Tuesday, February 4, 2020

Багш суралцагчийн харилцаа



     Хүүхдэд боловсрол олгох, хөгжүүлэх, хүмүүжүүлэх зорилтыг шийдвэрлэхэд чиглэгдсэн хүмүүншүүлэн сургах нөлөөлөл, харилцан үйлдлийн арга хэлбэрүүдийн тогголцоонд тулгуурласан, хүмүүншүүлэн сургах зүй тоггол, зарчимд нийцсэн, хүмүүжүүлэгч багшаас сурагч, хүүхдийн хооронд тогтсон амьд холбоо. харилцан үйлдлийг сургах харилцаа гэнэ.
Сургах харилцаа нь зорилго чиглэлтэй, хэтийн төлөвтэй байх, хүмүүнлэг, зарчимч шударга, шаардлага хүндэтгэл, сайхан сэтгэлийг хослуулах, итгэлцэлд тулгуурлах, нээлттэй байх, ажил хэрэгч байх, ёс зүйтэй байх, гоо зүйн өнгө аястай байх зэрэг зарчмууд дээр тулгуурлана. Багш сурагчийн хоорондын харилцаа нь нөхөрсөг харилцаа, хамтын бүтээлч харилцаа, хүйтэн хөндий харилцаа, сүрдүүлж дарамтлах харилцаа, хуурамч харилцаа зэрэг хэлбэрүүдтэй.
Хүмүүжүүлэн сургах хөгжлийн түүхээс үзэхэд хүмүүншүүлэн сургах харилцааны хоёр үндсэн зарчим байна.
1.       Уламжлалт зарчим. Субъект-объектийн харилцаанд тулгуурласан дээрээс доош чиглэсэн шинжтэй, захиргаадалтын орчинг бий болгодог, сурагчийг идэвхгүй сонсогч, гүйцэтгэгч байранд тавьдаг зарчим юм. Дэлхий дахинд "Наполеоны систем" гэж нэрлэгддэг захирал тушаах тогтолцоог номлодог Зөвлөлтжсөн сургалтын явцад хэрэгжиж байсан энэхүү харилцаа нь багшийн хэлснийг үг дуугүй биелүүлдэг, идэвхи санаачлагагүй гүйцэтгэгчийг төрүүлдэг.
2.       Шинэ харилцааны зарчим нь хүмүүжүүлэн сургах харилцаанд оролцогч багш, сурагч нь субъект-субъектийн үр бүтээлтэй хамтын ажиллагаанд тулгуурласан хэвтээ чиглэлтэй, эрх тэгш ардчилсан, хүмүүнлэг зарчим юм. Субъект-субъектийн харилцаа нь шавь төвтэй сургалтын үед хэрэгждэг бөгөөд сурагчдад бие даан сурах арга барил эзэмшүүлж, бүтээлч үйл ажиллагаатай бие хүнийг төлөвшүүлнэ.
    Монгол улсын Үндсэн хуульд "Хүмүүнлэг энэрэнгүй, шударга, иргэний ардчилсан нийгэм байгуулах" тухай заасан. Үүний тулд шииэчлэлийг сургууль (цэцэрлэг) төвтэй, сургалтыг суралцагч төвтэй байхын чухалчлав. "Багш төвтэй бус харин суралцагч (хүүхэд) төвтэй сургалтыг илүү чухалчлан үзэх", "мэдлэг бус харин ур чадвар хийгээд хандлагуудыг илүүд анхаарах" хэрэгтэй гэсэн нь шинэ зууны боловсролын шинэчлэлийн дэлхий нийтийн хандлага болж байна. (2001 оны багш нарын бага хуралд Нью-йорк хотын Колумбын их сургуулийн проф. Гита Штейнер Хамсийн илтгэлээс) Иймээс багш суралцагчийн хоорондын эрх тэгш харилцаа, бүтээлч хамтын ажиллагаа, үр ашигтай харилцан яриа энэ бүхэн орчин үеийн боловсролын системийн чанар, ололт амжилтын гол шалгуур, хүмүүжүүлэн сургах үйл ажиллагаан дахь зарчмын шинэ хандлага, чиг баримжаа болж байна.
Хүмүүжүүлэн сургах үйл ажиллагааны хамгийн нийтлэг зорилт бол бие хүний нийгмийн амьдрал, хөдөлмөрт бэлтгэх төгс хөгжлийн орчин бий болгох явдал юм. Хүмүүжил, сургалтын практикт хүмүүжүүлэгч ба хүүхдийн хооронд субъект-объектийн ба субъект-субъектийн гэсэн харилцааны хоёр хэлбэрээр явагддаг.
1.      Субъект-объектийн харилцаа Хүмүүжүүлэн сургах үйл ажиллагаанд багш субъект, хүмүүжигч (хүүхэд) объектийн үүрэгтэй оролцоно. Энэ харилцаанд субъект болох багш нь зорилго тавих, идэвх санаачилга гаргах, голлон зохион байгуулах, үнэлэх зэргээр босоо, нэг чиглэлийн харилцаа явагдана. Багшийн тавьсан зорилго, зорилт,  шаардлагыг сурагч биелүүлнэ. Ухаалаг зохион байгуулсан ийм харилцааны эцсийн үр дүнд хүүхдэд гүйцэтгэх чанар, сахилга бат, хариуцлага, үйлдлийн эрэмбэ дараалал эмх цэгцтэй мэдлэг эзэмших эерэг сайн талтай. Гагцхүү багш төвтэй, сурагч идэвхгүй объект болох тул сурагчийн танин мэдэх үйл нь үр өгөөж муутай, санаачлага, бие даасан чадвар хязгаарлагдмал, бүх үйл ажиллагаа багшаас хамааралтай зэрэг сул талтай.
2.      Субъект-субъектийи харилцаа. Энэ харилцаа нь багш, сурагч хоёулаа эн тэнцүү эрх тэгш, хамтын бүтээлч шинжтэй байх тул сурагчийн идэвх, санал санаачилга, бүтээлч сэдэл, үр өгөөж илүүтэй хөгжинө. Сурагчийн танин мэдэх үйлдэл идэвхжиж, мэдлэг эзэмших, бие даан сэтгэх чадвар төлөвших хөгжих сэтгэл зүйн бүтээлч таатай орчин үүснэ. Энэ харилцааны орчинд сурагчид асуудлыг бие дааж шийдэх эрмэлзэл мэдлэгийг эзэмших хүсэл, сэдэл, хамтран ажиллах, шүүмжлэлтэй хандах зэрэг нийгмийн чадварууд, идэвхтэй байр суурь, бие хүний эрхэм чанарууд төлөвшинө. Бие хүнд хандсан сурагч (хүүхэд) төвтэй ийм харилцааг бие хүн төвтэй харилцан үйлдэл, хандлага гэнэ.
3.       Хүүхэд өөрийгөө нээж олох, бусадтай зөв харилцах нийгмийн чадвар эзэмших, бусадтай өөрийгөө харьцуулах, зөв сонголт хийх, өөрийгөө танин мэдэх, зөв хөгжиж төлөвших боломжтой. Шавь төвтэй сургалтын явцад ийм субъект-субъектийн харилцааг хөгжүүлэх боломжтой.
 Хүмүүжүүлэгч багш ба хүүхдийн харилцан үйлдэл нь ёс суртахууны дараах зарчимд тулгуурлах ёстой. Үүнд:
-          Чин үнэн сэтгэлээсээ хайрлаж хандах
-          Хүүхэд хамгаалагдсан, ая тухтай байх
-          Итгэлцэл, илэн далангүй нээлттэй байх
-          Хамтран ажиллах, хамтран туслалцах
-          Ганцаарчилсан ба бие хүнд, хүүхдэд чиглэсэн байх
Багш, хүүхдийн хоорондын харилцаа нь багшийн үйл ажиллагааны дараах хэв шинжээр  дамжин илэрдэг. Үүнд:
1.      Харилцааны ардчилсан хэв шинж. Багш ба хүүхдийн хоорондын харилцаа нь эрх тэгш хамтын зарчимд тулгуурласан байна. Хамтран зөвшилцөж, хамтран шийдвэр гаргах, бие биеийн санал бодол, бие хүний чанаруудыг харилцан хүндэтгэх, бие даасан шүүмжийг дэмжин урамшуулах замаар хэрэгжинэ. Нөлөөлийн арга нь үйлдэлд өдөөх, зөвлөх, гуйх, саналаа хэлэх, зөвшилцөн хэлэлцэх хэлбэр байна.
2.      Харилцааны авторитар хэв шинж. Энэ бол эрх тэнцүү биш. багш нь субъект, хүүхэд объект байдлаар хандана. Багш хүүхдийн оролцоо, бодол санааг үл харгалзан ганцаар мэдэж шийдвэр гаргаж, тавьсан шаардлагын биелэлтэнд өөрөө биечлэн хатуу хяналт тогтоож, өөрийн хэлсэн үгийг хууль мэт байхыг шаардаж, тайлагнахыг үл зөвшөөрнө. Ийм харилцааны эцсийн үр дүнд хүүхэд идэвхгүй, санаачлагагүй болж. өөрийгөө доогуур үнэлж. харгис түрэмгий болж төлөвшинө. Ийм ганцаар даргалах харилцааны нөлөөллийн гол арга нь сургамжлах, тушаах, үүрэг даалгавар өгөх зэрэг хэлбэртэй байна. Багшийн хувьд үйл ажиллагаандаа мэргэжлийн хувьд сэтгэл ханамжгүй, тогтвор муу болно.
3.      Харилааны либераль хэв шинж: Бөөрөнхийлөх хэв шинж гэгдэх энэ харилцааны үед багш өөрөө мэдэж шийдвэр гаргахаас зайлсхийж сурагч, хамт олонд даалгана. Багшийн үйл ажиллагаа нь шийдэмгий биш. эргэлзэж тээнэгэлзсэн, хүүхдийн дунд зохион байгуулах аливаа үйл ажиллагаа системгүй, эмх замбараа муутай, урсгалын шинжтэй, тавих хяналт, удирдлага байхгүй явагдана. Хүмүүжүүлэгч багш хүүхдийн хоорондын харилцааны эдгээр хэв шинжүүд нь харилцааны ганцаар ярих эсвэл, харилцан ярих хэлбэрийн аль нэг нь голлож байдаг.
Цэцэрлэгийн багшийн ёс зүй. Хүмүүжил, сургалтын үйл явц, түүний эцсийн үр дүн нь хүмүүжүүлэгч багш, суралцагчийн хүнлэг, энэрэнгүй, эрх тэгш харилцаа, ёс зүйгээс ихээхэн хамаардаг. Шинэлэг, хүмүүнлэг, нээлттэй харилцаа нь багшийн мэргэжлийн ёс зүй дээр тулгуурладаг. Багшийн ёс суртахуун нь хүмүүншүүлэн сургах үйл ажиллагааны хүрээнд багш, хүмүүжүүлэгчдийн зан үйлийг зохицуулдаг зарчим, дагаж мөрдөх хэм хэмжээ, үнэлгээний түүхэн ёсоор уламжлагдсан тогтолцоо юм. Багшийн мэргэжлийн үйл ажиллагаатай холбоотой нийтээр хүлээн зовшөөрсөн итгэл үнэмшил, хэвшсэн соёл, хэм хэмжээ болон харилцааны үйлдэл, эс үйлдлийг багшийн мэргэжлийн ёс зүй гэнэ. Багшийн мзргэжилдээ үнэнч байж, багш мэргэжлийн нэр хүндийг хамгаалж, хүлээсэн үүргээ чанд биелүүлэх талаар тогтоосон шаардлагын цогцыг багшийн мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээ гэнэ. Багшийн ёс зүйн дүрмээр тогтоосон багшийн мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн санаатай болон санамсаргүй үйлдэл, эс үйлдлийг багшийн ёс зүйн зөрчил гэж хэлнэ. Багшийн ёс зүй нь мэргэжлийн үүрэг, хариуцлага, багшийн ёс суртахууны сайн ба муу үйл, багшийн нэр төр, нэр хүнд, нинжин сэтгэл, өөдрөг үзэл, шудрага ёс, эв дүй зэрэг үндсэн категоруудтай. Боловсролын тухай хууль тогтоомжуудад багш, сурагчийн хүлээх үүрэг, багшийн ёс зүйн талаар тодорхой зааж хуульчлан өгсөн байдаг. Ёс зүйтэй сайн багш гэж хэнийг хэлэх вэ? Энэ нь багшийн ёс зүйн дараах хэм хэмжээгээр илэрнэ:
-          Үүрэг,  хариуцлагаа сайн ухамсарласан, бурууг бусдаас биш, өөрөөсөө хайдаг, бусдын санал шүүмжлэлийг хүлээн авах, сонсох чадвартай, хүүхэд алдаа гаргаж болно гэдгийг, мөн өөрийнхөө алдааг хүлээн зөвшөөрдөг
-          Хүүхдийн дотоод ертөнц, биеэ авч явах байдалд мэдрэмжтэй, гярхай ханддаг
-          Хүүхдийн авьяас билэг, боломж, үзэл бодолд үргэлж өөдрөг ханддаг
-          Хүүхдэд хүндэтгэл, шаардлага хоёрыг хослуулан анхаарал тавьж хайрладаг
-          Нийгэмд гүйцэтгэх ёс суртахууны үнэт зүйлийг өөрөө сайн эзэмшсэн. өөрийн үүргээ сайн ухамсарладаг төдийгүй, үлгэрлэгч байж чаддаг
-          Мэргэжлийн болон бусдын нэр төр, нэр хүндийг эрхэмлэх, бусдын нэр алдрыг хайрлах, хүүхдэд дарамт үзүүлэхгүй байж чаддаг
-          Хүмүүсийн дэргэд бусдын урам зориг, сэтгэл санааг мохоох үг хэлэхийг цээрлэх
-          Ёс суртахууны зөрчлийг тайван замаар шийдвэрлэж чаддаг
-          Өөрийгөө эзэмдэж, тэвчээр хүлээцтэй байх, элэгсэг, найрсаг байх, үнэнч шударга, биеэ зөв явдаг байх зэрэг ёс суртахууны хэм хэмжээнүүд байна.
    Эдгээрээс үзэхэд "сайн багшид байх ёстой шинжүүдийн дийлэнх нь ёс суртахууны төлөвшилтэй холбоотой шинж чанарууд байна. Багшийн ажил нь юуны өмнө зөв төлөвшсөн, хүмүүжилтэй байхаас эхэлнэ гэсэн үг.

No comments: