Wednesday, November 4, 2015

Билет 9 Хэлэхүй



Хүн төрөлхтөнд биологийн болон нийгмийн удамшлаар заяагдсан харилцааны гайхамшигт зэвсэг бол хэл ба хэлэхүй юм. Хэлэхүй гэдэг нь мэдээллийг дамжуулах болон хадгалахын тулд хүний хэрэглэж байгаа дуун дохио болон бичгийн тэмдэг зэрэг тогтолцоог хэлнэ. Хүн маш богино хугацаанд хэл хэлэхүй хоёрыг эзэмшдэг бөгөөд үүний тусламжтайгаар өмнөх үеийнхээ туршлагыг өвлөн авдаг. Хэлэхүйн тусламжтайгаар  сэтгэхүй, оюун ухаан хөгжинө. Хэл бол хүмүүсийн харилцааны гол хэрэглүүр үгсийн тэмдгийн систем юм. Үгээс хэл, хэлээс хэлэхүй үүснэ. Хэл ба хэлэхүй нь нийгэм түүхийн туршлагыг дамжуулах болон хадгалах үүрэг гүйцэтгэнэ. Мөн хүмүүсийн хоорондоо харилцах гол хэрэглүүр болдог. Анхаарал, ой тогтоолт, сэтгэхүй ба хүртэхүй, ургуулан бодох, дүрслэн бодох зэрэг чухал процесс нь гагцхүү хэл ярианы тусламжтайгаар явагдана. Хэлний тухай хэл шинжлэл “лингвисстика” судалдаг бол хэлэхүйн тухай “психология” судалдаг.
Хэлэхүйн шинж чанар нь:
·         Өөртөө заавал агуулга бүхий байдаг
·         Ойлгомжтой
·         Уран тод байх
·         Нөлөөлөх хүчин чадалтай байдаг юм. Эдгээрийн аль нэг нь дутуу бол хэл, хүний хэлэх ярихын чадал хангалтгүй байгаагийн илрэл болдог.
Хэлэхүйг илрэх байдлаар нь:
Гадаад ба дотоод гэж ангилна. Гадаад хэлэхүй нь дотроо аман ба бичихүйн гэсэн хоёр том хэсэг болно. Аман хэлэхүй нь дотроо хандсан ба харилцсан хэлэхүй гэж хоёр ангилагдана. Хандсан хэлэхүй нь нэг хүн бусдад хандаж үргэлж үргэлжлэх яриа /радио TV/ бөгөөд нэлээд дэг журамтай бас зориудын шинж чанартай хэлэхүй юм. Харилцсан хэлэхүй бол хэд хэдэн хүн хүүрнэн ярилцаж санал бодлоо солилцдог. Гадаад хэлээр гарч буй нэг төрлийн хэлэхүй бол бичгийн хэлэхүй юм. Энэ бол нэг хүнээс хандан хэлж буй өвөрмөц хэлц мөн. Бичгийн хэл нь аман хэлнээс нилээд хойно гарсан нарийн хэл юм. Дотоод хэлэхүй бол хүний хэл ярианы бас нэг өвөрмөц төрөл юм. Өөртөө ярих, дотроо бодох, хэлэх ярих юмаа урьдчилан төлөвлөхийг дотоод хэлэхүй гэнэ. Дотоод хэлэхүй нь дуудлагагүй бөгөөд өөр өөр онцлогтой. Үүнд:
·         Хэл төвөнх зэрэг эрхтэн хөдөлнө
·         Гадаад хэлэхүйгээс хурдан явагдана
·         Оюун ухааны нарийн үйл ажиллагаа юм.
Хүүхдийн хэлэхүй: Хэлэхүй бол рефлекс шинж чанартай, бас  удамшлын үндэстэй. Танин мэдэхүйн үйл ажиллагаа хөгжих тусам хэлэхүй боловсронгуй болж хөгжинө. Хүүхэд бусдын хэлснийг сонсож ойлгохоос эхлээд өөрөө үг хэлж харилцах хүртэлх зам нилээд төвөгтэй. Хүүхэд 2-3 сартайгаасаа дүнгэнэн дуугарна. Төдхөн юм чагнаж эхийнхээ дууг танина. 6-7 сартайдаа амандаа шулганаж эхэлдэг. Энэ бол хэлж ярих эрхтэн идэвхтэй хөгжиж байгаагийн илрэл юм. Нэг ойтой хүүхэд авиалбар ялгах сонор бий болж хэлд орох анхны идэвхтэй шат бий болдог. 1 ойтой хүүхэд 10-15 үг хэлдэг бол эрдэмтэдийн судалгаагаар 4 настай хүүхэд дунджаар хоногт 12000 үг хэлж, 920 асуулт ээждээ тавьдаг гэжээ.
Гэвч дээрх тооны үзүүлэлт, баримтууд нь орчны нөлөөтэй холбоотой. 

  • Хүүхдийн хэлэхүй хэл яриа дутмаг байхаас урьдчилан сэргийлэх талаар айл өрх, эцэг эх, сургууль, багш нар ихэд анхаарч ажиллах хэрэгтэй. 
  •  Хэлэх ярих, зориг зүрх бий болгож, хүчинд нь итгүүлэх, буруу хазгай ярилаа гээд шоолж гутаахаас сэргийлэх. 
  •  Үгийн нөөц ихтэй болгох, шинэ үг байнга хэлж өгч байх, зарим хэцүү үг өгүүлбэрийн толь хөтлүүлэх. Эцэг эх хүүхэдтэйгээ их ярилцаж асуултанд нь байнга хариулж байх, зурагтай ном, кино, жүжиг тайлбарлан ярьж ойлгуулж байх, үлгэр их ярьж өгөх. 
  •  Үе тэнгийн багачуудтай нь тоглуулах, цэцэрлэгийн хүмүүжүүлэгч багшийн яриаг анхааралтай сонсох дадал хэвшүүлэх. 
  •  Хүүхэд яаруу сандруу ярихаас сэргийлэх. 
  •  Хэлэх ярих зүйлийг нь урьдаас дотор нь бодуулж сургах нь нэн чухал. Энэ нь дотоод хэлэхүй буюу оюун ухааныг нь хөгжүүлэх ач холбогдолтой.

Хэл яриа нь тодорхой утга санаа, доголдлол, тэмүүлэл илэрхийлэх агуулгатай байдаг. Хэл яриа нь үг найруулгын хувьд зөв байж зогсолт, өргөлтийг хэрэглэхэд ойлгомжтой болдог. Хэл яриа сэтгэлийн хөдөлгөөнтэй уялдаатайгаар уран яруу болдог. Хэл яриагаар бусдын бодол санаа, зориг, итгэл, зан байдалд нөлөөлж болно.
Хэл ярианы үүрэг:
1.      Илэрхийлэх
2.      Нөлөөлөх
3.      Солилцох
4.      Нэрлэх
Хэл яриагаар хүн өөрийн бодол санаа, сэтгэлийн доголдлыг илэрхийлдэг ба нөгөө талаас харилцааны боломжийг тэлдэг.

No comments: