Tuesday, April 5, 2016

Монголын ёс зүйн сургаал




ХШ-ХIV зууны үеийн ёс суртахууны сургаал

ХШ-Х1У зууны үеийн ёс зүйн эх сурвалж бол «Монголын нууц товчоо», «Оюунтүлхүүр», «Чингисийн есөн өрлөгтэй өнчин хүүгийн цэцэлсэн шастир», «Чингисийн билиг», «Их засаг» хууль, «Арван буянт номын цагаан түүх» зэрэг түүх, уран зохиолын эх сурвалж, Сажа бандид Гунгаажалцангийн «Эрдэнийн сан субашид», Чойжи-Одсэрийн о рчуулан тайлбар хийсэн Энэтхэгийн их бандида Шантидэвагийн «Бодисадын явдалд орохуй» зэрэг орчуулгын бүтээлээс гадна тэр үед монгол оронд ирсэн гадаадын элч, судлаачдын тэмдэглэл болно. Эдгээрээс үзэхэд, XIII зууны сүүл үеэс эр зоригтой, өргөсөн тангарагтаа үнэнч, эрч хүчтэй баатарлаг хэв шинжийн сургаалууд нь асрахуй, энэрэн нигүүлсэхүй сэтгэлийн талаарх сургаалаар баяжиж ирсэн байна.
Эв эеийг хичээх нь монголчуудын зайлшгүй дагаж мөрдөх эрхэмлэл болж байв. Тухайн үед эв эеийн тухай сургаал хүчтэй байжээ.
Манай ёс суртахууны уламжлалт сургаалд эв эеэс гадна “эрдэм”-ийг эрхэмд авч үзсэн байдаг. «Их засаг» хуулийн долоодугаар зүйлд “өөрийн хэлснийг бусдын хэлсэнтэй ялангуяа мэргэдийн яриатай адилтгаж үзэх” хэмээн эрдэм, мэдлэгийг олны дунд дэлгэрүүлэх, оюуны өвийг хамгаалах тухай тусгажээ.
Хаан хүний гучин таван эрдэмд зөвхөн төр барьж буй хааны хувьд бус бурхны шашинтны хувьд, ер эгэл хүний хувьд баримтлах хэм хэмжээтэй холбоотой олон сургаал бий. Тухайлбал, буруу явдалт хилэнцэт нөхрийг үл тэвчих, буруу үзлийг тэвчих, итгэмжит сайн нөхрийг шүтэх, номын ёсоор явах, эцэг эх амраг саднаа хайрлах, залхуу хойргыг тэвчих, өглөг өгөх, ард олноо асран тэтгэх, хотол сайн явдал төгсөх гэх мэт. Эдгээрээс хамгийн чухал хэм хэмжээ нь буруу үзлийг тэвчих явдал. Энэхүү гучин таван эрдэм бол их, бага таван ухааныг төгсгөсөн бин хийгээд ялангуяа хүн ёсны эрдэм (хүмүүн болох) гэж дүгнэж болно. Төрийг эрдмээр засна гэдэг нь төрийг өршөөлөөр засахтай адил. “Өршөөл” нь өөр бусдыг хайрлах чанар, нөгөө талаар буруу, муу үйлийг ялган таниж, засаж залруулах эрмэлзэл гэж болно. Эрдэмт хүн өршөөлгүй аваас нэр төрөө алдана. Мэргэдийн эрдэм хийгээд сайн нөхрийн тусыг төрийн үйл хэрэгт чухалчлан үздэг дорно дахины нийтлэг ёс бий. Дорно дахины ёс зүйн сургаалуудад эрдэмтэй хүн гэдэг нь ёс суртахууны зөв хүмүүжил төлөвшилтэй, хүнлэг ёсыг эрхэмлэдэг хүнийг ухаарч ойлгох нь түгээмэл байгаа юм.
Монголчууд хүнийг ханилсан нөхрөөр нь шинждэг бөгөөд сайн нөхрийн ёсыг ихэд эрхэмлэдэг. Нөхрийн ёс нь хүн өөрийн болон өрөөлийн үнэлэмжийг тээгч байдгийг илэрхийлнэ. Тэр үед хувь хүмүүс, овог аймаг, улсууд ч харилцан итгэлцэх, ураг барилдахад анд бололцох ёс гол болжээ. Нөхрийн ёс нь үе тэнгийнхэн бие биедээ тус нэмэр, хань түшиг болохоос гадна овог, аймаг харгалзахгүй эзнийхээ өмнө үүрэг хүлээж тангараг тавьсан чөлөөт хүмүүсийн барилдлага юм. Чингис хаан Боорчи, Мухулай нарт баруун, зүүн түмэн шадар цэргээ захируулахдаа тэрэгний өрөөсөн арал, биеийн мөр мэт итгэнэ3 хэмээсэн нь сайн нөхрийн нэг шалгуур юм. Хүний амьдралд олон найз нөхөд байдаг ч хар багаасаа нөхөрлөсен нөхөд үнэнч гэдэг үзэл энэ зохиолд өргөн тусгагджээ.
ХҮ-ХУШ зууны үеийн ёс суртахууны сургаал

ХҮ-ХҮIII зууны үеийн ёс суртахууны үнэлэмжийн талаар «Мандухай дзцэн хатны домог», «Убаши хунтайжийн тууж», «Хув Нагваралын тууж» зэрэг зохиолуудаас мэдэж болно. «Гэсэр», «Жангар», «Хан харанхуй», «Бум-эрдэнэ» зэрэг алдарт туульсийг XVII зуунаас уламжлагдсан гэж үздэг. XVI зууны сүүл үеэр Мэргэн дайчин тайж, Гунгаа-Одсэр бандида, Гүүш цорж, Сажадондүв зэрэг нэртэй орчуулагч зохиолчид төвд хэлнээс ном судар орчуулж шүлэг зохиол бичиж байжээ. Энэ үед буддын шашин соёлоор дамжин багш шавийн нарийн ёс горим тогтжэз.
XYII-XYIII зууны үеийн уран яруу хэллэг, оновчтой зүйрлэл бүхий сайн, муу явдлыг танин мэдүүлэх хүмүүжлийн ач холбогдолтой сургаал элбэг байна. Тухайлбал, «Сав шимийн дуулал», «Нэгэн үсгийн эрдэм», «Тоть шувууны сургаал», «Лувсан гэвшийн эмхэтгэсэн олон зүйлийн сургаал шүлэг, домог ба ереел зэргийн ном дэвтэр», «Тодорхой толь», «Авах гээхийн дервон мерт» зэргийг дурьдаж болно.
«Тодорхой толь» сургаалын эхэнд хүмүүний цээрлэх зүйлсийг амьтны амь таслах, эс өгснийг авах, худал хэлэх, архи уух хэмээн тоочжээ. «Нэгэн үсгийн эрдэм»-д зургаан цээрлэлийг
Журамгүй эдийг айлган хяхаж аваад буян хийхийг цээрлэ
Эцэг эхээ ачлахгүй атал ном уншиж юу хийнэ
Өөрийн биеэ төвшитгөхгүй бол бусдыг яахин залруулж засмуй
Өөрийн заяаны мөхсийг мэдээд бусадтай атаархахыг цээрлэ
Өлөн зуд болох цаг нь тэнгэрийн улирал тул дэмий л гаслахыг цээрлэ
Худал хуурмаг хэмээгч нь эцэст ичгүүртэй тул нэгмөсөн цээрлэ хэмээнэ.

XIX, XX зууны эхэн үеийн ёс суртахууны сургаал

XIX зууны үед ард түмний дунд өргөн дэлгэрсэн нэгэн сургаал бол «Авах гээхийн дөрвөн мөрт» болно. Уг сургаалыг Ц.Дамдинсүрэн «Монголын уран зохиолын дээж зуун билиг»-т хэвлүүлсэн байдаг. Энэхүү сургаалд ...Дөрвөн муу хэмээвээс
Үнэн гурван эрдэнийг үл шүтэгчдийн заяа муу Үйлийн үрийг үл хайхрагчдын ухаан муу Үргэлж шунал тачаангуйтай нийлэгчдийн авьяас муу Өчүүхэн олзонд баяссаны хишиг муу Дөрвөн зөв хэмээвээс
Сайн нөхрийн үг ширүүн боловч хүлээж авах нь зөв
Санаа муутын үг зөөлөн боловч сэрэмжлэх нь зөв
Санасан үйлээ туурвилгүй мэргэдээс асуух нь зөв
Саруул дээдсийн өршөөл ачлалыг хайрлая гэх нь зөв
Дөрвөн буруу хэмээвээс
 Хэнд ч үйлдсэн ачгүй бөгөөд үнэрхэх буруу
Хэтэрхий сайн мэдэлгүй бөгөөд дэмий л цэцэрхэх буруу
 Хэнээс ч дор бөгөөд ямагт хүчирхэх буруу
Хэмжээтэй хэдэн малтай бөгөөд гэнэт баярхах буруу... зэргээр зөв, буруу, сайн, муугийн талаар өгүүлжээ.

XX зууны эхэн үеийн ёс зүйн сургаалуудаас үзвэл, эмэгтэй хүнд хандсан сайн эхнэр, сайн охин, муу охин, муу эхнэрийн шинжийг заасан сургаал нэлээд байна. Ялангуяа өсвөр насны охид, айлын бэр, эхнэрийн тухайд сайн, муу шинжээр нь ялган онцлогт нь тохирсон сургаалаар хүмүүжүүлдэг байжээ. Тухайлбал, XX зууны эхэн үед холбогдох сургаалын зохиолд «Тоть шувууны сургаал»-ыг нилээд эшлэж, санааг нь уламжилж авсан байдаг. Тэнд өгүүлснээр өсвөр насны охидыг “Сайхан гоо зүстэй бөгөөд санаа сэтгэл номхон дөлгөөн, саруул ухаантай, эхийн сургаалаар явагч, эгч дүү лүгээ эвтэй, эсгэх оёход уран, алиа наадгайд дургүй, ахуй биеэ хичнээн хадгалаад, ахас ихсийг хүндлэгч, уур хилэнгүй”-д хичээн сургадаг байжээ.

Ёс суртахуун нь хүний зөв амьдралын тухай ухаан юм. Ёс зүйн сэтгэлгээний түүхийн судалгаа нь хүн төрөлхтний ёс суртахууны эрхэмлэл, үнэлэмжийн өөрчлөлт, хувьслыг тодруулахад арга зүйн ач холбогдолтой. Ёс зүйн сэтгэлгэзний түүх бол ёс суртахууны сургаал, үзэл санааны түүх бөгөөд хүний ахуй, үнэлэмжийн өөрчлөлтийг нээн илрүүлэхэд дөхөм үзүүлдэг.

No comments: