Үр хөврөл болон ургийн тухай ойлголт
Орчин үед лозитрон, томограф, эхо, соронзон хэлбэлзлийн бичлэг зэрэг шинэ технологийн ачаар эхийн хэвлий дэхь ургийн амьдрал, төрсний дараах нялх хүүхдийн уураг тархины хөгжлийг ажиглан судлах боллоо. Түүнчлэн насанд хүрсэн хүний бие организмын хэвийн үйл ажиллагаа нь эхийн хэвлийд байх үед бүрэлддэг бөгөөд зарим нь бүр жирэмсний эхэн үед бүрэлддэгийг тогтоожээ.
Үр тогтсоноос хойш эхний 8 долоо хоног хүртэлх хэвлий дэхь хүүхдийг үр хөврөл буюу “эмбрион” гэж хэлнэ. 8 долоо хоног дууссанаас эхлэн хүүхэд төрөх хүртэлх хэвлий дэхь хүүхдийг ураг буюу “фетус” гэнэ.
Хүний жирэмсэн үе ихэвчлэн үр тогтсон мөчөөс эхлэн хүүхэд төрөх хүртэлх ойролцоогоор 38 долоо хоног үргэлжилнэ.
Эхийн умай дахь ургийн өсөлт 3 үетэй байхаас эхний 8 долоо хоногт хөгжлийн хамгийн эмзэг мэдрэмтгий үе. Мэдрэлийн суганцраас уураг, тархи, нугас үүсч, зүрх цохилж мэдрэхүйн эрхтнүүд /нүд, чих, ам/ бөөр, элэг, цусны эргэлт бий болдог. Энэ үед ураг гадны аливаа зохисгүй нөлөөлөлд амархан автахаар маш эмзэг байдаг тул хамгаалах нь чухал. Энэ үед:
-
Эм ууж байгаа бол урагт нөлөөлөх эсэхийг тодруулах
-
Архи уух, тахи татах, мансууруулах бодис хэрэглэхгүй байх
-
Хэт их ядрахгүй байх
-
Ажиллах, амьдрах орчин жирэмслэлтэд муугаар нөлөөлж болох эсэхийг анхаарах
-
Улаан бурхны эсрэг дархлаажуулалтын вакцин хийлгэх
-
Эрүүл ахуйн дээд зэргийн дэглэм сахих
-
Ажил амралтыг хослуулах
-
Халдварт өвчин, хордлого авахаас урьдчилан сэргийлэх
Учир нь 8 долоо хоногийн эл хугацаа эрхтэн үүсч хөгждөг учраас бие эрхтний бүтцийн хөгжлийн хэвийн бус байдалд орж болзошгүй үе гэдэг.
Харин 8 долоо хоногоос 30 долоо хоног хүртэлх хугацаанд дотоод эрхтнүүд байр байрандаа, гэдэс хүчил ялгаруулж, элэг улаан бөөмсийг үйлдвэрлэдэг, сүүн шүдний бүрдэл эхэлдэг, ураг хөлөөрөө тийрэх, шүлсээ залгих, хуруугаа хөхөх, үс нь ургах зэрэг том хүний хийдэг үйлийг хйих эхлэл эхийн жирэмсэн байхад бий болдог.
Орчин үед ураг мэдрэх эрхтнүүдээ бидний таамаглаж байгаагаас хамаагүй өмнө ажиллуулж эхэлдгийг хэт авиан оношлогооны тусламжтайгаар ажиглаж нотолжээ.
1-2 дахь долоо хоног
“Урт” аялал эхэллээ. “Ирээдүйн хүн” маань эхний 4 хоногт давсны ширхэг адил хэмжээтэй байна. Тодруулбал, 0.14 мм хэмжээтэй. 5 дахь хоногоос өсч эхлэх бөгөөд 6 дахь хоног гэхэд анхныхаасаа хоёр дахин томорч, 0.2 мм хэмжээтэй болно. 4 дэх хоногтоо үр хөврөл дараагийн 9 сарыг өнгөрүүлэх эхийнхээ саванд очих бөгөөд 8 дахь хоногтоо саванд бэхлэгддэг байна.
3-4 дэх долоо хоног
Жирэмсний 20 дахь хоногт маш чухал үйл явдал тохионо. Мэдрэлийн гуурс бүрдэх бөгөөд энэ нь цаашлаад хүүхдийн тархи, нугас болон хөгжинө. Харин 21 дэх хоногоос зүрх нь цохилж эхлэх бөгөөд бөөр, элэг зэрэг эд эрхтэн нь бүрэлдэж эхэлдэг байна. Нүд нь бүрэлдээгүй байх бөгөөд толгой хэсгийн хоёр талд жижиг хөөс хэлбэртэй байна. Эхний 1 сарын сүүлчээр цусны эргэлтийн тогтолцоо бүрэлдэж, нугас, булчин зэрэг нь хөгжиж эхэлнэ.
5-6 дахь долоо хоног
5 дахь долоо хоногт үр хөврөлд гарын бугалга бүрэлдэнэ. Гэхдээ хуруунуудыг нь салган ажиглах хараахан боломжгүй. Мөн гар болон хөл үеэрээ нугарч эхэлнэ. Энэ үед гаднах бэлэг эрхтэн нь хөгжиж эхлэх ч, эхо төхөөрөмжийн тусламжтай хүйсийг нь тодорхойлоход эртэднэ. Анх бүрэлдсэн үеийнхээс үр хөврөл 10,000 дахин томорсон байна. Энэ үед ирээдүйн хүүхдийн нүүр царай бүрэлдэж эхлэх бөгөөд нүдний хэсэг нь харлаж, хөгжиж эхэлнэ.
7-8 дахь долоо хоног
7 дахь долоо хоногоос эхлэн ураг хөдөлж эхэлнэ. Гэхдээ одоохондоо ээждээ мэдрэгдэхгүй. Хөл болон гарын хуруу нь яг л том хүнийх адил бүрэн хөгжинө. Энэ үед мөн сүүн шүдний уг бүрэлдэж эхэлнэ, нөхөн үржихүйн систем нь ч хөгжинө. Харин бөөр нь шээс боловсруулж эхэлдэг байна. Хэдий ураг 2.5 см хэмжээтэй ч, нүүр нь хувиран хөдлөх төдийгүй хөмсөг, хамар зэрэг нь тодорно.
9-10 дахь долоо хоног
Энэ үед ураг 4 грамм жинтэй, 2-3 см өндөртэй болсон байна. Хэдий жижиг хэмжээтэй ч, тархи нь баруун болон зүүн тархинд хуваагдаж, сүүн шүд болон амтлах чадвар нь хөгжиж эхэлнэ. Мөн сүүл болон гарын хуруу хоорондын холбоос хальс алга болно. Энэ үед мөн нүүр царай нь бүрэлдэж эхлэх бөгөөд, толгойных нь үс ч ургаж эхэлдэг байна.
11-12 дэх долоо хоног
Энэ үед ургийн нөхөн үржихүйн эд эрхтэн нь хөгжиж эхлэх учир эхо оношилгооны тусламжтай ирээдүйн хүүхдийн хүйсийг тодорхойлох боломжтой. Гэхдээ алдаж оношлох эрсдэлтэй. Энэ үед ураг яг л харь гаригийн биет мэт харагдана. Том толгой, жижиг бие, гэхдээ нүүр царай нь хүнтэй төстэй байна. Чих нь хөгжиж, хөмсөг, сормуус ургана. Харин мөгөөрс нь бага багаар ясжин бэхжиж, шинээр цусны судаснууд бий болж, дааврын боловсруулалт ч явагдаж эхэлдэг. Хэмжээний хувьд 6 см өндөртэй, 20 грамм жинтэй болсон байдаг байна.
13-14 дэх долоо хоног
Толгой нь нийт биеийн хэмжээний тал хувийг эзлэх ч, нүүр царай нь яг л том хүн адил болсон байна. Мөн 20 сүүн шүдний уг аль хэдийнэ бүрэлдсэн байдаг. Хүүхэд гарынхаа хурууг амандаа хийж чадна. Гэхдээ хожим хуруугаа “хөхөж” эхэлдэг. Цусны судас эрчимтэй бүрэлдэх учир, арьс нь улаан туяа сууна. Гэхдээ арьс нь нимгэн байх бөгөөд хэт даарахаас сэргийлж тослог чанарыг нь хадгалахын тулд “лануго” гэж нэрлэгддэг нарийн үс ургаж эхэлнэ.
ДУНД ГУРВАН САР
15-16 дахь долоо хоног
15 дахь долоо хоногтоо ураг 10 см өндөртэй, 70 грамм жинтэй болсон байна. Хоёр нүд нь харьцангуй доор байрласан хэвээр байх ч, нүүр царай нь ялгарч харагдах болсон байна. Нүүрний булчингууд хангалттай хөгжсөн байх учир нүүрний хөдөлгөөнийг ч ялган анзаарах боломжой. Энэ үед гарын хуруугаа “хөхөж” эхэлнэ. Мөн хөлсний болон тосны булчирхайнууд ч ажиллаж эхэлдэг байна.
17-18 дахь долоо хоног
Эцэст нь сонсголын эрхтэн хөгжиж эхлэх бөгөөд аливаа дуу чимээг ялгаж эхэлнэ. Ээжийнхээ дуу хоолойг сонсож эхлэх бөгөөд бусад дуу чимээнээс ч ялгаж чаддаг. Сүүн шүдний уг бүрэлдсэнээс гадна араа шүдний уг ч бүрэлдэж эхэлдэг. Мөн яс нь бүрэлдэж, хатуужиж эхэлдэг байна. Гэхдээ гавлын яс нь төрөх хүртлээ хөдөлгөөнтэй байна. Учир нь хорвоод мэндлэх үед гавлын яс шилжин хөдөлж, давхардан байрласнаар, хорвоод мэндлэхэд “хялбар” болдог байна. Энэ үед 14 см өндөртэй, 190 грамм жинтэй болсон байх бөгөөд ээж нь хүүхдийнхээ хөдөлгөөнийг мэдэрч эхэлдэг.
19-20 дахь долоо хоног
Хэдий хоёр нүд нь аниатай ч, эхийн хэвлий дотор зүг чигээ сайн олдог болсон байна. Энэ үед ирээдүйд мэндлэх хүн солгой байх эсэх шийдэгдэнэ. Учир нь энэ үед гараа илүү эрчимтэй хөдөлгөж эхэлдэг байна. Мөн хурууны өндгөн дээр нь хээ бүрэлдэж эхэлнэ. Мөн хүүхэд аажмаар өдөр болон шөнийг ялгаж эхлэх бөгөөд, өдрийн тодорхой хугацаанд харьцангуй идэвхтэй байна.
21-22 дахь долоо хоног
Арьсны доорх өөхөн давхарга бүрэлдэж эхлэх учир 21 дэх долоо хоногоос харьцангуй хурдан жин нэмж эхэлнэ. Насан туршид байх нейроныг 22 дахь долоо хоногт тархи боловсруулж эхэлдэг. Удахгүй нүдээ нээх бөгөөд энэ үед нээх оролдлого хийж байдаг төдийгүй нүдний алим яг л том хүнийх адил хөдөлж байдаг байна.
23-24 дэх долоо хоног
23 дахь долоо хоногоос хүүхэд зүүд зүүдэлж эхэлдэг. Нүүр царай тод бүрэлдсэн байдаг учир эхо оношилгоогоор хүүхэд хэнийгээ дуурайсныг мэдэж болдог байна. Нүд нь нээгдэж, гэрэл мэдэрч эхлэх учир хэт тод гэрэл хүүхдийг “айлгаж” болзошгүй. 24 дэх долоо хоногтоо хүрэхэд 30 см өндөр, 0.5 кг жинтэй болсон байна.
25-26 дахь долоо хоног
Энэ үед хүүхдийн амт мэдрэгч рецептор бүрэн хөгжиж дууссан байх бөгөөд ураг орчмын шингэнийг амтлаад, хэрэв таалагдахгүй бол “ярвайх” зэрэг шинж тэмдэг ч илэрдэг байна. Ийнхүү эхийн хэвлийд байхад бид бүгдийн амтлах мэдрэмж хөгжиж, ямар амтанд дуртай, дургүй зэрэг суурь мэдрэхүй бий болдог. Удахгүй хүүхэд нүдээрээ тормолзож сурах бөгөөд хараа нь ч хөгжиж эхэлнэ.
СҮҮЛИЙН ГУРВАН САР
27-28 дахь долоо хоног
Энэ үед эхо-д харуулбал хүүхэд хэрхэн инээмсэглэж, хуруугаа хөхөж байгааг ажиглах боломжтой. Энэ үед хүүхэд “анхны тоглоом”-оороо тоглож эхэлнэ. Энэ бол өөрийнх нь хүй. 7 дахь сарын сүүлчээр бодисын солилцооны тогтолцоо нь бүрэлдэнэ. Хэмжээний хувьд 1.2 кг жинтэй, 35 см өндөртэй болсон байна.
29-30 дахь долоо хоног
Арьсны доорх өөхөн давхарга нэмэгдэж, илүү “мярайлаг” болно. Үүнээс гадна уйлж, ханиалгаж, бүр зогисуулж сурсан байна. 30 дахь долоо хоногт хүүхдийн тархи хангалттай хөгжсөн байх бөгөөд аливаа мэдээллийг тогтоож, боловсруулах чадвартай болсон байна.
31-32 дахь долоо хоног
Энэ үед хүүхдийн 5 мэдрэхүй бүгд хөгжсөн байх бөгөөд аль хэдийнэ унтах, сэрүүн байх гээд өдрийн дэглэмтэй ч болсон байдаг. Ээжийнхээ бүх л эд эрхтний үйл ажиллагааг “сонсож”, ээжийнхээ дуу хоолойг маш сайн ялгадаг болсон байна. Тиймээс хорвоод мэндэлснийхээ дараа эхийнхээ дуу хоолойг бусад хүмүүсийнхээс сайн ялгаж чаддаг нь үүнтэй холбоотой. Дархлааны тогтолцоо нь аливаа халдвараас сэргийлэх антител буюу эсрэг биет боловсруулж эхлэх бөгөөд хорвоод мэндэлсний дараах эхний саруудад нярайг хамгаалах үүрэг хүлээнэ.
33-34 дэх долоо хоног
Арьсан доорх өөхөн давхарга бүрэн бүрэлдэж дуусна. “Лануго” гэж нэрлэгддэг жирэмсний 3-6 сард ургадаг, хүүхдийн биеийг бүхэлд нь бүрхсэн байсан нарийхан үснүүд нь унана. Ойролцоогоор 40 см урттай болж, 2 кг бүр түүнээс ч илүү хүнд жинтэй болно. Мэдрэлийн тогтолцоо нь бүрэн бүрэлдсэн байх бөгөөд уушги нь үргэлжлэн хөгжиж байдаг.
35-36 дахь долоо хоног
Энэ үед хүүхэд яг л хорвоод мэндлэх тэр л дүр төрхийг бүрэн олж авсан байдаг. Харьцангуй туранхай, гэхдээ өөхөн давхарга нь хөгжиж байна. Үс, хумс зэрэг нь бүрэн бүрэлдэж дууссан байх бөгөөд хэмжээний хувьд том болсон байна. Гэхдээ өмнөхтэй адил эхийн хэвлийд чөлөөтэй хөдлөх боломжгүй болно.
37-38 дахь долоо хоног
Ийнхүү хүүхэд бүрэлдэх үйл явц бүрэн дуусна. Тэр одоо хорвоод мэндлэхэд бэлэн. Бүрэн тээлттэй гэж эмч нар дүгнэх бөгөөд “лануго” гэх нарийн үснүүд нь бүрэн арилсан байна. Гэхдээ гар бол хөлийн зарим хэсэгт үлдсэн байх магадлалтай. Эхийн саванд цааш хөдлөх зай бараг л үлдээгүй учир, хүүхэд нь хүчтэй хөдлөх болсон мэт ээжид нь санагдана. Үнэн хэрэгтээ хүүхдийн булчин бүрэн хөгжиж дууссан байх учир цохилт нь ч хүчтэй болсон байдаг.
39-40 дэх долоо хоног
Хорвоод мэндэлсний дараах эхний мөч
Хүүхдийн уушги төрөх хүртэл хөгжиж байдаг. Анхны амьсгал авах үед альвеол нь өөр хоорондоо наалдахаас сэргийлэх шаардлагатай тун хэмжээ бүхий сурфакант гэх бодисыг үед уушги ялгаруулна. Хорвоод мэндэлснээ “зарлаж” дуугаа хадаан, дараагийн илүү “том”, илүү адал явдал бүхий АМЬДРАЛ хэмээх аялалд хөл тавина.
Ургийн хөгжлийг хамгаалахад хориглох
зүйлс:
1.
Согтууруулах зүйлс
2.
Хүнд зүйл өргөхгүй байх
3.
Оёдол хийх, морь унах, дугуй унах
4.
Спортоор хичээллэх
5.
Хөдөлгөөнийг эрс багасгах
6.
Стрессээс зайлсхийх
7.
БЗХӨ-өөс хамгаалах, урьдчилан сэргийлэх
8.
Цай, кофе, шоколад, хийтэй ундаанаас зайлсхийх
9.
Рентген шинжилгээнээс аль болох зайлсхийх
10.
Шүд буйлны эрүүл ахуйд анхаарах
11.
Гэр бүлийн таагүй уур амьгалаас зайлсхийх
No comments:
Post a Comment