Анхаарал
дутагдах тохиолдлыг яах ёстой вэ? Тусгайлсан тоглоом тоглох хэрэгтэй. “Хаана юу
байсан бэ?” Эхлээд ширээн дээр байгаа нэлээд хэдэн тоглоомыг хүүхдэдээ харуулж,
дараа нь хүүхдээ цааш нь харуулж байгаад аль нэгний нь байрлалыг өөрчилж тавь.
Ингээд юу өөрчлөгдсөнийг асуу. Энэ “шалгуурыг“цөөн тооны тоглоомоор эхлэн,
тоглоомныхоо тоог аажмаар нэмэх хэрэгтэй.
“Ялгааг нь ол”. Хүүхэд “нар бас байшин” гэх мэт хялбархан зураг зураад эцэг эх хэн нэгэнд өгнө. Тэр зурган дээр нь ямар нэг зүйл нэмж зураад хүүхдэдээ буцааж өг. Хүүхэд чинь зургийг хараад юу өөрчлөгдсөнийг олох ёстой . Бага насны хүүхдэд аль болох амар хялбар зураг үзүүлэх хэрэгтэй.
“Яах ёстойг сонс”. Эхлээд та хүүхэдтэйгээ ямар дохиогоор үйлдэл хийх тухайгаа тохирох ёстой. Жишээ нь: Таныг алгаа таших үед хүүхэд чинь үсрэх, толгойгоо дохих үед эргэх гэх мэтчилэн урьдчилан тохиролцоно. Дүрмээ өөрчлөх маягаар яаж ч тоглож болох их хөгжилтэй тоглоом юм.
“Үгийн эгнээ бүтээх”. Нэг сэдэвт хамаарах үгнүүдийг нэрлэнэ. Жишээ нь: алим, лийр, нимбэ г... ингээд эдгээр үгнүүдийн дунд утгаараа тохирохгүй “индүү” гэх мэт үг оруулах бөгөөд хүүхэд чинь үл нийцэх үгийг сонсоод ”индүү илүү” гэж хашгирах ёстой.
“Яг ийм дүрс хий”. Чүдэнзний мод, эсвэл саваа модоор ямар нэг дүрс хийгээд энэ дүрсийг яг дууриаж хийх даалгавар өгнө. Эхлээд их энгийн дүрснээс эхлэх хэрэгтэй.
Сайхан харилцаа тогтоох. Хэт их хөдөлгөөнтэй, анхаарал сарнилтын хямралтай хүүхдүүд насанд хүрэгчидтэй харилцах явцад байнгын хүндрэлтэй байдаг. Хүүхдүүд эцэг эхдээ олон сая асуулт тавьдаг ч хариултыг нь ихэнхдээ олж сонсдоггүй. Хэт их хөдөлгөөнтэй хүүхдүүдтэй үе тэнгийнхэн нь тоглох төдийлөн дуртай байдаггүй. Учир нь тэд тогтсон хэв журмыг биелүүлдэггүй, ганц хоёроос илүүг нь тогтоодоггүй атлаа тоглоомонд өөрийн дэгээ тогтоон өөрийнхөөрөө тоглох гэж оролддог. Түүнээс гадна зарим нэг нь аль эрт эзэнтэй болсон тэргүүлэгчдийн байр суурийг эзлэхийг хүсдэг нь тэр бүр таалагдахгүй нь мэдээж тул хүүхдүүд түүнээс “зайгаа барих”-ыг хичээнэ. Энэ байдлаас үүдэн найзтай болох нь түүнд амаргүй байдаг. Бусдад байнга гомдож, уурлаж бухимддаг нь хүүхдүүдийн дургүйцлийг төрүүлдэг. Энэ мэтчилэн цаашдаа ганцаардах байдалд ордог нь туйлын харамсалтай. Гэтэл энэ байдал нь өөрийнх нь санааг ер зовоодоггүй, хэдэн цагаар ганцаараа тоглодог хүүхдүүд ч бас байдаг. Гэвч сэтгэлийн гүндээ хүүхдүүд өөртэй нь тоглох дургүй байгаад их хурц гомдож хямардаг. Сайн муу, болох болохгүй элдэв аргаар өөртөө бусдын анхаарлыг татах гэж оролддог учир өөрийн үнэлэмж нь эрс буурдаг. Эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчид, найз нөхөд нь үргэлж шүүмжилж буруушаах нь “Би их муу хүн. Бусдаас дутуу дулимаг...” гэсэн бодол төрүүлдэг. Хэрвээ энэ бүгд дээр нэмэгдээд тухайн хүүхэд хэт их хөдөлгөөнтэй, анхаарал сарнилтын хямралтай бол өөрт нь хандах шудрага бус үг, үйлдэл бүрийн хариуд ямар ч бодлогогүйгээр шууд түлхэх, цохих, элсээр цацах зэрэг байдлаар дургүйцлээ илэрхийлдэг. Хүүхдүүд өөрт нь ингэж хандаж байгаагийн учир шалтгааныг ойлгож чадахгүйгээс арга эвийг нь олох хүч, чадваргүй ч хэнд ч чин сэтгэлээсээ хар муу санаа өвөрлөж явдаггүй.
Анхаарлын сарнилтай, хэт их хөдөлгөөнтэй хүүхдүүдийн 60-70% нь өөртэйгөө адилхан хэн нэгнийг олоод үерхэж нөхөрлөх нь элбэг. Бие биенээ их амар хялбар ойлгодог, ярианы сэдэв, сонихдог зүйл ижил байхаас гадна авхаалж самбаа шаардах спорт тоглоом зэрэг тэдний үерхлийг илүү бат бөх болгож өгдөг. Хэрвээ бэртэл гэмтэл авахаас нь болгоомжилж сэрэмжлүүлэх боломжтой бол хүүхдийн хөдөлгөөнийг хэт их хорьж хягаарлах хэрэгтэй гэж үү? Өдөр тутам ийм хүүхдүүд “тоглоомоо өгөөгүй, хүүхдүүд унтаж байхад унтаагүй“ гэх мэтээр загнуулж зэмлүүлсээр уур гомдол хуримтлагддаг тул бусад хүүхдүүдтэй харьцуулахад илүү их хурц түргэн зантай, түрэмгий байх нь олонтоо. Та өөрийнхөө хүүхдийг үргэлж уур уцаартай “ассан бамбар шиг” явахыг нь хүсэхгүй биз дээ? Сэтгэлдээ хурсан уур уцаар, гомдол багтраагаа тэд өөрийгөө оролцуулан эцэг эх ойр тойрны хүмүүсдээ гаргадаг. Ийм хүүхдүүдэд дотроо хуримтлагдсан энэ сөрөг бүхнээ гаргахад нь туслах тоглоом, спорт тоглоом шаардлагатай.
Хүүхдүүдтэй хамтдаа. Танай хүүхдэд шинэ хамт олонд хүлээн авагдаж хайрлуулж хүндлүүлэхэд юу хэрэгтэй вэ?
-Хүүхдэдээ тоглох дүрэм журмыг дагаж мөрдөхгүй бол тоглоом сонирхолгүй болно. Мөн бусадтайгаа эвтэй тайван тоглох шаардлагатайг тайлбарлаж хэлж ойлгуулах хэрэгтэй.
-Өөртөө итгэлтэй, эв дүйтэй байдлаар хүүхдийнхээ сул талыг хэлж ойлгуулахдаа хэт их хөдөлгөөнтэй, анхаарал сарнилтын хямралтай хүүхдүүд урт нуршуу ярианд дургүйг харгалзан товч, тодорхой, ойлгомжтойгоор хэлж өгөх хэрэгтэй.
-Хүүхдүүдтэй хэл үгээ ололцож эвтэй байгаа бага жижиг ч ололт амжилт бүрийг нь магтаж сайшааж, урамшуулж байх хэрэгтэй. Хүүхэд чинь өөрийгөө дэмжиж туслан өөрийнх нь талд байгааг ойлгох ёстой.
-Танай хүүхэдтэй ажиллахад нь багш нарт нь туслах, хүүхдийнхээ тухай байнгын дотно харилцаатай, санал бодлоо солилцдог байх шаардлагатай. Дадлага туршлагатай багш бол таны туслалцааг дуртайяа хүлээн авч танай хүүхэдтэй чинь тусгайлан ганцаарчилж харьцах арга эвээ олно. Цэцэрлэгийн нэг бүлэгт хоёр буюу түүнээс дээш тооны хэт их хөдөлгөөнтэй, анхаарал сарнилтын хямралтай хүүхдүүд байгаа тохиолдолд бяцхан зальжуу арга хэрэглэдэг юм. Тэрхүү тоглоомын аргыг танд сонирхуулья.
-“Хашхирагч, шивнэгч болон дуугүй байгчид”. Энэхүү тоглоомонд хатуу цаасаар хийсэн улаан, ногоон, шар өнгийн гарын хэлбэртэй сануулах тэмдэг бэлтгэх хэрэгтэй. Багш улаан гар харуулан чимээгүй байж анхааралтай байхыг, шарыг нь харуулж чөлөөтэй байж болохыг, харин ногоон гараар хөгжилтэй тоглож гүйж харайж, хашхирч орилж ч болохыг сануулдаг. Багш өөртөө ашигтайгаар хүүхдүүдэд аливаа бүхнийг хэт их хорихгүй байхыг санах хэрэгтэй.
“Хаан ширээ”. Хэн нэгэн хүүхэд ямар нэг зүйл асууж мэдэхийг хүсвэл \Хэт их хөдөлгөөнтэй, анхаарал сарнилттай хүүхэд\ хаан ширээнээ сууна. Ийм суудалд суухыг хүсэхгүй хүүхэд тун ховор тул танай хүүхэд тэвчээртэйгээр өөрийнхөө суух ээлжийг хүлээх шаардлагатай болно. Ийм тоглоом хүүхэд хөгжүүлээд зогсохгүй өөрийгөө удирдаж, бусдыг хүндэтгэн, асуултаа зөв тавьж санаа бодлоо илэрхийлэхэд сургадаг.
No comments:
Post a Comment