Tuesday, February 4, 2020

Балчир насны хүүхдийн сэтгэлзүйн онцлог



 Балчир насны хүүхдийн сэтгэцийн хөгжлийн онцлог “ 1-2 хүртэлх нас
Балчир насны хүүхдэд 1-2.5 насны хүүхэд багтана. Балчир нас бол өмнөх нярай үеэс биеийн анатоми, физиологийн бүтэц, оюун ухаан, зан байдлын хөгжлөөр эрс ялгаатай аж. Энэ үеийн хүүхдийн биеийн анатомифизиологийн үндсэн онцлог нь дор дурьдсан шинжээр тодорхойлогдоно. Үүнд: хүүхдийн биеийн ерөнхий хөгжил үлэмж хурдан хөгжиж байдаг.
 2 насны үед хүүхдийн биеийн жин дунджаар 12-12.5 килограмм, өндрийн өсөлт 84.5-85 см уураг тархины жин 1050 -1100 граммд хүрсэн байна. 2 насны үед хүүхдийн их тархины гадарт явагдах хөөрлийн процессийн тархалт үлэмж өргөн хүрээтэй явагдаж эргэж төвлөрөх үйлийн чадвар сул байна.  2 насанд хүүхдийн их тархины гадарын эсийн өсөлт зогсож, эдгээр эсүүдийн ялгах чадвар сайжирна
Хэдийгээр балчир үеийн насны хүүхдийн саатлын процесс сайжирсан боловч хөөрлийн процессоос сул байдаг онцлогтой юм. 2 насны үеэс хүүхдэд дотоод саатлын хэлбэрүүд бүрэлдэн түүний үндсэн дээр хүүхэд өөрийн сэтгэлийн хөдөлгөөнийг барьж, юманд тэвчээр тэсвэртэй хандаж, юм хүлээх, саатан тэвчих чадварын эх тавигдана. Гэвч энэ үед хүүхдийн саатлын процесс сул хөгжсөнөөс болж юманд огцом, гэнэт, түргэн хөөрөх, цочрох, сэтгэл санаа нь амархан хямарч, төвшингөө алдаж, уур уцаартай болох нь хялбар байна. Ийм учраас хүчтэй хөөрөлд автагдсан хүүхэд удаан хугацааны турш тайвширч чадахгүй хөдөлгөөнт байдалд орж сэтгэл санаанх нь түвшин алдагдаж мөд унтаж нойрсож чадахгүй болдог.
Балчир насны хүүхдийн бие махбодь, эрхтний хөгжлийн нэг гол онцлог бол тэдний гарын хөдөлгөөний хөгжил нилээд сайжирсан байдаг явдал юм. Иим учраас хүүхэд гараараа чөлөөтэй хөдөлгөөн хийж, өөрийн нүдэнд тусгагдсан зүйлд гар хүрч, барих, базах, шидэх , эвлүүлэх, салгах зэрэг идэвхтэй үйл хийж чадна.
Үүний дүнд хүүхдийн хөдөлгөөн болон хүрэлцэх сэрлийн хөгжил улам сайжирна. 2 насны үеэс эхлэн хүүхдийн сэрүүн байдал, нойрны хоорондын харилцаа өөрчлөгдөж, сэрүүн байдалд байх хугацаа ихсэж, нойрсох үйл аажмаар багасна. Хоногт дунджаар хүүхэд 4-5.5 цаг орчим сэрүүн байж, нойрсох цагийн хэмжээ хоногт 12.5 цаг хүртэл багасна. Балчир насны үед хүүхдийн бие махбодь, мэдрэлийн тогтолцооны хөгжил ийм үндсэн өөрчлөлт гарах боловч тэдний бие эрхтний бүтэц гүйцэт хөгжиж дуусаагүй, цаашид улам үргэлжилж байдаг хөгжлийн идэвхтэй үе юм.
 2 наснаас бие даасан чанар хөгжиж хөдөлгөөний янз бүрийн хэлбэрийн өөрөө бие дааж хийх эрмэлзлэл, идэвх хөгжиж эхэлнэ. Бие даасан чанар нь энэ үеийн хүүхдийн бас нэг хэрэгцээ юм. Хүүхдэд юманд бие дааж хандах эрмэлзлэл хөгжснөөр ямар нэг үйл ажиллагаанд татагдан орж, түүний насанд хүрсэн хүний алхам бүр үзүүлдэг туслалцаанаас чөлөөлж өөрөө бие дааж юмыг хийдэг чадвар, дадал, зуршилд сургана. Тэрчлэн бие даасан чанар нь хүүхдийг орчлон, ертөнцтэй харьцах шинэ харилцагаар хүмүүжүүлнэ. Хүүхдэд түүний бие даасан чанарыг хөгжүүлснээр тэрэнд насанд хүрсэн хүний эрхшээлээс гарч ажил явдлыг өөрөө санаачлан хийх гэсэн хандлагыг төрүүлдэг юм. Ийм учраас хүүхдийн жижиг ч гэсэн бие дааж юманд хандах гэсэн эрмэлзлэл, санаачлагыг насанд хүрсэн хүмүүс байнага дэмжин урамжуулж байх нь чухал.
Чухам энэ үед хүүхэд өөрөө бие даах хандлагыг илэрхийлж түүнийгээ том хүмүүсээр сайшаалгах, магтуулах их тэмүүлэлтэй байдаг. Насанд хүрсэн хүнтэй тогтмол харилцаж тэдэнтэй дотно ойртож, идэвхитэй харьцах эрмэлзлэл энэ насны хүүхдийн бас нэг чухал хэрэгцээ байдаг юм. 2 настай хүүхдийн хэл яриа танин мэдэхүйн үйлийн хөгжилд урьдах үеийн хүүхдийнхээс давуу чанарууд бий болсон байдаг.
Хүүхэд явж эхэлсэнээр амьдрал, хөгжлийн шинэ үе, шинэ нөхцөлд орно. Хүүхэд хөлд орсноор олон тооны эд юмтай тулгарч, тэдгээрийн өнгө, чанар, хэлбэр хэмжээ, дүрс байдал болон тэдгээрийн орон зайд орших эзэлхүүн багтаамжтай практик ажиллагаагаар танигдаж эхэлдэг юм. Үүний үрээр хүүхдийн таних, мэдэх зүйлийн тоо олширч, юмсын тухай шинэ шинэ төсөөлөл бүрэлдэн ой ухаан нь баяжина. 2 насны эцсээр хүүхэд үндсэн өнгө ба жирийн авиа, дууны өндөр давтамжийг ялгаж эхэлнэ.
Тодорхой авиа дууны аяс аянд тохируулан ямар нэгэн хялбархан хөдөлгөөн хийж чадна. Мөн энэ үед хүүхэд хялбархан дууны аяыг дуурайж аялаж чадна. Хүүхдийн ойн хөгжилд дуу хөгжим онцгой ач холбогдолтойн гадна, тэр нь хүүхдэд баяр баясгалан төрүүлж, сэргэлэн цовоо байдалд оруулдаг. Ингэж сэтгэл хөдөлж дотоод сэтгэлийн угаас хандсан зүйлээ хүүхэд ойн ухаандаа бат тогтоон хадгалж, дараа нь тэдгээрийг хялбархан сэргээн санаж чадна. 2 нас бол хүүхдийн хэл ярианы үлэмж эрчимтэй хөгжлийн үе байдаг. Энэ үед хүүхэд хүний хэлснийг ойлгож, өөртөө идэвхитэй үгийн нөөцийг хуримтлуулдаг юм.
                Хүүхдийн үгийн хөгжлийн энэ үеийг бие даасан үгийн үе гэнэ. Энэ үед хүүхдийн хэл яриаг цаашид эрчимтэй хөгжүүлэхэд насанд хүрсэн хүмүүсийн хэл яриа нь онцгойролтой байдаг. 2 насны үед үгийн нөөц 250-300 орчим болсон байна. 2 насны эцсээр хүүхэд өөрийн ярианд үсгийн аймгийг идэвхтэй хэрэглэж чадах болно. Энэ үед хүүхдэд утга, агуулгаар хялбархан үлгэр, өглүүллэг ярьж өгөхөд түүнйи утга санааг сайн ойлгоно. Хоёр насны хүүхдийн өөрийн идэвхтэй үгийн хөгжил явагдаж эхэлнэ. 1 -3 үгээр нэг буюу хэд хэдэн утга санааг илэрхийлсэн өгүүлбэр болгож ярьдаг.
Үйлдлийн өмнөх үе шат 2-7 нас.
ü  Өмнөх шатан дээрээ хүүхэд зөвхөн үйлдэл, хөдөлгөөнөөс шууд хамааралтай байсан бол одоо тэдгээр үйлдлүүдийнхээ хийсвэр төлөөллийг хэрэглэх чадвартай болж ирнэ. Ийнхүү телөөлөл хэрэглэх нь нэн чухал чадваруудыг шаарддаг. Энд тухайлбал, инсайт буюу гэнэт санаа авах үзэгдлийн энгийн төрөл ч багтдаг байна.
ü  Энэ үед хүүхэд юмыг зүгээр л харан гаднаа ямар ч хөдөлгөөн хийхгүйгээр дотроо бодож чаддаг. Өөрөөр хэлбэл хариуг хүүхэд зөвхөн дотроо бодож, зөв шийдвэрээ өөрөө ухамсарлаж чадна гэсэн үг. Мөн төлөөллийн ачаар хүүхэд зориуд дүрслэн бодож, юмыг зохиож сурдаг байна. Жишээ нь: Пиажегийн нэг охин нь даавууны өөдөс аваад дэр дэрлэж унтаж буй мэтээр уг өөдсийг дэрлэн тоглож байжээ. Хүүхэд одоо юмыг хооронд нь хийсвэрээр төлөөлөн харьцуулах чадвартай болсон учраас нэгийг нь нөгөөгөөр нь орлуулах чадвартай болсон гэж Пиаже үзжээ. Ийм ч учраас заавал дэр хэрэглэхгүйгээр өөр юмыг дэр гэж төсөөлөн бодож чадаж байна.
ü  Юмыг төлөөлүүлэх чадвар ба хүүхдийн анхны хэлц нь ойролцоогоор зэрэг гарч ирдэг байна. Пиажегийн үзэж байгаагаар бол энд учир шалтгааны шууд холбоо үйлчилж байдаг ажээ. Юмыг төлөөлүүлэн орлуулах чадвар нь хэл яриа эзэмших, ярьж сурах чадварыг нэгэн зэрэг илтгэж байдаг.

Хэдийгээр ийм шинэ шинэ ололтууд гардаг боловч үйлдэл төлөвшихөөс өмнөх үеийн сэтгэхүй нь илүү ахмад хүүхдүүдтэй болон насанд хүрсэн хүмүүсийн сэтгэхүйтэй харьцуулахад ихээхэн бүдүүн бараг юм. Хэдийгээр хүүхдэд сэтгэх үйлийн шинж тэмдэг илрэх боловч тэрээр санаа бодлоо нэгтгэн цогцолбороор илэрхийлэх чадвар ззэмшээгүй байдаг. Янз бүрийн санаа бодол хүүхдэд төрөх боловч тэдгээр нь салангид тасархай, ерөнхий төлөвлөгөө тогтолцоонд орж чадаагүй байдаг. Ийм хязгаарлагдмал байдал нь эгоцентризм зэрэг хүүхдийн зан үйлийн онцлогоор илэрдэг байна.

Эгоцентризм
ü  Хүүхэд юмыг өөр дээрээ төвлөрүүлэн сэтгэхийг хэлнэ. Хүүхэд юмыг өөрийн сууринаас харахаас биш бусдын байр сууринаас харж чаддаггүй. Өөрөөр хэлбэл бусад хүмүүсийн байр сууринаас хандах, юмсын хоорондын холбоог олж харах чадвар муутай байна.
Юмыг өөр бусдын байр сууринаас бодож, төлөвлөж хийх нь хүүхдэд туйлын хэцүү юм. Жишээ нь: Пиаже, Инельдер нарын туршилтын явцад ширээн дээр баримлаар хийсэн гурван уулан дээр янз бүрийн тоглоомын дүрсүүд тавьсан байна. Эхлээд хүүхдийг ширээ тойруулан явуулж уулсыг тал талаас нь сайтар харуулжээ. Дараа нь хүүхэд ширээний нэг талд нэг уулын өөдөөс харан сууж, ширээний нөгөө талд өөр нэг уулыг харах газар хүүхэлдэй суулгажээ. Ингээд хүүхдэд уулсын загварыг тал талаас нь харуулсан зурагнууд үзүүлж, чиний харж байгаа зураг аль нь вэ? заа гэхэд зөв заажээ. Харин хүүхэлдэй аль зургийг харж байна вэ? заа гэхэд зөв зааж чадахгүй байсан гэнэ. Энэ бол эгоцентризм буюу өөр дээрээ төвлөрсөн сэтгэлгээний шинж юм.

Холбоослон залгах сэтгэлгээ
ü  Энэ нь толгойдоо орж ирсэн санаагаараа юмсыг хооронд нь холбох оролдлого хийх хандлага юм. Гэхдээ хүүхэд холбож буй зүйлүүдийнхээ хоорондын ерөнхий шинж тэмдгийг төдий л сонирхож энэ талаар санаа зовдоггүй. Ямар нэг ерөнхий санаа бодлыг үндэслэл болгон холбож чаддаггүй.
ü  Энэ нь дээр яригдсан эгоцентризмтэй холбоотой юм: тасархай санаа бодлоо нэгтгэн дараалсан нэг чиглэлд оруулж чадахгүй байгаагийн улмаас ийм тохиолдлын холбоосыг хүүхэд хийдэг. Иймээс хүүхэд тодорхой утта санаануудыг илэрхийлсэн энгийн дүрс төсөөлөл өгч чадах боловч тэдгээрийг хооронд нь ямар нэг системд оруулан холбож чаддаггүй. Жишээ нь: дөрвөн настай хүүхдийг ферм болон амьтдын талаар зурсан зургаа тайлбарла гэхэдЭнд байшин байна, энд амьтад амьдардаг юм. Би байшинд амьдардаг. Миний аав ээж хоёр бас. Энэ морь. Би зурагтаар морь харсан. Танайх зурагттай юу? ” гэх мэт.
Хүүхэд сэтгэлгээгээ хэрхэн холбож байгааг анхаарагтун! Тэр гол сэдвээсээ яриагаа эхэлснээ дараагийн яриандаа гарч ирж буй үгэнд амархан татагдан сэдвээсээ хазайж буй нь харагдаж байна.
Антропоморфизм - Энэ насны хүүхдүүдийн сэтгэлгээний нэг онцлог бол антропоморфизм буюу амьгүй юмыг хүнтэй адилтган тодорхойлолт өгөх явдал юм. Хүүхэд аавынхаа духны үрчлээсийг заанАав аа? Үрчлээснүүдийг би уурлуулахыг хүсэхгүй байнагэж ярих гэх мэт.
Ийнхүү үйлдэл төлөвшихөөс өмнөх насны хүүхэд хүнийг үзэгдэл юмсаас төдий л сайн ялгаж чаддаггүй. Тэд өөрсдийнхөө сэтгэлгээг зохион байгуулах чадваргүй байдаг учраас хүний чанарыг бусад амьгүй юмсын чанаруудтай холбодог байж магадгүй юм.

Эгоцентризм, холбогч сэтгэлгээ, антропоморфизм зэрэг нь нэг ерөнхий түвшинд яригдах жишээнүүд юм. Энэ насны хүүхдэд өөрийнхөө сэттэлгээг нэгдсэн нэг системд оруулан ерөнхий төлөвлөгөөний дагуу зохион байгуулах чадваргүй байдаг. Тэд юмыг өөр өөр байр сууринаас харах чадваргүй учраас сэтгэлгээ нь эгоцентр шинжтэй юм.

No comments: