сувгийг И.М Павлов “Анализатор буюу задлан ялгагч гэж нэрлэсэн.”

No comments: