Saturday, November 7, 2015

Билет 13 Зан төлөв



Зан төлөв нь хүний хувийн онцлог, үзэл бодол, харилцаа хандлага, үйл хэрэг түүний үйлдэл, ймьдралийн янз бүрийн нөхцөл үйл явдалд хариу үзүүлэх үндэс болж байдаг бие хүний тогтвортой шинжүүдийн цогц бүрдэл юм.
Хүмүүсийн зан төлөв авир ариншингаас ялгаатай нь мэдрэлийн тогтолцооноос бус харин тухайн хүний соёлын түвшин, нийгэм, зан үйл, ёс суртахууны байдлаас хамаардаг ба хүнд удамшин үлддэггүй. Зан төлөв нь зөвхөн сэтгэл зүйн үзэгдлийн цогц биш харин тухайн хүний дараах зүйлд хэрхэн хандаж байгаа байдлаар илэрдэг. Үүнд:
         Бусад хүмүүст хандах хандлагаар /хувиа хичээсэн, бусдын төлөө, хамт олонч, түрэмгий, найрсаг, хүндэтгэлтэй, шударга, шударга бус, яриа, зожиг/
         Өөртөө хандах хандлагаар /өөртөө шаардлагатай, шүүмжлэлтэй хандах чадвартай, өөрийгөө зөв үнэлдэг, өөртөө итгэлтэй өөрийгөө хөгжүүлдэг/
         Үйл ажиллагаанд хандах хандлагаар /Залхуу, хөдөлмөрч, идэвхтэй, идэвхгүй, санаачлагатай, зохион байгуулалттай, зохион байгуулалтгүй, хариуцлагатай, хариуцлагагүй, тэвчээртэй, тэвчээргүй гэх мэт/
         Хүрээлэн буй орчин, эд юмсд хандах хандлагаар /цэвэрч, нямбай, эмх цэгцтэй, хямгач гэх мэт/
Зан төлвийн сөрөг дутагдалтай шинжийг засах гол арга нь өөрөө өөрийгөө хүмүүжүүлэх хүмүүжил юм.
Хүний зан төлөвт дараах онцлогууд багтдаг. Үүнд:
         Ёс суртахууны – хамт олонч, биеэ даасан, үнэнч, даруу төлөв гэх мэт
         Сэтгэл хөдлөлийн – Авхаалжтай, зөөлөн сэтгэлтэй, өөдрөг гэх мэт
         Оюун ухааны – Аргатай овтой, итгүүлэх чадвартай гэх мэт
Хүний зан төлөв нь:
         Харьцангуй эхэн үед төлөвшиж, амьдралын цаашдын явцад энэ нь тогтвортойгоор илрэн гардаг.
         Илрэн гарч буй шинжүүд нь зан төлвийн хэв шинжийг бүрдүүлдэг.
Энэхүү хэв шинжээс хамааран хүний зан төлөв нь 3-н бүлэг хүмүүст хуваагддаг. Үүнд:
         Хэвийн хүн – Гэр бүлийн таатай орчинд хүмүүжсэн, суурь хүмүүжил сайтай, эмх журамтай, зан төлөв нь тогтвортой, тайван хүн.
         Хээтэй хүн – Хэвийн ба эмгэг согогтой хүмүүсийн завсрын хүн ба улирлын байдлаас болж зан төлөв нь өөрчлөгддөг. Энэ нь өвөл, зун хэвийн, хавар, намар хэвийн бус байдаг.
         Согогтой хүн – Гэр бүлийн таагүй орчинд хүмүүжсэн, хүмүүжлийн суурь эвдрэлтэй, өсвөр насандаа буруу бүлэгт харъяалагдсан, зан төлөв нь тогтворгүй, сэтгэлийн тэсвэргүй, тайван бус хүн.
Хүний зан байдал тогтоход эмзэг үе нь 2-3, 9-10 нас гэж үздэг. Учир нь эдгээр нас нь идэвхтэй харилцааны үе юм.
2-3  нас голлох үйл ажиллагаа: тоглох, даган дуурайх, оюуны чиг хандлага эрчимтэй,
9-10 нас орчин солигдох үе буюу эмзэг үе харилцааны хүрээлэл тэлэх үе.

No comments: