Friday, February 7, 2020

Хүүхдийн үйл ажиллагааны бусад хэлбэрүүд, тэдгээрийн сэтгэл зүйн үндэс



Бага насны хүүхдийн үйл ажиллагааны бусад хэлбэрүүд
Хүүхдийн бүтээлч үйл ажиллагаа
Тоглоом нь сургуулийн өмнөх насны хүүхдийн цор ганц үйл ажиллагаа биш юм. Энэ үед хүүхдийн бүтээлч үйл ажиллагааны янз бүрийн хэлбэр үүснэ. Хүүхэд зурж, баримал барьж, шоо өрж, цаас хайчилна. Эдгээр үйл ажиллагааны нийтлэг тал нь зураг, барилга байгууламж, наамал зэрэг тодорхой үр дүн, бүтээл туурвидагт оршино. Эдгээр үйл ажиллагаа болон үйлдлийн онцгой арга барил, онцгой чадварыг эзэмших, хамгийн гол нь юу хийхийг хүсч байгаа тухай төсөөллийг шаардана.
Дүрслэх үйл ажиллагаа
Сэтгэл зүйч, сурган хүмүүжүү-лэгчдийн анхаарлыг хүүхдийн зурсан зураг гойд татдаг билээ. Насанд хүрэгчид ба хүүхдийн зургийн үйл ажиллагаа эрс ялгаатай. Насанд хүрэгчдийн хувьд үр дүнд хүрэх, өөрөөр хэлбэл ямар нэг зүйл дүрслэх нь чухал юм. Гэтэл хүүхдийн хувьд үр дүн биш, зурах үйл явц нь чухал байна. Хүүхэд дуртайяа зурж, их ярьж, дохиж зангадаг боловч зураг дуусангуут зургаа сонирхохоо больдог. Мөн юу зурснаа санадаггүй.
Хүүхдийн зургийн бас нэг онцлог нь зөвхөн харааны хүртэхүй төдийгүй хүүхдийн мэдрэхүй, хөдөлгөөний, хүрэлцэх, хүртэхүйн туршлага, түүний юмсын тухай төсөөллийг тусгадаг. Иймд дүрсэлж буй хүнийхээ хувцсыг нэвт харагдахаар зурж болно, учир нь хүүхэд түүний цаана гар, хөл байгааг мэднэ. Бас чих, үс, хуруу, их бие зэрэг чухал биш гэж тооцсон хэсгүүдээ зуралгүй орхидог.
2-3 настай хүүхэд хүнийг хөл толгойн хэлбэртэй зурах ба толгойн дүрснээс хөл, гар нь шууд бий болно. Энэ нь хүүхдийн насанд хүрэгчдийн тухай дүрийн гол хэсэг нь нүүр ба хөл, гар бөгөөд бусад нь чухал биш гэсэн үг.
Олон судлаачид зургийг нэгтгэн дүгнэх, задлан шинжлэх сэтгэлгээний нэг төрөл гэж үзэж байна. Хүүхэд бодит юмсыг биш, харин түүний талаарх ерөнхий мэдлэгээ бэлгэдэл тэмдгээр илэрхийлдэг. Л.С.Выготский зургийг зураасан хэлтэй адилтгасан билээ. Дүрслэх үйл ажиллагаа биологийн өвөрмөц утга агуулгатай. Хүүхэд ахуй насанд сэтгэц физиологийн үйл эрчимтэй хөгждөг бөгөөд зураг нь бие бялдар ба сэтгэл зүйн хөгжлийн механизмын үүргийг гүйцэтгэдэг байна. Хүүхэд болгон 2-3 наснаасаа 13-14 нас хүртлээ зургийг их сонирхдог бөгөөд эрээчих сараачих зургиин үе аль ч орны хүүхдэд ижилхэн илэрдэг ажээ. Хүүхдийн зурагт өөрийн биеиин схемиин тухай төсөөлөл ямагт нөлөөлдөг байна. Зураг нь харааны хүртэхуй хөдөлгөөнии зохицуулалт, хэл ба сэтгэхүйг хооронд нь холбож, хүүхдэд мэдлэгийн эрчимтэй урсгалыг цэгцэлж, ертөнцийн тухай илүү нарийн дүр зургийг бий болгож бататгахад тусалдаг. Зураг нь тархины тал бөмбөлгүүдийн харилцан уялдаатай оновчтой ажиллагааг шаарддаг онцлогтой. Дэлхий дахинд В. Ловенфильдийн зургийн хөгжлийн үе шатны онолыг өргөн хэрэглэж байна.
1)    2-4 нас, өөрийгөө илэрхийлэх анхны шат болох мурий сарий зургийн шат (энэ шатыг дотор нь эмх цэгцгүй, эмх цэгцтэй, нэрлэсэн мурий сарий зургийн үе гэж хуваадаг.
2) 4-7 нас, сэргээн хуулбарлах анхны оролдлого болох энгийн хялбар зураг зурахын
өмнөх шат
3) 7-9 нас, дүрсийн тухай төсөөллийг бататгах энгийн хялбар зургийн шат (Энэ шатанд хүүхэд зургандаа хүн ба орон зайг энгийн байдлаар илэрхийлж, гаднаасаа харагдахгүй өрөөн доторхи ба хананы цаана буй зүйлийг нэвт харагдахаар зурна),
4) 9-12 нас, бодит байдлын шинж чанарыг тусгасан бодит байдалд ойрхон зураг зурахын өмнөх шат

Зохион бүтээх үйл ажиллагаа
Зохион бүтээх үйл ажиллагаа нь зориулалтын барилгын материал ба шоо ашиглан тодорхой үр дүнд хүрэхээр өрж байгуулах үйл явц юм. Энэ үйл ажиллагаа үйлдлийн өвөрмөц барил, техник хэрэгслийг шаарддаг. Хүүхэд зохион бүтээх явцад нарийн хэсгүүдиин хэлбэр дүрс, хэмжээг жишиж, бүтцийн онцлогийг илрүулж сурдаг.
Зохион бүтээх үйл ажиллагаа 3 төрөл байна.
  1. Загвар харж бүтээх. Хүүхдэд хийх гэж буй зүйлийнх нь загварыг харуулж эсвэл яаж бүтээхийг зааж үзүүлсний дараа хийлгэнэ. Ийм үйл явц оюуны онцгой хуч чармайлт шаарддаггүй. Гэхдээ анхаарлаа төвлөрүүлэх, "загвар харж хийх" зорилтыг хүлээн авах чадварыг шаардана.
  2. Өгсөн нөхцлийн дагуу бүтээх. энэ үед хүүхэд загвар биш харин тоглоомын зорилт, насанд хүрэгчдийн санал болгосон нөхцлийн дагуу хийнэ. Жишээ нь галуу үнэгний хоёр байшин барьж, тойруулан хашаа босгох нөхцөл өгчээ. Хүүхэд үнэгний байшинг арай том хийх, галууны байшинг тойруулан үнэг давж чадахааргүй өндөр хашаа босгох ёстой.
  3. Өөрийн санаагар бүтээх. энэ үед хүүхдийн зөгнөл, барилгын материалын сонголт чөлөөтэй байна. Хүүхэд тавилга, саваа мод, шүхэр, даавууны өөдөс зэрэг гарын доорх зүйлээр өрж байгуулдаг.
 Сурах үйл ажиллагааны суурь тавигдах нь
Хэдийгээр энэ үйл ажиллагаа сургуулийн бага насанд төлөвшдөг ч гэсэн түүний бүтцийн элементүүд СӨН-нд үүсч эхэлнэ. Сурах үйл ажиллагаа нь гадаад үр дүн биш, харин өөрийгөө зорилго чиглэлтэй өөрчилж, шинэ мэдлэг, үйлдлийн арга барилыг эзэмшихэд чиглэсэн байдгаараа бүтээлч үйл ажиллагаанаас ялгаатай. Л. С. Выготский СӨН-ы хүүхдийн сургалтын хөтөлбөр: нэгт мэдлэгийн хүрээг тэлж, олон төрлийн хичээлд бэлтгэх замаар хүүхдийг сургуулийн сургалтанд ойртуулсан, хоёрт хүүхдийн сонирхол, хэрэгцээнд нийцсэн, өөрөөр хэлбэл хүүхдийн хувийн хөтөлбөр болсон байх хоёр үндсэн шаардлагыг хангах ёстой гэж үзсэн. Сургалтын материалыг хүүхдийн сонирхолд нийцүүлэх нэг арга нь сургах тоглоомыг ашиглах явдал юм.

No comments: