Tuesday, February 4, 2020

Бие хүний сэтгэл зүйн хувийн онцлог, түүнд нөлөөлөх боломжууд


Холерик авир араншин
Ийм авир араншинтай хүн үлэмж хөөрөмтгий байдаг. хөдөлгөөн нь огцом, түргэн, эрс, гялалзуур, хурдан, ажил явдалд эрчимтэй, өөдрөг шинэ сэргэг зүйлд дуртай. Сэтгэлийн хөдөлгөөн ихтэй баярлаж гомдох нь амархан, тогтворгүй, гомдомтгой, айлгамтгай, тэвчээргүй, шаралхуу, цагаан цайлган, биеэ барьж чаддаггүй, түргэн уурлах боловч уур нь амархан гардаг. Үе үе зорьсондоо хүрэхийн төлөө эрчимтэй шаргуу хөдөлмөрлөж тулгарч буй саад тотгорыг даван гарах сэтгэлийн тэнхээтэй байснаа ядарч цуцмагц өөртөө итгэх итгэл нь алдарч сэтгэлээр унан юу ч үл хийнэ.
            Холерик хүн бусдын яриаг дуустал сонсдоггүй, өөрөө ярихыг зонхилдог. Зөв гэсэн зүйлээ эрс хамгаалан маргаж, хүнд бууж өгдөггүй, энэ үедээ дохио зангаа хэрэглэх, суудлаасаа босож ийш тийш холхих зэрэг бухимдуу шинж илэрдэг. Хүнтэй их түргэн танилцдаг. Өөрийгөө хүний дэргэд биеэ даасан байдалтай авч явдаг боловч эрээ цээрээ алдах нь цөөнгүй. Илэн далангүй яриатай, тэр ч бүү хэл танихгүй шахуу хүнтэй ч эрээлхэлгүй ярилцдаг онцлогтой.
            Холерик хүн өөрийн санасандаа хүрч л байвал бусад хүмүүс түүний тухай юу гэж ярьж байх нь хамаагүй. Анхаарлаа чөлөөтэй сэлгүүлэх чадвартай, өөрийн авир араншингийн хурд идэвхийн эрчээр олон асуудлыг нэгэн зэрэг шууд шүүн тунгааж учрыг олж чадах авъяастай боловч тэр бүхнээ эцэст нь хүргэж чаддаггүй. Холерик төрх нь шийдэмгий шаргуу, аливаа асуудлыг шийдэхдээ хурдан зэрэг төрөлхийн онцлогтой төдийгүй амирлангуй зогсонги байдлаас гарч ямарч бэрхшээлтэй асуудлыг шийдэх чадвартай байдаг.
            Ажил амьдралын таагүй нөхцөлд: ууртай омогтой, шаралхуу, өс хонзон санамтгай болж болзошгүй байдаг. ийм авир араншин түлхүү хөгжсөн холерик хамт олныг дотроос нь задалж тэднийг с суртахууны болон сэтгэл зүйн тааламжгүй уур амьсгалтай болгодгийн дээр бүгдийг өөртөө хүчээр зохицуулахыг эрмэлзэн хүнтэй тохирдоггүй, уйдамхай, үнэнийг эрэлхийлсэн эцэс төгсгөлгүй заргач маргаанч болох нь олонтаа.
            Ухаалаг удирдагч холерик авир төрхтэй хүнийг зөв хөгжөөж чадвал туйлын үнэнч шудрага, эрдэм мэдлэг, эрчим чадвар хосолсон, ажил хэрэгт шуурхай, алдаа дутагдлыг тэвчдэггүй, зогсонги байдлыг өөрчлөх чадвартай сайн ажилтан, өндөр мэргэжилтэн төрөх нь эргэлзээгүй.  Холерик хүнийг өөрт нь итгэж бие даалгах чиглэлээр ажиллуулах нь тохиромжтой. Түүнийг сайн хянаж, шүүмжлэл анхааруулгыг олны дунд бус ганцааранд нь хэлж байвал үр өгөөжтэй. Холерик хүний цагаан цайлган итгэмтгий талыг нь түшиглэж наалдаж ажиллах, сайн муу талыг нь өөрт нь ил тод байнга хэлж, бага ч гэсэн амжилт ололтыг нь андахгүй мэдэрч урамшуулж ажиллавал илүү үр дүнтэй.

Сангвиник авир араншин
Ийм төрх араншинтай хүмүүс сэргэлэн цовоо, амьдралын баяр баясгалантай, хөөрүү хөгжилтэй, нүүрний баясгалантай, уриалгахан, урам зоригтой, нийтэч, илэн далангүй яриа хөөрөө сайтай, хүнтэй нийлэмжтэй, амирлангуй, тансаг юманд дуртай, шинэ зүйлд татагдамтгай сониуч, идэвхи санаачлагатай, ажил хэрэгт түргэн шаламгай байдаг. Тэдэнтэй хөгжилтэй хөхүүн, амар жимэр ажиллаж амьдарч болно. Ажил явдал, шинэ орчинд амархан дасан зохицож чаддаг, хүнтэй амархан танилцаж нөхөрсөг харьцаж чаддаг, хамт олон ч байдал нь хамтран ажиллахад таатай уур амьсгалыг бий болгодог. Ялихгүй зүйлд гоморхоод байдаггүй, хошин шогт дуртай, нэгэнт болж өнгөрсөн юмыг уг үндсээр нь онгилон уудлаад байхгүй бас угтах ирээдүйнхээ тухай санаашран бодлогошроод байдаггүй тэр өдөртөө сэтгэл нь ханаж явдаг. Гэр бүлийн хэрүүл маргааны үед ханиа гомдоохгүйг хичээж тайван, хянамгай, болгоомжтой байдаг.
Сангвиник төрхийн хүн гадаад нөлөөллийг их соргогоор хүлээн авдаг, гишгээ, үг яриа, үйл хөдлөл нь түргэн. Бусдын яриаг анхааралтай сонсож, түргэн тусган авч үгэнд өдөгдөж маргахад ч бэлэн байдаг. Шинэ юмыг түргэн тусган авах чадвартай гэхдээ шинийг эрмэлзэн тэмүүлэх сэтгэлийн хөөрөл нь анх эхэлсэн шигээ түргэн намдаж өөрт нь арай илүү шинэвтэр санагдсан өөр зүйл рүү тэмүүлэх шохоорхонгуй зантай.
Шинэ хамт олны дотор орвол үг хэлээ амархан түргэн ололцож, өөрийгөө зохицуулж чаддаг, цоглог, шинэ санаа гарган ажилладаг зэрэг ихээхэн уян хатан байдалтайгаараа онцлог юм.
Харин ажил, амьдралын таагүй нөхцөлд сангвиник хэв шинжийн хүн тогтворгүй хөнгөн хийсвэр болж болзошгүй байдаг.
Ухаалаг удирдагч сангвиник хүний өндөр идэвхийг нь дэмжих замаар авир төрхийг нь аятайхан залах хэрэгтэй. Мөн тэдний эрчимтэй шийдэмгий тал, шинийг мэдрэх мэдрэмж, эрэмгий, сонирхсон ажил хэрэгтээ үнэн сэтгэлээсээ дурладаг,  нийтэч зэрэг сайн талуудыг дэмжин хөгжүүлж ажиллах нь зүйтэй. Сангвиник хүний эдгээр онцлогт тулгуурлан ажиллавал сахилга дэг журамд түргэн дасч, ажлын амжилт бүтээл ундран, ажил төрөл тань шинэ сэргэг санаагаар баяжих болно.  Харилцаа талаасаа аваад үзвэл сангвиник хүн хамгийн сайн харилцагч байдаг. Тэд хэнтэй ч таарч тохирч, сохрын газар сохор, доголонгийн газар доголон болж чадна. Сангвиник хүмүүс богино хугацаанд гүйцэтгэх шуурхай олон янзын үйлдэлтэй ажил хэрэгт өндөр бүтээмжтэй ханддаг, их нээлттэй бусадтай амархан харилцаа холбоо тогтоож чаддаг, олны дунд байхыг эрхэмлэдэг тул "хүн-хүн чиглэлийн" ажил хөдөлмөрт амжилт гаргах бүрэн боломжтой.
Флегматик авир араншин.
Ийм хүмүүс их мөрөн шиг амгалан тайван, дөлгөөн, удаан, шаргуу, тэвчээртэй, жигд хэмнэлтэй хөдөлмөрлөдөг, хатуужил тэвчээр сайтай, өөртөө итгэлтэй, чиглэсэн зорилготой, эв эеийг хичээдэг, дотроо бодолтой ажилч хичээнгүй, биеэ барих чадвар сайтай байдаг.
Флегматик хүн гадна талаасаа амирлангуй дөлгөөн, хөөрөл багатай харагддаг, үг дуу цөөтэй бараг дуугарахгүй шахам, түүнийг инээлгэх, уурлуулах, уяруулах, сэтгэлээсээ ярилцах зэрэг идэвх хөдөлгөөнтэй болгоход амаргйй байдаг. Тэднийг идэвхижүүлэхэд бэрхтэйн адил ямар нэг зүйлийг хийгээд эхэлсэн бол зогсоох аргагүй байдаг. Ямар ч хүнд нөхцөлд тайван түвшин байж, сэтгэлийн хөдөлгөөний ямар нэг муу чанараас өөрийгөө чөлөөлж чаддаг.
Холерик, сангвиник хүмүүс шиг бүхнийг түргэн амжуулж чаддаггүй ч гараас нь гарсан юм жинтэй, нягт нямбай байдаг. Үр дүнгүй зүйлээр оролдож хүч чадлаа хий Дэмий зарцуулдаггүй, үр дүн нь гарах өөрийн зөв гэсэн зорилгондоо хүрэхийн тулд тэвчээртэй шаргуу хөдөлмөрлөж, нэг эхэлсэн ажлаа эцэст нь хүргэдэг. Үүгээрээ сангвиник хэв шинжийн хүнээс ялгагддаг. Ажилд нэг их яардаггүй, алхаа гишгээгээ тоолж яваа мэт алгуур хөдөлгөөнтэй ч ажиллах чадвар ихтэй, хөдөлмөрийн өндөр бүтээмжтэй ажилладаг. Үүний учир тэд нэг ч илүү үйлдэл хийдэггүй, зорилгодоо итгэлтэй хүрэхийн тулд туйлын нягт нямбай, тууштай, яаралгүйгээр шаардагдах үйлдэл хөдлөл бүрийг алхам алхмаар анхааралтай гүйцэтгэж, нэг ч юм, нэг ч үйлдлийг орхилгүй, хийж буй ажилдаа бүх анхаарлаа төвлөрүүлж гадны нөлөөлөлд автагддаггүйтэй нь холбоотой.
Тэд хуучныг баримтлах гэмтэй, сурсан дадал зуршлаа сольж өөрчлөх дургүй, тэр бүр хүнтэй амархан танилцаж чаддаггүй цөөн хэдэн нөхөдтэй, за гэвэл ёогүй зантай. Ажил амьдралын таагүй нөхцөлд залхуу, үлбэгэр болж болзошгүй. Ухаалаг удирдагчид ийм хүнтэй ажиллахдаа: жигд хэвийн хөдөлгөөн шаардагдах, тайван уужуу хийгдэх технологитой, эцсийн зорилго түүнд хүрэх арга зам нь ил тод ажил үүргийг даалган хариуцуулах нь тохиромжтой. Чухам ийм нөхцөлд л флегматик хүн өөрийгөө эцэж цуцдаггүй, тэвчээртэй шаргуу ажилтан болохоо харуулж чадна.
Флегматик хэв шинжийн хүнд ийш тийш гүйж хөөцөлдөх, тэр ч бүү хэл үр дүнд хүрэхгүй байж мэдэх олон удаагийн сорилт туршилт шаардагдах эсвэл тагтикаа түргэн солих, эцсийн үр дүнд заавал хүргэх шаардлагагүй болон олон ажил зэрэгцүүлэн хийх шаардлагатай ажил, үүрэг даалгавар өгөх нь тохиромжгүй, үр дүн муутай байдаг гэдгийг анхаарах хэрэгтэй. Мөн флегматик хүн нөхцөл байдлыг өөртөө зохицуулахаасаа өөрөө тухайн нөхцөл байдалд илүү түргэн зохицдогийг бодолцох хэрэгтэй.
Меланхолик авир араншин.
Ийм хэв шинжийн хүмүүс нь уйтгарлангуй, дүнсгэр, аймхай, шийдвэр муутай, тууштай биш, ганцаардмал, зожигдуу, биеэ баримтгай, сэтгэл нь түгшимтгий, бухимдуу, гутранги, тунимхай, эмзэг мэдрэмтгий, тэсвэр хатуужил муутай, амьдралын зовлон  зүдгүүр, таагүй хэрэг явдлыг дааж давшгүй хүнд эмгэнэл гаслан уй гащуу мэт үздэг хүмүүс.
Сэтгэл нь нэг хөдөлбөл удаан хугацаанд маш хүчтэй тогтвортой явагддаг. байгалийн үзэгдэл, хүний үйлдэл зэрэг гадаад орчны сайн, муу нөлөөнд их хүчтэй өртдөг, сэтгэцийн үлэмж мэдрэмтгий чанар юм. Үл мэдэгдэм эерэг нөлөөлөл хүртэл сэтгэлд нь хүчтэй тусаж удтал сэтгэлийг нь догдлуулдаг зэрэг онцлогоосоо болж өөртөө тааламжгүй үзэгдэл үйл явдлаас ямагт айн болгоомжилж аливаад шантрамтгай хандана. Дасаагүй орчин, нөхцөл байдал, танихгүй хүмүүстэй уулзаж учрахдаа голдуу болгоомжлон аливаад шийдвэр муутай, няцамтгай ханддаг.
Меланхолик төрхийн хүн нь өөртөө итгэх итгэл муутай, түргэн эцэж цуцдаг, сэтгэлээр амархан гутарч, өөрийгөө машид тамлан зовоодог. Туулж өнгөрүүлсэн замаа дурсан бодох дуртай, түүнийг одоогийнхоосоо илүү сайн сайхан байсан мэт Санана.  Ирээдүйнхээ тухай сэтгэл түгшин боддог. Амьдрал болж бүтэхгүй, ажил төрөлдөө ахин дэвшихгүй байна хэмээн үргэлж гомдол мэдүүлж явдаг, гэр бүлийн  хэрүүл маргаанд сэтгэл нь удтал шаналж эовно. Ереес тэсвэр хатуужил хамгийн сул  хүмүүс.
Ажил, амьдралын таагүй нөхцөлд меланхолик хүн зожиг, аймхай, түгшимтгий болж болзошгүй. Ийм тохиолдолд тэдний хий хоосон дэмий зовиурлах зол хийморьгүй,  өрөвдмөөр, уйтгар төрүүлсэн байдал нь хамт олны санаа сэтгэлд  байн байн зохисгүй нөлөөлдөг.
Ийм төрхтэй удирдах хүмүүс ажил хэргийг голдуу нэгэн хэвийн зогсонги байдалд  байлгах хандлагатай байдаг төдийгүй юм бүрийг өөрөөсөө зайлуулж, бусад хүмүүст даалгавар болгоод тараачихдаг, өөртөө ажлын ачаалал үүрэх сэтгэлийн тэнхээгүй, хүмүүсийн дунд орж тэдэнтэй гялалзтал ярилцаад учраа олчихож чаддаггүй, юм л бол хурал тогтоол, төлөвлөгөөнд дуртай байдаг зэрэг нь албархаг хүйтэн  хөндий харьцааг үүсгэнэ.
Ухаалаг удирдагчид тэдний ижил дасал болж итгэлцсэн хамт олон, хүмүүстэй элэгсэг дотно ханддаг, сонгож авсан ажил мэргэжилдээ дуртай, гярхай мэдрэмжтэй байдал, хэдийгээр мэдэхгүй ажил, танихгүй хүнээс хөндүүрлэн болгоомжилдог ч цөөн хэдэн найз нөхөддөө үнэнч, өрөөл бусдын жаргал зовлонг хамгийн сайн хуваалцаж чаддаг зэрэг сайн тал дээр нь түшиглэж ажиллавал үр дүнд хүрнэ. Тэд хүмүүсийн болгоомжилбол зохих муу талыг нь сэмхэн олж хараад сайн талыг нь илэрхийлэх  байдлаар сайн тал дээр нь түшиглэж ажилладаг. Меланхолик төрхийн хүнийг нэр заан чичилж, ширүүн шүүмжилж, тоглоом тохуу хийх, бүдүүлэг авирлах нь тэднийг гомдоохоор барахгүй эрүүл мэндииг нь сарниулж, сэтгэцийн эмгэгт ч хүргэж болно. Иймээс удирдагч болон хамт ажилладаг нөхөд нь меланхолик төрх төлөвтэй хүний энэ  онцлогийг мэдэж түүнтэй анхааралтай, сайхан сэтгэлээр хандаж харилцах, нөхөрсөг яриа, зөөлөн егөөдөх хэлбэрээр бие биендээ шаардлагатай хандах уур амьсгалыг бий болгох замаар дутагдлыг нь засахыг эрмэлзэх хэрэгтэй.
Меланхолик, флегматик темпераментийн шинж давамгайлсан хүмүүс урт удаан хугацаанд нэгэн хэвийн үйлдэл гүйцэтгэх ажилд болон их төлөв үйл ажиллагааны дунд эсвэл сүүлд илүү их үр бүтээлтэй хөдөлмөрлөдөг. Тэд нэг үйлдлээс нөгөөд шилжих, төвлөрөхдөө удаан учир шуурхай үйлдэл шаардсан ажил тэдэнд хүндрэлтэй байдаг. Ийм учраас ухаалаг удирдагч энэ бүхэнд тохируулан үүрэг даалгаврыг оноох нь чухал. Ийм темпераментийн хүмүүс хүн-техник, хүн-байгаль, хүн-систем зэрэг ажил хөДөлмөрт илүү амжилт гаргадаг. Эрдэм шинжилгээний ажилтан, бүтээлч хөдөлмөрийн хүмүүсийн дотор меланхолик төрхийн хүмүүс цөөнгүй тохиолддог байна.

No comments: