Tuesday, February 4, 2020

Найз нөхөд гэр бүлийн харилцаа



Гэр бүл дэх гишүүд хоорондын харилцааны онцлог
Гэр бүл дэх гишүүд хоорондын харилцаа нь мэдээлэл солилцох, хамтын үйл ажиллагааны явцад үүсэх үүргээ хэлэлцэн зөвшилцөж биелүүлэх, ханиа болон оөрийгөө танин мэдэх, бусадтай харилцаа тогтоох улмаар хөгжүүлэх зэрэг зорилтуудыг хангахад чиглэж байдаг. Гэр бүл дэх хүмүүс хоорондын харилцаа нь эерэг сэтгэлийн хөдөлгөөний дээд илрэл дээр оршин тогтнодог. Гэр бүлийн харилцааг амжилттай зохион байгуулах зарчим, хэм хэмжээ, дүрэм нь дараах шинжтэй байвал зохино. Үүнд:
-          Харилцаа болон мэдээлэл солилцоо нээлттэй байх;
-          Гэр бүлийн гишүүдэд хамааралтай чухал асуудлыг үр дүнтэй,  идэвхитэй  хэлэлцэх харилцааг бүрдүүлэх (гэр бүлийн гишүүд хамтдаа цай ууж хооллох, унтахын өмнө хүүхэдтэйгээ ярилцах гэх мэт);
-          Гэр бүлийн амьдралын хэв маяг, үнэт зүйлсийн нэгдмэл байдлын талаарх төсөөллөө хэлэлцэн зөвшилцөх, "бид" гэсэн тогтолцоог бүрдүүлж, гэр бүлийн өөрийн ухамсрыг бодитой болгох;
-          Үгэн ба үгэн бус харилцааны зөрчлийг арилгах, мөн үгэн бус харилцааг тодорхой, ойлгомжтой болгох;
-          Ханийнхаа   ярьж   байгаа   зүйлд   мэдрэмжтэй хандаж, идэвхитэй  сонсогчийн  техникийг  эргэх холбоотойгоор хэрэглэх;
-          Ханиа үнэлж, хүндлэхгүй байх нь өв тэгш "Би"-гийн дүр бүрдэхэд саад болсон сөрөг сэтгэл зүйн уур амьсгалыг бүрдүүлдэг;
-          Хайр сэтгэлээ бие биедээ илэрхийлэх, ханиа гэр бүлийн амьдралын хүнд, зөрчилтэй, асуудалтай үед дэмжиж туслах; Гэр бүлийн уламжлал, хэм хэмжээ, бэлэг тэмдгийг амархан ойлгож, харилцан зөвшилцсөн гэр бүлийн тодорхой хэлийг төлөвшүүлэх.
Гэр бүлийн үйл ажиллагааны чухал асуудлын нэг нь хүмүүс хоорондын харилцааны зөрчил юм. Гэр бүл дэх хүмүүс хоорондын солилцооны зөрчлийг дараах төрөлд хувааж болно. Үүнд:
-          Үгэн ба үгэн бус мэдээлэл солилцооны зөрчил;
-          мэдээлэл солилцоход үүсэх саад бэрхшээл;
-          мэдээлэл солилцох явцад ханиа харилцаагаараа удирдах;
-          сэтгэлийн хөдөлгөөн мэдрэмж дамжуулалт гажих буюу өөрчлөгдөх
-          гажсан мэдээлэл солилцоо
-          халхалж, далдалсан харилцаа, мэдээлэл солилцоо
-          харилцааны сувгийн төлөөх тэмцэл
Гэр бүлийн идэвхитэй харилцааг хүндрүүлж байдаг нэг гол шалтгаан нь хосуудын мэдээлэл солилцох, өөрийгөө илэрхийлэх арга чадвар байдаг. Мэдээлэл солилцох болон өөрийгөө илэрхийлэх дараах аргууд үр дүн муутай гэж үзэж болно. Үүнд тушаах, зааварчлах, болгоомжлох, донгодож зэмлэх, ёс суртахуун ярих, сөрөг үнэлгээг шууд өгөх, онош тавих, мөрдөх, байцаах, аргадах, тайвшруулах, асуудлаас анхаарлыг хөндийрүүлэх, зугатах гэх мэт.
Гэр бүл дэхь хүмүүс хоорондын харилцааны зөрчлийн ба нэг шалтгаан нь хосуудын хувийн онцлог, бие биеийнхээ талаар хэт мэдээлэлтэй байх зэрэг болно. Хэрэв харилцааны хүндрэл архаг шинжтэй болвол харилцааны асуудал үүсдэг. Э. Г. Эйдемиллер харилцааны асуудал үүсэхэд 3 үе шатыг дамждаг гэж үзсэн.
1.      Мэдээлэл хомсдох- хосууд бие биедээ хайр дурлалаа илэрхийлэх, сэтгэл санааны хувьд дэмжих, урам өгөх зэрэг мэдээлэл солилцох харилцаа хүндрэлтэй явагддаг.
2.      Холилдож гажсан харилцаа- хосууд өөрийн санаагаа буруу илэрхийлдэг. Анхаарал халамж хүсэж байгаа ч илэрхийллээ буруу ойлгогдохоор хэлдэг.
3.      Зан үйлийн харилцаа- өөрийн хүсч байгаа зүйлийг ханьтайгаа хамт хүчээр хийхийг оролдох явдал юм. Тухайлбал эхнэр нөхрийн аль нэг нь гэртээ хамт байхын тулд бүх аргыг хэрэглэдэг.

Найз нөхдийн харилцаа
Хүмүүс найз нөхрөө сонгож буй сэдэл, шалтгаан, нөхөрлөлийн хэлбэр нь нийгмийн сэтгэл зүй, ёс суртахууны төлөв байдлыг шинжлэхэд анхаарах асуудлын нэг юм.
Нөхөрлөл бол хүмүүний зайлшгүй хэрэгцээ. Журамт нөхөрлөл нь өндөр хүндэтгэл, ёс суртахууны эрхэм нандин чанар юм. Монголын ёс суртахууны сургаалуудад анд бололцох ёс, нөхрийн ёс, үнэнч, итгэлтэй нөхөрлөхийн ач тусын талаар өргөн тусчээ. Хувь хүний төлөвшил, зан суртахууныг үнэлэх, шинжих олон аргын дотор нөхрөөр нь шинжихийг чухалчилна. “Зүдрэх цагт тус хүргэх сайн нөхрийн тэтгэмж үнэнхэмээх мэргэн үг бий. Энэ үг амьдрал дээр нотлогдох ч хүнд хэцүү үед заавал туслах ёстой гэж үзэх нь ашиг харсан мэт болно.
"Оюун түлхүүр" сургаалд сайн нөхрөөс гадна буруу, муу үйлтнийг хилэнцэт нөхөр, нэмэргүй, дэмий, муу нөхрийг тусгүй нөхөр гэж нэрлэжээ. Мөн буруу хазгай гишгэж алдсан нөхрөө зөв залж чиглүүлэх арга замыг олон сургаалд өгүүлдэг. Жишээ нь, Ноён хутагт Данзанравжаа "Цагийн жамыг тодруулагч цаасан шувуу хэмээх сургаал" хэмээх сургаалдааХилэнцэт нөхөртэй бүү нөхц. Учраад хэлэлцдэг жам мөн боловч хэмжээгүй үг бүү хэлгэж сургажээ. Чухамдаа нөхөрлөлийг өөрөө мэдэрч байвал илүү утга учиртай.
Нөхөрлөл бол харилцан хүндэтгэл, итгэл дээр бий болно. Үзэл бодол, хандлагаар ижил төсөөтэй хүмүүс бие биедээ үлгэр дуурайлтай, тус дэмтэй амьдрах нь нөхөрлөл. Нөхөрлөл нь итгэлээр холбогдсон сэтгэл санааны нэгдэл юм. Гэвч найз нөхрийг сонгох шалтгаан, нөхцөл, цаг үе өөр өөр байдаг. Францын философич М.Монтень амьдралд цөөн тохиолддог жинхэнэ нөхөрлөл, өнгөцхөн нөхөрлөлийн ялгаагЖинхэнэ нөхөрлөл бол насны зөрүү бага хүмүүсийн хооронд үүсэх бололцоотой хийгээд тогтвортой тэгш байдал, харилцан халамж дотносол, хариу тооцоо нэхэхгүй, ямар нэг зорилго агуулахгүйгээр бие биедээ түшиг тулгуур болох сэтгэлийн гоо сайхан юм. Ердийн нөхөрлөлд нэлээд сэрэмжтэй, цаг ямагт хянамгай, жолоогоо сул тавилгүй байж биеэ барих шаардлага гардаг. Ийм нөхөрлөлийн холбоос хэдийд ч тасарч болногэж тайлбарлажээ.
Монголын нууц товчоонд түр нөхөрлөх хүн, нөхөрлөж болох хүн гэсэн ойлголт бий. Нөхөрлөж болох хүн нь шударга, үнэнч занг эрхэмлэгч бөгөөд ийм харилцаа нь нөхөрлөлийг батжуулж байдаг.
Эртний үеийн нэрт сэтгэгчид нөхөрлөлийн тухай гайхамшигтай эш санаа хэлсэн нь эдүгээ ч сургамжтай. Грекийн философич ПифагорНөхөрлөл нь нэгдмэл байх зарчим. Тэгэхээр ахмад хүн, эцэг, эхээ ачлах нь нөхөрлөлийн дээд хэлбэргэж айлджээ. Өөрөөр хэлбэл, эцэг, эхтэйгээ харилцах ёс, хэм хэмжээгээр найз нөхдөдөө хандах учиртай.
ПлатонНөхөрлөл нь харилцан ижил сайхан байх хүслээс үүссэн мэдрэмж. Нөхөрлөл нь сайн үйл, зохицол, тэгш байдлыг бий болгох харилцаа. Тэгш байдал гээч нь нөхдийн зан төлөв адил төсөөтэй байгаа үед хадгалагданагэж үзжээ.
Аристотель "Никомахын ёс зүй" бүтээлдээ нөхөрлөлийн шалтгаан, мөн чанар, хэлбэр, нөхөрлөлийн явцад үүсдэг мэдрэмж, хандлага, дотно шинжийн талаар дэлгэрэнгүй авч үзсэн байна. Хүмүүсийн нөхөрлөлийн үндэс нь сайн үйл, ашиг тус, сэтгэл ханамжид суурилсан гурван хэлбэртэй. Ашиг хонжоо, тусын хариуд тус нэхсэн байвал жинхэнэ нөхөрлөл биш. Харин хүмүүсийн харилцан дотно сэтгэл, өндөр хүндэтгэл нь нөхөрлөл юм. Нөхөрлөл бол итгэлгүйгээр бат бэх байж чаддаггүй. Харин итгэхийн тулд цаг хугацаа шаардагддаг. Энэ үүднээс найз нөхрөө хэрхэн сонгож байгаа нь хүн чанарын шалгуур юм.
Германы философич И.Кант нөхөрлөлийн тухай тусгайлан авч үзээдБидний аз жаргал бусдын сайхан сэтгэлээс хамаардаг. Харилцан хүнлэг сэтгэлээр хайрлана гэдэг бол нөхөрлөлийг бий болгоно. Бид нөхөрлөлийг сонгож байгаа нь ёс суртахууны шалтгаантай. Нөхөд бие биенээ бүрэн ойлгодог, зан суртахуун ба сэтгэлгээний төсөөтэй зарчим баримталдаг. Гэхдээ цөөн тохиолдолд тэднийг ялгаатай үзэл бодол нь нэгдэхэд хүргэж болох юмхэмээжээ.
Монголчууд хоёр хүн эвтэй бол төмөр хүрээ мэт бат бэх гэж сургадаг. Хоёр хүний хоорондын сайн нөхөрлөл нь улс хоорондын болон дэлхий нийтийн харилцааг өргөжүүлэхэд үлэмж хувь нэмэр оруулсан олон арван баримт бий. Өнөөгийн хүмүүсийн харилцаанд жирийн үзэгдэл болоод байгаа нөхрийн ёс жудаг алдагдах, урваж шарвах, зөвхөн ашиг бодож нөхөрлөх, өөрийн чухал хэрэгцээгээ хангахад нь нөлөөлж тусалж байгаа үед найз, бусад үед үл таних хүн шиг авирлах, дэвшиж дээшлэхдээ найз нөхдийн тусыг ашиглаад орхих зэрэг нь нийгмийн танин мэдэхүйд орхиж болохгүй сэдэв юм.


No comments: