Friday, February 7, 2020

Тоглоомын үйл ажиллагааны ойлголт, бүтэц, хөгжлийн үйл явц



Тоглох үйл ажиллагааны мөн чанар, гүйцэтгэх үүрэг
Тоглоом хүн төрөлхтний түүхэнд. Тоглоом бол хүүхэд насанд учирч хөгжиж төлөвшөөд хүний насан туршид нь дагалддаг онцгой үйл ажиллагаа, хүмүүн төрөлхтний соёлын салшгүй нэг хэсэг юм. Тоглоом нь хөдөлмөрөөс өмнө үүссэн гэж зарим судлаачид (Германы сэтгэлзүйч В. Вундт) үздэг. Гэтэл хөдөлмөр нь амьдрах хэрэгцээнээс бүр эрт үүсэж, түүнийг дагалдан соёлын олон төрөл, түүний дотор тоглоом үүссэн гэж нөгөө хэсэг эрдэмтэд (Г. В. Плеханов, 1912) үздэг.
Тоглоом нь нэг үеэс нөгөө үед соёлын туршлагыг дамжуулах, хүүхдийг хөдөлмөрт бэлтгэх хэрэгсэл учраас нийгмйин утга, зориулалттай юм. Тоглоомын тусламжтайгаар хүүхэд амьдралын тухай төсөөлөлтэй болж, хүмүүсийн харилцааны хэм хэмжээг эзэмшиж, өсвөр үе томчуудын хөдөлмөрт оролцож, хөдөлмөрийн багаж зэмсгийг ашиглах чадвар, дадалд суралцаж иржээ. Түүхэн хөгжлийн дараа дараагийн шатанд хүмүүс тоглоомыг нийгмийн урлагийн нэг хэсэг, хүүхдэд бие хүний чанаруудыг төлөвшүүлэх чухал хэрэгсэл болгож чаджээ.
Хүүхдийн тоглоомын нийгмийн шинж.
Тоглоом бол насанд хүрэгчдийн амьдралын дуураймал загвар юм. Тоглоом бол нийгмийн үндэстэй үзэгдэл юм. “Тоглох явцад дасгалжиж, авъяас нь улам боловсронгуй болж амьдралын цаашдын чухал үйл ажиллагааны бэлтгэл болдог(К. Грос), “амьдрал хөдөлмөрт зарцуулагдаагүй илүүдэл хүчээ тоглоомд зарцуулагддаг юм, тоглоомын эх сурвалж нь энэ хүч юм(Г. Спенсер), “сэтгэл ханамж авах үйлдэл юм.” (К. Бюлер), “тоглоомоор ямар нэг дүрд орж бодитой орчны оронд хийсвэр орчин өөртөө бий болгож чаддаг(Л. С. Выготский) гэх мэтээр тоглоомын тухай олон онол дэвшүүлсэн байдаг.  
Тоглоом бол хүүхдийн нийгэмшлийн хүчирхэг хэрэглүүр юм. Тоглоом нь хүүхдийг хүрээлэн байгаа насанд хүрэгчдийн ертөнцийн бүхий нарийн нандин бүхнийг биеэр мэдэх хамгийн дөхөмтэй арга болохыг К. Д. Ушинский тодорхойлсон байдаг. хүүхдийн тоглоомууд нь хүрээлэн байгаа нийгмийн орчныг, хүний хөдөлмөр, амьдрахуйн арга ухаан, хүмүүсийн хоорондын харилцааны үйл ажиллагааг бүхэлд нь олон талаар тусгаж байдаг. Иймээс чухамхүү  тоглох үйл ажиллагааны явцад хүүхдийн нийгмийн амьдрал хамгийн ихээр идэвхждэг нь ажиглагддаг.
Тоглоомын чиг үүргүүд.
Үндэстэн хоорондын харилцааны чиг үүрэгтэй. Үндэсний мэт боловч интернационал шинжтэй, үндэстэн хоорондын, хүний олон талт амьдралыг загварчлах боломж олгосон, эвтэй нөхөрсөг амьдрах, түрэмгийлэл, зөрчил маргаанаас зайлсхийхэд дасгах, сэтгэл хөдлөлийн олон хэлбэрт сургадаг.
1.         Тоглоомоор хүн өөрийгөө илэрхийлэх нь тоглоомын үндсэн чиг үүрэг юм. Тоглох үйл явц бол хүн өөрийн бие хүний чанараа илэрхийлэх орон зай, элдэв асуудлыг загварчлан илэрхийлэх бас шийдвэрлэх боломж юм.
2.         Харилцааны хэрэгцээг хангах чиг үүрэгтэй. Тоглоом өөрөө дүрэм үйлдлээр дамжуулан бусад хүмүүстэй харилцах үйл ажиллагаа юм.
3.         Тоглоомын оношлох чиг үүрэг. Оношилгоо гэдэг бол хамтран тоглогчийн зан байдал, үйлдэл, хөдөлгөөн, ирээдүйн дүр төрхийг таних, үйлдлээ төлөвлөх чадвар юм.
4.         Тоглоомын үйлдлээр засал хийх чиг үүрэг. Тоглоомыг хүний зан төлөв, харилцаа, хичээл сурлагад учрах элдэв төрлийн бэрхшээлийг даван туулахад ашиглах боломжтой. Тоглох явцад албадлага, хүчирхийллийн оронд хамтран ажиллах, эрх чөлөөт харилцааны явцад засал хийх, эмчлэн сэргийлэх нөлөөлөлд ордог.
5.         Тоглоомоор зохицуулах чиг үүрэг. Тоглох дүр, тоглоомын дүрмийг хэрэгжүүлэх явцдаа хүүхдэд зан төлөвөө өөрчлөх, өөрийгөө мэдрэхэд нь бусдад туслах, харилцааны бэрхшээлээ даван туулахад туслах зэргээр сэтгэлзүйн хувьд зохицуулах үүрэг гүйцэтгэдэг.
6.         Наадах, зугаацуулах чиг үүрэг. Сэтгэлд таатай уур амьсгал, сэтгэлийн баяр хөөр бий болгох, бие хүний алжаал тайлах, тогтуун тайван болгох ид шидтэй гэмээр үүрэг гүйцэтгэдэг.
Тоглох үйл ажиллагааны онцлог шинжүүд.
Орчин үеийн ХСУ-ы онолд тоглоом бол СӨН-ы хүүхдийн үйл ажиллагааны голлох төрөл хэмээн үздэг. Тоглоом нь хүүхдийн үндсэн хэрэгцээг хангаж, тоглоомоос улбаалан үйл ажиллагааны бусад төрлүүд үүсэж, хөгждөг, хүүхдийн сэтгэцийн хөгжилд хамгийн ихээр нөлөөлдөг зэрэг өвөрмөц онцлогтой юм. Үүнд:
1.      Тоглоомын явцад СӨНХ-ийн бие даах эрмэлзэл, насанд хүрэгчдийн амьдралд идэвхитэй оролцох зэрэг хэрэгцээ илэрч байдаг. тоглоомын үед хүүхэд томчуудыг дууриаж өөртөө үүрэг хүлээж, өөрийн мэдрэмж төсөөлөл, хүсэл бодлоо бие даан чөлөөтэй илэрхийлж, өөрийнхөө юу чаддагийг сорих боломжийг биеэр мэдэрч чаддаг.
2.      Хүүхэдд төрсөн цагаасаа хүрээлэн байгаа ертөнцийг танин мэдэх сэтгэлзүйчдийн нэрлэдгээр хэзээ ч хангаж үл дуусах хэрэгцээ бий. Хүүхдийн тоглоом нь шинэ зүйлийг мэдэх, мэдсэнээ эргэцүүлэн бодох, түүнд хандах хандлагаа илэрхийлэх олон талын боломжийг олгодог. Тоглох явцдаа сурч эзэмшиж байгаа зүйл нь тоглоомын агуулга болдог.
3.      Хүүхэд бол өсөж хөгжиж буй бодьгал. Хөдөлгөөн бол хүүхдийн төгс өсөж хөгжих нэг нөхцөл нь. Бүх төрлийн тоглоомын үед хүүхдийн идэвхитэй хөдөлгөөний хэрэгцээ хангагддаг.
4.      Тоглох үйл ажиллагааны явцад хүүхдийн бусадтай харилцах, хамтын нийтлэг сонирхол, таашаалаараа нэгдэх хэрэгцээ хангагдаж, хамтын санаа бодлыг мэдрэх, харилцан бие биедээ хяналт тавих, туслах, шаардлага тавих, захирах захирагдах дадал, хандлагад суралцдаг.
5.      Хүүхэд тоглох явцад үйл ажиллагааны шинэ төрөлд (хөдөлмөр, сурлага) шаардагдах,
6.      Тоглоомын явцад хүүхдэд танин мэдэх, харилцах, ёс суртахууны гэх мэт олон сэдэл, шалтаг үүсэж, хэрэгжиж байдаг.
7.       Хүүхдийн тоглох үйл ажиллагааны анхны зорилго бол тоглох үйлдлээс сэтгэл ханамж, таашаал авах, хоёрдахь зорилго нь тоглох дүрмийг биелүүлж сэдвийн дагуу дүрд орж тоглох. гуравдахь зорилго нь тоглоомын бүтээлч (тааварлах. төсөөлөн бодох, үйлдлийг төлөвлөх, төөрүүлэх. хожих г.м) зорилт байдаг.
8. Тоглох явцад хүүхдийн сэтгэцийн чухал үйлдлийн нэг болох төсөөлөл, бүтээлч авъяас хөгжихөд маш сайн нөлөө үзүүлдэг. Төсөөлөл нь цаашид сэтгэхүй, хэл ярианы хөгжилд чухал үүрэгтэй.
Тоглож байгаа хүүхдийг ажиглахад тэд ямар нэг асуудлыг сэдэж, түүндээ хариулт олж шийдвэрлэж байдаг. Тоглох үйлд баяр хөөр, уур уцаар, тэмцэл, бусадтай зохицох, хамтрах, мөн өөрөө бие даан ажиллах, танин мэдэх зэрэг хүний сэтгэл санаа, үйл хөдлөл, харилцааны бүхий л зүйлс агуулагдаж байдаг.
Тоглоом бол хүнд их баяр цэнгэлийг төрүүлнэ. Энэ баяр цэнгэл нь гоо зүйн, ажил бүтээлийн, ялж дийлсний гэж байдгаараа амжилттай их төсөөтэй юм. Тоглоомын үед 
а) тоглож байгаа хүн түүндээ бүх анхаарлаа хандуулж зохион бүтээх, зохиосон зүйлээ янз бүрээр өорчлөх сайжруулах явдлыг хослохыг
б) нэг зорилтыг биелүүлж байж нөгөөд шилжихийг
в) тоглоом бүрд, ирээдүйд хэрэг болох бүхнийг сонгож чаддаг, наадгайгаа хайрлаж хамгаалдаг практик ач холбогдолтой юм" гэж А.С.Макаренко тоглоомыг үнэлсэн байдаг.
Тоглоом бол хүмуүжлийн хэрэглүур мөн. Тоглох үйл ажиллагаа нь хүүхдийг хүмүүжүүлж, нийгэмшүүлэх, бие хүнд хүмүүн чанарыг төлөвшүүлэх, дотоод агуулгыг баяжуулж хөгжүүлэхэд үнэлж баршгүй ач холбогдолтой. Тоглох үйл нь нэг талаас хүүхдийн бие даасан үйл ажиллагаа мөн боловч нөгөө талаасаа хүнийг хүн болгох анхны "сургууль", хүмүүжил. сургалтын хэрэглүүр болдог. Тоглоомыг хүмүүжүүлэх хэрэглүүр болгоно гэдэг нь хүүхдийн хүмүүжлийн агуулгад нөлөөлнө, ертөнцийн тухай зөв төсөөлөл олгоно, ах захын ёсыг мэдрүүлнэ. ёс суртахууны мэдрэмж, таашаал өгнө, тэднийг эрүүл зөв харилцааны аргад сургана гэсэн үг юм. Хүүхдэд зан төрхийн хэм хэмжээ, харилцааны дүрэм, журмыг эзэмшүүлэхэд тоглоом үнэхээр агуу их ач холбогдолтой. Жишээ нь хүүхэд хэн нэгний (эмч, багш, жүжигчин, жолооч) дүрд тоглолоо гэж бодоход ямар нэг мэргэжил, бие хүн өөрийгөө таарах эсэхийг биеэр хийж үзээд зогсохгүй, тэр мэргэжлийн ертөнцөд бие, сэтгэлээрээ амьдарч, мэдрэмж, сэтгэл санаанд нь гүнзгий орж мэдрэн тэр хэрээр хүүхэд бусдад хандах хандлага, өөрийн хувийн чанар, итгэл үнэмшлээ гүнзгийрүүлэн баяжуулж байдаг.
Тоглоом бол хүүхдийн амьдрал, үйл ажиллагааг зохион байгуулах хэлбэр юм. Тоглох үйл нь хүүхдийг зөвхөн хүмүүжүүлэх хэрэглүүр болоод зогсохгүй тэдний амьдрал, үйл ажиллагааг зохион байгуулах хэлбэр болох өргөн боломжтой юм. Хүүхдийн амьдралыг тоглоомын хэлбэрээр зохион байгуулах оролдлогыг анх Ф.Фребелъ хийсэн байдаг. Сургах болон хөдөлгөөнт тоглоомын үндсэн дээр хүүхдийн цэцэрлэгийн хүмүүжлийн ажлыг зохион байгуулах тоглоомын тогтолцоог тэрээр боловсруулсан байдаг. Хүүхэд цэцэрлэгт байх хугацаандаа төрөл бүрийн тоглоом тасралтгүй тоглож байхаар, нэг тоглоом дуусгаад дараагийн шинэ тоглоом тоглуулахаар өдрийн дэглэмийг зохиосон байдаг.
Хүүхдийн нас сэтгэцийн онцлогт тохируулан сайтар бодож төлөвлөн тоглоомын сэдэв, төрөл, арга хэлбэрийг оновчтой сонгож, хүүхдийн өдөр тутмын амьдрал, үйл ажиллагааг зохион байгуулахад тоглох үйл ажиллагааг чиглүүлэн хүмүүжүүлэн боловсрол олгох зорилтыг шийдвэрлэхэд ашиглаж болно гэж ХСУ-д үздэг. Тоглох үйл ажиллагааны явцад хүүхдэд хоёр төрлийн хандлага төлөвшин бүрддэг.
1.      Тоглоомын агуулга, тоглоомын дүрмээр тодорхойлогдох хандлага. Дүрд тоглох тоглоомын явцад (инженер нь ажилчдаа удирддаг, сурагч нь багшаа, хүүхэд аав ээждээ захирагддаг шиг) тоглоомын хиймэл дүрийн үүрэг нь хүүхдийн үйл ажиллагаа, зан байдлыг удирдан хөтөлж, нөлөөлдөг.
2.      Тоглоомын үед илрэх бодитой хандлага. Тоглох дүрмээ тохирох, хэлэлцэх, үүргээ хувиарлах, баг болж тоглох, маргах, тоглоомын явцад үүссэн маргаан зөрчлөө шийдэх, олны санаа бодолд захирагдах зэрэг бодитой үйлүүд нь хүүхдийг амьдралд хандах нийтэч хандлагад суралцахад эерэг нөлөө үзүүлдэг.
Хүүхдийн тоглох үйлийн ангилал. Хүүхдийн тоглох үйл ажиллагаа нь агуулга, зохион байгуулах хэлбэр, бие даасан шинж, наадгайг хийсэн материал зэргээс шалтгаалан тоглоомын баян ертөнцийг бий болгодог. Хүмүүжүлийн онцгой хэрэглүүр болох тоглох үйл ажиллагааг хүүхдийн оюуны хөгжилд нөлөөлөх (оюуны тоглоомууд), мэдрэмжийн гадаад эрхтний хөгжилд нөлөөлөх (сенсор тоглоом), хөдөлгөөний хөгжилд нөлөөлөх (хөдөлгөөнт тоглоом) гэх мэтээр төрөлжсөн нөлөөллийн зарчимд тулгуурлан (Ф. Фребель) ангилсан бол, дууриах болон хөдөлгөөнт тоглоом гэж П. Ф. Лесгафт хоёр ангилсан байдаг.
Сүүлийн үед насанд хүрэгчид ба хүүхдийн тоглоомыг дараах гурван төрөлд ангилсан байдаг (С. Л. Новоселов).Үүнд:
1.      Хүүхдийн саначилгаар үүсгэн тоглох (Бүтээлч) тоглоомууд:
-          Бие даасан сэдэвт тоглоомууд
-          Сэдэвт дүрийн тоглоомууд
-          Найруулан зохиож тоглох (жүжигчилсэн) тоглоомууд
-          Театрчилсан тоглоомууд
-          Өрж хураах барьж байгуулах, зохион бүтээх тоглоомууд
-          Компьютерийн тоглоомууд
2.      Боловсрол олгох, хүмүүжүүлэх зорилгоор насанд хүрэгчдийн санаачилгаар үүсгэн тоглох тоглоомууд:
Сургах тоглоомууд:
-          Дидактикийн тоглоомууд
-          Сэдэвт- дидактикийн тоглоомууд
-           Хөдөлгөөнт тоглоомууд
-          Компьютерийн тоглоомууд
Чөлөөт цагаар тоглох тоглоомууд:
-          Зугаатай тоглоомууд
-          Оюун ухааны тоглоомууд
-          Зугаа гаргах, алжаал тайлах тоглоомууд
-          Баяр-багт наадмын тоглолтууд
-          Тетрын тоглолтууд
-          Үгэн, уран сэтгэмжийн тоглоомууд
3.      Уламжлалт ба ардын тоглоомууд:
-          Энэ төрөлд түүхийн туршид үүсэж хөгжиж ирсэн сургах, чөлөөт цагийн, зугаатай маш олон хэлбэрийн тоглоомууд багтана.

No comments: