Tuesday, February 4, 2020

Харилцааны төрөл, хэлбэр, хэв маяг



Нэг. Харилцааны системд тухайн хүний эзлэх байр суурийг сэтгэл зүйн үүднээс авч үзвэл өөрийн үнэлгээ нэн чухал үзүүлэлт болдог. Энэ байр сууринаас харилцааг:
Сэтгэлзүйн хувьд таатай харилцаа:
-          Танин мэдэх загварын харилцаа: мэдээлэл дамжуулж танин мэдэх
-          Суггестив загварын харилцаа: бусдад үлгэр дууриалал үзүүлсэнээр зорилго биелэгдэнэ.
-          Итгүүлэн үнэмшүүлэх загварын харилцаа: баталгаа, нотолгоо дээр үндэслэн бие биендээ нөлөөлөн итгүүлэх
-          Експерессив загварын харилцаа: мэдрэмжээ хуваалцах
-          Ёс жаягт загварын харилцаа: зан үйлийн хэм хэмжээг хадгалах
Сэтгэлзүйн хувьд таагүй харилцаа:
-          Эвийг сахих загварын харилцаа: өөрийгөө гаргуунд нь гаргаж бусдын хэлсэн бүхэн зөв... (өөртөө итгэлгүй)
-          Буруутгах загварын харилцаа: бусдыг буруутган сөргөлдөж “би энд гол хүн, чи юу чаддаг юм бэ?” гэсэн захиран зааварлаж дарангуйлан харилцах
-          Компьютер буюу тооцоо бодох загварын харилцаа: бусадтай тайван боловч тооцоотой харилцаж, хүмүүсийн алдаа дутагдлыг бүртгэн өөрийн давуу талыг тооцоолж байдаг харилцаа
-          Гадуурхагдсан муйхар загварын харилцаа: “ би энд байж л байна, энэ миний байх газар биш гэсэн байр сууринаас хандах бөгөөд орчиндоо ямарч баримжаагүй, эв дүйгүй, ярьж байгаа сэдэвтэй холбоогүй зүйлийн тухай ярих
Хоёр. Ихэнх хүмүүс бусадтай харьцахдаа өөрийгөө гурван янзаар илэрхийлж байдаг.
-          Харилцааны хүлцэнгүй буюу идэвхгүй хэлбэр:  энэ нь өөрөө хүсээгүй боловч бусдын үгийг аялдан дагалдах харилцааны хэлбэр. Иймэрхүй харилцааны үед хүмүүс ихэвчлэн өөрийн юу хүсч байгааг илэрхийлж чаддаггүй. Бусдад таалагдахын  тулд, эсвэл найзыгаа гомдоохгүйн тулд, эсвэл өөрийгөө илэрхийлж чаддаггүйгээс бусдын хэлснийг аялдан дагана. Гэвч дотроо өөрөө сэтгэл хангалуун бус үлдэнэ.
-          Харилцааны өөртөө итгэлтэй эелдэг хэлбэр: энэ нь өөрөө хэрвээ хүсээгүй бол бусдад үгүй гэж хэлж чадах өөртөө итгэлтэй байх харилцааны загвар. Бусдыг эвгүй байдалд оруулахгүйгээр өөрийн юу хүсч байгааг эелдгээр хэлдэг онцлогтой. Энэ бол бусдыг болон өөрийгөө хохироодоггүй харилцааны хэлбэр.
-          Харилцааны түрэмгий хэлбэр. Өөрийнхөөрөө хэт зүтгэж, бусдыг үл хүндэлж, өөрийн санасанд хүрдэг харилцааны хэлбэр. Иймэрхүү хүмүүс өөрийн хүсэл зорилгыг биелүүлэхийн тулд бусдыг дарамтлах, эрхэндээ оруулахдаа гаршсан байдаг. Харилцаанд хоёр тал оролцож, бие биенээ хүндэтгэдэг энгийн соёлыг эзэмшээгүй байдаг ба өөрийн бодол санаанд таараагүй хэнийг ч болов загнаж, басамжилж, доромжлохоос буцдаггүй. Ийм хүн хэзээ ч амжилтанд хүрдэггүй, харин хүний үгийг анхааралтай сонсож, учирлал үндэслэлийг нь тунгаан үзэж бусдын санаа бодлыг хүндэтгэн ханддаг хүн л амжилтанд хүрдэг.
Гурав. Хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөнүүдийг харгалзан дараах байдлаар ангилна.
-          Эрүүл харилцаа:  өөртөө болон бусдатай харилцахдаа тааламжтай сэтгэл  хөдлөлүүдийг үүсгэн харилцахыг хэлнэ. Өөрөөр хэлбэл нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээнүүдийг баримтлан өөрөө өөртэйгөө болон бусад хүмүүстэй, нийгмийн үзэгдлүүдтэй, эд юмстай хийгээд ургамал амьтан харьцах чадвартай хүнийг эрүүл харилцаатай хүн гэнэ.
Эрүүл харилцаатай байхын сэтгэл зүйн суурь шинж чанарууд бол хүн өөрий болон бусдыг хүндлэх чадваруудыг, бас үнэнч шударга хийгээд нээлттэй харилцах чадваруудыг эзэмших явдал юм. Ийм чадварыг эзэмшсэн хүн хэнтэй ч, хаана хэзээ ч зөв харьцаж чадна. 14-р  Далай лам Данзанжамц "Өөрийгөө хүндлэх, бусдыг хүндлэх, өөрийн бүх үйлд эзэн байх гэсэн гурван зарчмыг мөрд" хэмээсэн алдарт сургаалаа айлдсан нь эрүүл харилцааны үндсийг заасан хэрэг юм.
-          Эрүүл бус харилцаа: Энэ нь өөртэйгөө болон бусад хүмүүстэй харилцахдаа тэдэнд айдас түгшүүр, сэтгэлийн гутрал, уур хилэн бухимдал, хорсол занал мэтийн тааламжгүй сэтгэл хөдлөлүүдийг үүсгэн харьцахыг эрүүл бус харилцаа гэнэ. Бусад хүмүүсийг хэл амаар доромжлох, гутаах, гомдоох, айлган сүрдүүлэх, зодох дээрэмдэх,  хууран мэхлэх, залилах зэрэг янз янзын арга замаар хүчирхийлэх, худлаа хэлэх шударга бус шаардлага тавих, хайхрамжгүй буюу хариуцлагагүй хандах, үнэнч бус хандах зэрэг нь эрүүл бус харилцаа юм. Эрүүл бус харилцаа нь нийгмийн болон бие хүний дотоод ертөнцийн зохилдлогоог алдагдуулж, хүний амьдралын утга учир, эрхэм сайхан тэмүүллийг унтрааж байдаг.
Дөрөв. Хүмүүсийн зан төлөв, темперамент зэрэг сэтгэл зүйн онцлогоос нь шалтгаалж харилцааны үндсэн хэв маягийг хэд хэд ангилна.
-          Харилцаанд ноёлох байр сууринаас оролцогч нь хүмүүстэй харилцахыг хүсэхээс биш харилцааны зорилго, эв дүйг төдийлөн эрхэмлэдэггүй. Бусдын тавьсан асуултанд хариулах нь төдий л чухал биш гэж үзэх бөгөөд бусдад нөлөөлөх, харилцааны идэвхийг гартаа авах, харилцагчийнхаа идэвхийг дарж боогдуулахыг эрхэмлэнэ. Харц, дохио зангаа, байр байдал нь иймэрхүү шинжийг илтгэх бөгөөд бусадтай харилцахдаа дуугаа өндөрсгөн огцом дуугарч, цаад хүнийхээ яриаг таслан нэг ярьсан зүйлээ дахин давтах нь олонтой.
-          Харилцаанд үл ноёлох байр сууринаас хандагч нь харилцаанд хүсэмжилсэн байдалтай оролцох бөгөөд харилцааны санаачлагыг гартаа авах, өөрийн үзэл бодлоо илэрхийлэх, асуулт тавих зэргээс ямагт эмээнэ. Ийм хүн харилцан ярилцагчийнхаа оюун ухаан, сэтгэл хөдлөлийн байдал, хүч чадалд маш мэдрэмтгий ханцах бөгөөд бусдын яриаг таслаж чаддагтүй. Ийм хэв маягийн харилцаатай хүмүүс найр тавимтгай, амархан сандрамтгай атлаа өөрийнх нь яриаг бусад хүн тасалж байхад тэвчээртэй ханддаг, санаа бодлоо илэрхийлэхдээ шийдвэртэй биш учраас санаснаасаа няцан өөрийгөө буруутгамтгай зантай бөгөөд няцаж, эцэж цуцсаныхаа эцэст түүндээ харамсан сэтгэлээр унах нь цөөнгүй.
-          Xарилцаанд яарамгүй оролцогч нь харилцаанд шууд оролцдоггүй, харилцан ярилцагчаа нухацтай судлан санаа бодлыг нь мэдэхийг хичээдэг. Хүнийг анхааралтай сонсон яаралгүй ярих бөгөөд үг нэг бүрээ сайтар сонгон санаа бодлоо оновчтой илэрхийлдэг.
Тав. Хүмүүсийн хоорондын харилцааг чиглэлээр нь:
-          Босоо шугаман харилцаа: ахмад настан , ах эгч, өөрөөс дээш насны хүмүүстэй харилцах харилцаа
-          Босоо ба хөндлөн хосолсон: нэр хүнд, туршлага мэдлэгээр тодорхйологддог. Урд байгаа тэргүүлэгч хүнийг хойно байгаа дагалдагч хүнтэй нь холбодог.
-          Хэвтээ чиглэлийн харилцаа: хоёр талын шинжтэй, аль алины тэгш эрх дээр үндэслэгдсэн.
Зургаа. Ямар ч хүнд хамтын амьдрал, олон талт үйл ажиллагаагаа бусад хүмүүстэй зохицуулж зохион байгуулах хэрэгтэй.
-          Хувийн харилцаа: хувийн харилцаагаар хүний хэрэгцээ сонирхолтой уялдсан зан байдал, сэтгэл зүйн дотоод асуудал шийдвэрлэгдэж байдаг.
-          Албан харилцаа ба ажил хэрэгч харилцаа: бие хүний хооронд, бүлэг болон бие хүний хооронд үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа арилжаатай холбоотой үүсдэг харилцаа
Долоо: харилцааны “Би төлөв” үүд. Харицлах явцад хүмүүс дүр үүргийн янз бүрийн байр сууринаас бие биендээ ханддаг бөгөөд үүний улмаас харилцан үйлчлэл янз бүр байж болно. Америкийн сэтгэлзүйч Эрик Берни 1960-аад онд “Би-төлөвүүд” хооронд харилцаа дамжих сэтгэлзүйн загвараа зохиожээ.
-          Эцэг эх- би төлөв: хүүхэд байхдаа эцэг эх, багш нар, эмээ өвөө, бусад хүмүүсийг ажиглаж өссөн, тэднээс өвлөж авсан харьцаагаар бусадтай харьцаж бодож сэтгэдэг,  хийдэг хүмүүс сэтгэл зүйн энэ төлөвт багтдаг.
-          Насанд хүрэгсэд- би төлөв: тухайн нөхцөл байдалд зохицож, зохицуулж, болсон явдлуудад өөрийн дүн шинжилгээг хийж өөрийн ухаанаар бодож боловсруулдаг хүмүүс энэ төлөвт багтана. Ухамсартайгаар хуримтлуулсан  туршлага, мэдлэг өөрийн биеэр үзэж туулсан зүйлүүд энд хамаарна.
-          Хүүхэд-бие төлөв: аливаа юмыг хүүхэд ахуй цагийнх шигээ мэдэрч, сэтгэж хийдэг хүмүүс энэ төлөвт багтана.  Өгсөн үүрэг даалгаврыг үг дуугүй биелүүлж, олны дунд биеэ зөв авч явдаг, үүрэг даалгаврыг ягштал биелүүлэн, загас шиг дуугүй байж бусдаас түрүүлж ам нээдэггүй, болохгүй байгаа бүхний төлөө өөрийгөө буруутгаж амандаа бувтнаж, айж явбал аминд өлзийтэй гээд сууж байдаг хүмүүс энэ бүлэгт орно.

No comments: