Saturday, November 7, 2015

Билет 11 Зориг ба сэтгэлийн хатуужил



Сэтгэлийн rтэнхээ зориг гэдэг нь хүний өмнөө тавьсан зорилгодоо хүрэхэд өөрийн бүх хүчийг дайчлах, өөрийн зан үйлийг ухамсартайгаар жолоодох чадвар юм. Өмнөө тавьсан зорилгоо хэрэгжүүлэх үйлдэлд сэтгэлийн тэнхээ зориг илэрдэг. Зориг бол хүний хувирашгүй заяагдсан төрөлхийн чадвар бус сургалт хүмүүжил нийгэм хөдөлмөрийн явцад тогтож хүмүүжигддэг зүйл юм.
Сэтгэлийн тэнхээ, зоригийн үйлдлийн өвөрмөц онцлог:
         Ухамсарлагдсан зорилго тэмүүлэл – Тодорхой зүйлийг гүйцэтгэхийн тулд хүн ухамсартайгаар өөрийнхөө өмнө зорилго тавьж, түүнд хүрэхийн тулд өөрийгөө дайчлах ёстой.
         Сэтгэхүйтэй холбоотой – Бүхнийг хүн сайтар бодож тунгаан, төлөвлөсөн тохиолдолд ямар нэгэн үр дүнд хүрэх ба түүний төлөө өөрийгөө дайчилж чадна.
         Хөдөлгөөнтэй холбоотой – Хүн өөрийнхөө зорилгыг гүйцэтгэхийн тулд ямагт хөдөлж, идэвхтэй хэлбэрээ өөрчилж байдаг.
Зоригийн үйлдлийн үндсэн үечлэл:
Зориг нь үйл ажиллагааны хувьд хэд хэдэн үе шатанд ангилагдана. Үүнд:
         Тэмүүллийг ухамсарлах
         Зорилго болоод арга замыг олох
         Шийдвэрлэх
         Шийдвэрийг биелүүлэх гэсэн 4 хэсэгт үечлэн үздэг.
Тэмүүлэл: Зоригийн аливаа үйл ажиллагаа тэмүүллээс эхэлдэг байна. Тэмүүлэл бол хүний хэрэгцээ шаардлагаас шалтгаалж, түүнийгээ хангахын тулд сэтгэл хөдлөлөөр илэрч гардаг. Гэвч тэмүүлэл нь ухамсарлагдан ойлгогдсоныхоо хувьд харилцан янз, янз байж болох бөгөөд энэ нь хэрэгцээний байдал хүний мэдлэг боловсрол, амьдралын туршлага, сэтгэцийн баялаг хөгжлөөс хамаарах юм. Ер нь тэмүүлэл хир зэрэг ухамсарлагдсан байна гэдгээр нь түүнийг санаашрал, хүслэн гэж ялгаж үзнэ. Санаашрал гэдэг бол тухайн амьдралын нөхцөл байдалдаа зохилдож нийцээгүй, уйтгарлан ганирхсан байдлаас шалтгаалж гарч ирэх боловч чухам тэр хүн юуг хүсч , мөрөөдөж байгаа нь илэрхий тод бус байхыг хэлнэ. Иймд санаашрал бол зорилго ба түүнд хүрэх арга замыг сүвэгчлэн олж чадаагүй буюу бүрэн ухамсарлагдаагүй тэмүүлэл юм.
Зорилго ба арга замыг шилэх: Тэмүүллийнхээ хэрэгцээт гүйцэтгэн биелүүлэхийн тулд түүний зорилго, зорилтоо биелүүлэх арга замыг урьдчилан сонгон авах явдал шаардагдана. Жишээ нь: сайн тамирчин болохын тулд чухам ямар арга зам байгааг сонгон авахгүйгээр уг хүслээ биелүүлж чадахгүй юм. Иймд зорилгоо мэдсэн байх, арга замаа олсон байх явдал нь зоригийн үйлчилгээнд орохын нэг үндсэн нөхцөл юм. Зорилго арга замыг шилж авах нь төдийлөн шулуун шууд бүтчих зүйл бас бишээ. Учир нь хүнд нэгэн цаг үед олон талын хэрэгцээ шаардлагаас хамаарч нэгэн зэрэг хэд хэдэн тэмүүлэл мөргөлдөн тулгарч болох юм. Тодорхой зорилго буюу арга замыг сонгон авах явдал заавал учир шалтгааны холбоотой, үндэстэй байдаг байна. Зорилго арга замыг шилж авах нь хүний ертөнцийг үзэх үзэл, ёс суртал, сонирхол, сэтгэцийн хөгжил баялагтай холбоотой. Иймд хүмүүсийн үйлдэж гүйцэтгэж, мэрийж тэмцэж байгаа үйл ажлаар нь тэр хүний зан авир болон ухамсар, үзэл санааг нь тодорхойлж болох юм.
Шийдвэрлэх: Зорилгод хүрэх арга замыг шилж, түүнийгээ биелүүлэхийн тулд бат шийдвэртэй байх нь чухал. Иймд тууштай тогтвортой шийдвэрийг зоригийн сайн тал гэж үздэг. Шийдвэрээсээ амархан буцдаг, өөрчилдөг байх нь зоригийн хөнгөн зоригийн шинж бол хүний зан авир, хүмүүжил, ертөнцийг үзэх үзлийн хэлбэржилт, ёс суртахууны тогтвортой холбоотой юм.
Шийдвэрийг биелүүлэх: Шийдвэрээс үйл ажиллагаанд хүрэхийг шийдвэр биелүүлэх гэнэ. Чухам түүнийгээ хэрхэн, яаж биелүүлж байгаагаар нь зоригийн жинхэнэ мөн чанар танигдах юм. Шийдвэрийг биелүүлэх нь зоригийн гол зангилаа юм. Шийдвэрээ тухай бүрт нь биелүүлдэг хүнийг зоригтой хүн гэдэг. Зоригийн хүч нь хүний төрөлхийн өгөгдсөн чанар бус харин обьектив болон субьектив олон хамаарал нөхцлөөс шалтгаалж байдаг.
Зоригийн хүч: Энэ нь нервийн системийн тухайн үеийн байдалтай холбоотой байдаг ба айсан, санаа зовсон аль эсвэл шийдсэн, хүссэн гэх мэт сэтгэл хөдлөлийн тухайн нөхцлөөс хамаарч илэрнэ.

No comments: