Thursday, October 1, 2015

Гадаадын Их дээд сургуулийн оюутнуудын мэргэжлийн ёс зүй төлөвшил




   Мэргэжлийн ёс зүйн түлхүүр нь мэргэжлийн хариуцлага бөгөөд энэ ёс зүйн хариуцлага нь тусгайлсан нэг мэргэжлийн мэдлэгийн суурин дээр тулгуурлана гэсэн үг. Ёс зүйн хариуцлага гэдэг нь даруу төлөв, үнэнч, амьдралын үнэн зөв байдлаас илүүтэй ойлголт юм.

ОХУ-ын оюутны ёс зүйн төлөвшил

          ОХУ нь 1990 оноос хойш социалист нийгмийн тогтолцооноос татгалзаж төрийн зохицуулалт бүхий зах зээлийн эдийн засагт шилжсэн.
         Орос орон нэгдмэл нэг соёлтой биш, харин олон үндэстэн ястны олон төрлийн соёл, ёс заншлын цуглуулга гэж болохоор юм. Газар нутаг болгон өөр өөрийн шашин шүтлэгтэй. Ийм нөхцөл байдалд нэгдсэн нэг ёс зүйн хэм хэмжээнд бүгдийг барих нь нилээн бэрхшээлтэй ч ёс зүйн хэм хэмжээг оюутан сурагчид, залуучуудад төлөвшүүлэх арвин туршлага, уламжлалтай.
Тухайн мэргэжлийнх нь хүрээнд сонгосон мэргэжлийн шинжлэх ухааны бүтээлүүдтэй танилцуулах, суурь шинжлэх ухааны сурвалжуудыг судлуулах, оюутны эрдэм шинжилгээний ажилд бүрэн оролцуулах, эрдэм шинжилгээний бага хуралд илтгэл тавиулах, өөрсдийн болон бусад оюутны ажилд дүн шинжилгээ хийж сурах, өөрийн бодлоо илэрхийлж сурах зэрэг ажлыг зохион байгуулдаг байна. Оюутан суралцагчдын дунд явуулсан олон төрлийн зорилго чиглэл бүхий судалгаануудын үр дүнд үнэлэлт өгсөн бөгөөд ОХУ-ын оюутнуудыг ёс зүйн хэм хэмжээ болон ёс суртахууны төлөв байдлын дутагдалтай байдлаас гарахын тулд баруунынхны ёс зүйн баримтлалыг даган мөрдөх, системтэй ажил зохион байгуулах хэрэгтэй гэж олон эрдэмтэд үзсэн. 2003 онд эрдэмтдын явуулсан судалгаагаар оюутнуудын ёс зүйн хандлагууд болон заалгаж буй хичээл хооронд сөрөг харилцаа байгааг илрүүлсэн. Сүүлийн үед баруунд дэлгэрээд байгаа ажилд орохыг хүсэгчдийг ахлах сургууль, коллежид, их дээд сургуульд ямар ёс суртахуунтай хүмүүжиж байсан тодорхойлолт шаарддаг байдлыг нэвтрүүлэх нь зүйтэй гэсэн нэгдсэн саналд хүрсэн. Хэрэв оюутнуудад мэргэжлийн ёс зүй зөв төлөвших юм бол нийгмийн хөгжлийн чиг, үзэл бодол дээшлэхэд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэнэ гэсэн нэгдсэн нэг үзэл бодолтой.

БНХАУ-ын оюутны ёс зүйн төлөвшил

          Эртний Хятадын ёс зүй нь байгаль ба нийгэмд оршин буй бүх юм Ян, Инь гэдэг эсрэг тэсрэг хоёр ойлголтоор /гэрэл-харанхуй, хатуу-зөөлөн, эрэгтэй-эмэгтэй/ г.м тайлбарлагддаг. Энэхүү эсрэг тэсрэг хоёр хүчний хослолоос тэнгэр, газар, аянга, ус, салхи, мод, гал өөрөөр хэлбэл, ертөнцийн юмс үзэгдэл бий болсон. Энэ бүхэн нийлж материаллаг зүйлийг бүтээдэг гэж үздэг. Энэхүү материалист үзэл дээр тулгуурлан ёс зүйн сургаалиа гаргасан.   
         Хятадын эртний соёл Кунзын сургаалтай нягт уялдаатай бөгөөд энэхүү үндэс суурь дээр боловсролын систем нь тогтож ирсэн. Кунзын сургаалиар бүх хүмүүс адилхан потенциалтай бөгөөд зөв хөгжүүлж чадвал ямар ч өндөр үр дүнд хүрч болно гэж үздэг. Хүмүүсийн хоорондын харилцааны асуудалд хүмүүжлийн асуудал гол байр суурь эзэлдэг. Тиймээс тухайн үеийнхээ нийгмийн ёс суртахууныг шүүмжлэхдээ ирээдүйг биш, өнгөрснийг чухалчилж байв. Ёс заншлаа мэдэж, биелүүлж байгаагаар хүний хүмүүжил илүү харагдана гэж Кунз үздэг. Ёс заншил нь хүн үүргээ биелүүлэх, үнэнч шудрага байх, хүнд итгэл үзүүлэх гадаад илрэл юм. Ёс суртахуун нь мэдлэгийн төвшингөөрөө ялгагдана хэмээн сургаалдаа өгүүлдэг. Дэлхий нийт Хятад улсыг Кунзын сургаалтай нь хамт хүлээн авдаг.
           Орчин үеийн Хятадын амьдрал нь дэлхийн эргэн тойрон дахь амьдралаас тийм ч ондоо биш. Шанхай юмуу Бээжин гэх мэт урд зүгийн хотууд нь барууны соёлд илүү автсан байдаг. Хятад орны боловсролын систем нь баруун Европын орнуудынхыг бодвол илүү их дэг жаягтай, эртний ёс заншилтайгаа уялдаа холбоотой байдаг. Чөлөөтэй ил тод байдаг гэхээсээ илүү багш оюутнууд хоорондын харилцаа, хүндлэх ёс горимыг эрхэмлэдэг.
          Хятадад оюутны авьяас чадварыг ихэд анхаардаг бөгөөд мэргэжлийн ёс зүйн практик талыг илүүтэй авч үздэг. Сургууль тус бүр хэд хэдэн сэтгүүл гаргаж, хүмүүс хоорондын харилцан ойлголцол, нийгмийн тухай сайтар бичиж, заавал мөрдөх ёс зүйн дүрмийг сэтгүүл сонин дээр энгийн нэгэн оюутны амьдрал дээр жишээ аван өгүүллэг маягаар бичээд нээлттэй хэлэлцүүлэг явуулдаг. Энэхүү хэлэлцүүлэг зөвлөмжид ухаалаг байдал, амлалтаа хэрэгжүүлэх явдал, хүн хүнээ хүндлэх явдал, шудрага байдлыг ил биш далд санаагаар номлодог. Сургууль бол оюутныг мэдээллээр ханган, хамт олон гэдэг ойлголтыг суулгаж өгдөг. Эвт шоргоолжны үүрний үлгэрийг санагдуулахуйц ажлыг байнга зохион байгуулдаг.

АНУ-ын оюутны ёс зүйн төлөвшил

         Олон хүн АНУ нь эрх чөлөөний орон болохоор хүн бүр хүссэнээ хийж, ёс зүйн дүрэм журам, ёс суртахуун, зарчимгүйгээр аж төрдөг гэж боддог. Үнэн хэрэгтээ Америкийн соёл, ёс заншил, хөгжил дэвшил, соёл тэр тусмаа түүх, шашин, утга уран зохиол, хөгжим уран зураг нь хоёр хүчтэй эх сурвалжаас үүсэлтэй. Эртний өндөр хөгжилтэй буурал Европын Английн ёс заншил болон нутгийн унаган иргэдийн соёлын өв дээр тулгуурлагдан боссон энэхүү соёл нь өнө эртний гаралтай биш ч үндэсний өвөрмөц онцлог бий болгон, сүсэг бишрэл, ёс заншил, баяр ёслолын өдрүүдтэй, сургаж номхруулсан цагаачид, колончлол, гаалийн өндөр шалгалт гэх мэт олон зүйлийг бий болгосон.
         Америкийн олон эрдэмтэд хүн хүүхэд ахуй цагаасаа ёс зүйн ерөнхий зарчмуудыг өөртөө төлөвлүүлж, өөрийн амьдралын чиг шугамаа болгож чадвал цаашид энэ хүнд мэргэжлийн ёс зүй гэж нарийвчлан хичээл ороод байх хэрэггүй гэдэгт санал нэгддэг.Үнэнч сэтгэл бүрэлдэн тогтсон хүн ямарч мэргэжлийн эзэн болж чаддаг хэмээн нотолцгоодог. Гэхдээ үнэнч байдлыг яг ингээд сургадаг гэсэн дүрэм байхгүй, харин хэрэв та жинхэнэ үлгэр жишээ ч иргэн төрүүлэхийг хүсэж буй бол өвөөгөөс нь эхэл гэсэн зарчмыг баримтлах нь зүйтэй гэж үздэг. Энэ нь гэр бүлийн хүмүүжил, халамж анхаарлаас бүгд эхэлнэ гэсэн үг.
         Америкт 1-6р ангид, дунд сургуулийн 7-9 ангид ёс зүйн хичээл нь тусгай хичээл болон ордог. Ёс зүйн хичээлийн гол зорилго нь сурагчдад ёс суртахууны мэдлэг олгох, ирээдүйд зөв хүн болгож хүмүүжүүлэх явдал юм.

  • Бие авч явах байдал 
  • Өөрийнхөө хийж чадах зүйлийг өөрөө хийх /3-4анги/ 
  • Ажилч хөдөлмөрч байх /1-2 анги/ 
  •   Бусдын хийсэн зүйлийг магтаж урамшуулах /3-4анги/ 
  •   Амьдралыг сайн сайхнаар үзэх үзэл/3-4 анги/ 
  •   Эрх чөлөөг эрхэмлэх /3-4 анги/ 
  •   Эмх цэгц, дэс дараалалтай байх /5-6 анги/ 
  •   Өөрөө өөрийгөө хөгжүүлэх, бусдаас суралцах /5-6 анги/ 
  •    Амлалтаа биелүүлж байх /5-6 анги/ г.м

          Америкийн дунд сургууль, коллеж, их сургуульд ёс зүйн хичээл заадаг. Гэхдээ оюутан мэргэжлээ сонгоогүй байхад нь ёс зүй нь бүрэлдэн тогтсон байдаг тул мэргэжлийн ёс зүй нь энэ нь юм шүү гэдгийг л их дээд сургуульд нь цэгцэлж өгдөг.
      
БНСУ-ын ёс зүйн төлөвшил
            БНСУ-ын нийгэмд зүүн азийн болон Өрнөдийн ёс зүй зэрэгцэн оршдогоос гадна Күнзийн сургаал, Таоизм болон Буддагийн сургаал олон ёс заншилд нь үлдсэн байдаг. Солонгос улсад мэргэжлийн ёс зүйг ёс зүйн гэрээ, нийгмийн гэрээ, мэргэжлийн этикет гэсэн гурван багц ойлголтоор авч үздэг. Мэргэжилтэнд дараах шаардлагыг тавьдаг.
·         Бусдын эрх зөрчихгүй байх
·         Харилцааны өндөр соёлтой байх
·         Хариуцлага хүлээх чадвартай байх
·         Нийгмийн идэвхи сайтай байж бусдад үлгэр дууриал болох
·         Хийж буй ажил нь хуулийн хүрээнд байх гэх мэт шаардлагыг тавьдаг.
       Албан хаагч зохимжгүй хувцаслан, ёс суртахуунгүй бүдүүлэг аашлах, эрх мэдлээ буруу ашиглах, буруу зүйлд сэжиглэгдэх, аливаа ажил хэрэгт дур зоргоор аашлан шийдвэр гаргах нь байж болохгүй зүйл гэж тооцогддог. Албан хаагчийн ёс зүйд нийцэхгүй гэж мэдсээр байж хүний биед халдах, алан хядах үйл ажиллагаанд оролцох, сэтгэл санаагаар дарамтлах, авилгал авах гэх мэтийн хууль бус үйлдэл гарах тохиолдол бий бөгөөд үүнд солонгос улсын засгийн газар болон боловсролын яамнаас тухайн албан хаагчийг ажлаас халах, онцгой тохиолдолд ял эдлүүлэх арга хэмжээг нийтийн өмнө ил тодоор авч нийгэмд, хамт олонд нь жигшүүлэх арга хэмжээ авч хэрэгжүүлдэг байна.
        Оюутны ёс зүйн үүрэг хариуцлага, сурч буй мэргэжлийнх нь талаарх мэдээллүүд сайтад байрласан байдаг. Солонгосын оюутан залуусыг Европын орнуудын оюутнуудтай харьцуулбал ёс зүйн төлөвшил сайн гэж үздэг.  


No comments: