Tuesday, February 4, 2020


Сургуулийн бага ангийн сурагчдын сэтгэлзүйн онцлог

Сургуулийн бага нас нь 6 наснаас 11, 12 хүртэлх насыг хамардаг.
Хүүхэд сургуульд орсноор түүний амьдрал, үйл ажиллагаанд эрс өөрчлөлт гардаг. Тухайлбал:
-          Хүүхдийн сэтгэцийн хөгжилд шийдвэрлэх үүргийг гүйцэтгэж байсан тоглох үйл ажиллагаа нь сурах үйл ажиллагаагаар солигдоно. Тоглох үйл ажиллагаатай харьцуулахад энэ үйл ажиллагаа нь хүүхдэд зарчмын цоо шинэ шаардлага тавина. Сурах үйл ажиллагаа нь хүүхдээс бие даасан байдал, хувийн зохион байгуулалт, өөрийн зан үйлийг удирдах чадварыг шаардана.
-          Гэр бүлд хүүхдийн эзлэх байр суурь өөрчлөгдөнө. Одоо хүүхэд цэцэрлэгийн “жаалхан” хүүхэд биш, харин сургуулийн сурагч болно. Гэр бүлийн гишүүд хүүхдийн сурах үйл, хичээл зүтгэлийг хүндлэхийн зэрэгцээ түүнд илүү өндөр шаардлага тавих болно.
-          Хүүхэд нь насанд хүрэгчид болон үе чацуутантайгаа харилцах харилцааны шинэ хэв маягт шилжинэ. Сургуульд багш хүүхдийн хувьд хамгийн чухал хүн болно. Эхний үед багш хүүхдийн хувьд танихгүй хүн байх учраас хүүхдэ түүнээс өөрийн эрхгүй айж эмээнэ. Бусад сурагчидтай тогтоох хүүхдийн харилцаа ч мөн эхний үед хялбаргүй байна. Сургуулийн амьдралд дасан зохицох үеийг бүх хүүхдүүд хялбар даван туулахгүй.
-          Амьдралын шинэ дэглэм тогтоно. /тогтмол цагт босох, гэрийн даалгавар хийх/
Нэг талаас бага ангийн сурагчид сургуулийн өмнөх насны хүүхдүүдийн адил:
-          Хөдөлгөөнтэй
-          Гэнэн хонгор
-          Анхаарал нь амархан сарнидаг
-          Удаан хугацааны турш нэг зүйлд төвлөрч чаддаггүй
-          Хөөрөл ихтэй
-          Сэтгэлийн хөдөлгөөн ихтэй байдаг онцлогтой
Нөгөө талаас энэ насанд:
-          Зан төлөвийн шинжүүд төлөвшинө
-          Сонирхол, хэрэгцээ, үнэт зүйлс өөрчлөгдөнө
-          Үе чацуутантайгаа харилцах харилцаа сонгох шинжтэй болно.
-          Ертөнцөд танин мэдэх үүднээс хандах хандлага төлөвшинө
-          Авъяас чадвар нь ялгавартай болж хөгжинө
-          Сурагчийн дотоод байр суурь төлөвшинө
Сургуульд орсноор хүүхдийн хөгжлийн нийгмийн нөхцөл үндсээрээ өөрчлөгдөнө. Одоо хүүхэд “нийгмийн субъект” болж нийгмийн ач холбогдол бүхий үүрэг хүлээнэ. Тэрхүү үүргийн биелэлт нь нийгмийн үнэлгээ авах болно.
Сургуулийн бага насны зонхилох үйл ажиллагаа нь сурах үйл ажиллагаа болно. Учир нь:
-          Сурах үйл ажиллагаагаар дамжиж нийгэмтэй харьцах хүүхдийн харьцаа нэмэгдэнэ.
-          Сурах үйл ажиллагааны хүрээнд хүүхдийн хувийн чанарууд болон сэтгэцийн процессууд төлөвшинө.
Ертөнц нийгэм, бусад хүмүүс болон өөртөө хандах хүүхдийн хандлага харилцаа нь сурах үйл ажиллагааны явцад төлөвшдөг. Энэ харилцаа нь сургалтын агуулга, арга, сургууль, анги хамт олон, багшид хандах хандлага харилцаагаар илэрнэ. Бага ангийн сурагчдын нийгэмшихүйн чухал хүчин зүйл бол насанд хүрэгчдийн зүгээс тэдний сурлагын амжилт, сахилга бат, хичээл зүтгэлд нь хандах хандлага байдаг.
Сурах үйл ажиллагааны хүрээнд хүүхдийн хөгжлийн ололтыг тодорхойлох, насны дараагийн үе шатны хөгжлийн тулгуур болох сэтгэлзүйн шинэ бүрдэл шинжүүд үүснэ. Үүнд:
Сэтгэцийн процессуудын зориудын шинж. Системтэй сургалтын үйл ажиллагаанд шилжсэнээр хүүхэд өдөр тутам даалгавар хийх, тоо бодох, багшийн тайлбар сонсох зэргээр сурагчийн үүргийг биелүүлж аажмаар хүссэн зүйлээ биш, харин хэрэгтэй зүйлээ хийж сурдаг. Үүний үр дүнд сэтгэцийн процессуудын зориудын шинж төлөвшинө.
Хийж гүйцэтгэж байгаа үйл, үйлдэл, үйл ажиллагаагаа ухамсарлан ойлгох, тайлбарлах чадвар. Энэ нь аажмаар хүүхдийг “би юу хийсэн бэ?” “Би зөв хийж чадсан уу?”яагаад зөв хийж чадсан гэж бодож байна?” гэдгийг үнэлэх чадварт сургадаг. Ингэж хүүхэд өөрийгөө “хөндлөнгөөс” ажих, өөрийн үйл ажиллагааг үнэлэх чадвартай болно.
Үйлдлийн дотоод төлөвлөлт
Сургуульд орсон эхэн үед сургалтын явцад хүүхдийн хувьд бодит эд зүйлс, загвар, зураглалд тулгуурлах явдал чухал байдаг. аажмаар хүүхдүүд эд зүйлсийг үгээр орлуулж, юмсын дүрийг тогтоох чадвартай болно. Сургуулийн бага насны төгсгөлд сурагчид аливаа үйлдлийг оюун ухаандаа хийх чадвартай болдог.
Сургуулийн бага насанд хүүхдийн танин мэдэх хэрэгцээ хөгжиж, хүрээлж буй бодит байдлыг идэвхитэй сонирхох, шинэ мэдлэг, чадвар эзэмших гэсэн хүсэл тэмүүлэл төлөвших нөхцөл бүрдэнэ. Энэ нас нь танин мэдэх процессууд эрчимтэй хөгжих, чанарын хувьд өөрчлөгдөх үе юм.
Сургуулийн бага насанд өөрийн зан үйлийг зориуд зохицуулах чадвар чанарын хувьд өөрчлөгдөнө. Энэ үед “хүүхэд насны гэнэн хонгор байдал” /Л.С. Выготский/алдагдаж, хүүхдийн сэдэл, хэрэгцээний хөгжил шинэ төвшинд гарна. Ингэснээр хүүхэд нийгмийн хэм хэмжээ, зан үйлийн дүрэм горимыг удирдлага болгох чадварт суралцдаг.
                                   Сургуулийн бага насны сэтгэл зүйн онцлог      
-          Зонхилох үйл ажиллагаа нь сурах үйл ажиллагаа
-          Танин мэдэх процессуудын бүтээмж, зориудын, тогтвортой шинж төлөвшинө.
-          Зан үйл, үйл ажиллагаагаа зохицуулах чадвар хөгжинө.
-          Зоригийн чанарууд хөгжинө.
-          Унших, бичих, тоо бодох чадвартай болж, олон талын мэдлэг хуримтлуулна.
-          Гэр ахуйн хөдөлмөрийн дадал эзэмшинэ.
-          Харилцааны хүрээ тэлнэ.
-          Багш, ангийн хүүхдүүдтэй харилцах харилцаа төлөвшинө.
-          Бусад төрлийн үйл ажиллагаанд идэвхитэй оролцоно.
-          Багш нарын үнэлгээ болон сургалтын амжилтанд үндэслэж өөрийн үнэлгээ төлөвшинө.
-          Өөрийн дотоод ертөнцөд төвлөрөх чадвар хөгжинө.
-          Бодит байдалд танин мэдэх үүднээс хандах шинэ хандлага төлөвшинө.
-          Өөртөө итгэх итгэл төлөвшинө. Харин сурах үйл ажиллагааны явцад бэрхшээлтэй тулгарах, багш, эцэг, эхийн зүгээс шүүмжлэлттэй хандахад өөрийн хүчин чадалд үл итгэх, дутуу дулимагийн мэдрэмж үүсэх, сурах үйл ажиллагаанд дур сонирхолгүй болох, сургуулийн “невроз” үүсэх боломжтой.
Сургуулийн бага нас нь дараах чадвар, дадал эзэмших мэдрэмтгий үе болдог. Үүнд:
-          Сурах үйл ажиллагааны сэдэл төлөвших, танин мэдэх тогтвортой хэрэгцээ, сонирхол хөгжих
-          Сурах үйл ажиллагааны оновчтой арга барил эзэмших, суралцах чадвар хөгжих
-          Хувийн онцлог, авъяас чадвар илрэх
-          Өөрийгөө хянах, зохион байгуулах, удирдах чадвар илрэх
-          Өөрийн үнэлгээ төлөвших, өөртөө болон хүрээлж буй хүмүүст шүүмжлэлтэй хандах хандлага хөгжих
-          Ёс суртахууны хэм хэмжээ эзэмших
-          Үе чацуутантайгаа харилцах харилцааны дадал хөгжих, үерхэл нөхөрлөлийн тогвортой харилцаа төлөвших
        Сургуулийн бага нас бол эерэг өөрчлөлт хувьслын үе юм. Иймээс тухайн үе шатанд хүүхэд бүрийн олж авсан ололт амжилтын төвшин маш чухал. Хэрэв энэ насанд хүүхэд танин мэдэхийн баяр баясгаланг мэдрэхгүй, суралцах чадваргүй, өөртөө итгэх итгэл олж авч чадахгүй бол цаашид энэ бүхнийг нөхөх нь бэрхшээлтэй байх болно.

No comments: