Tuesday, April 5, 2016

Хүүхдийн сэрэл хүртэхүйг үнэлэх, хөгжүүлэх арга




Хүүхдийн сэрлийн хөгжилт:   
Хүний сэтгэцийн процесс нь түүний идэвхитэй үйл ажиллагааны явцад хөгждөг билээ. Хүүхдийн сэрлийн хөгжилт нь түүний тоглоом, сурах хөдөлмөрлөх идэвхитэй үйл ажиллагааны дүнд эрчимтэй хөгжинэ. Хүүхдийг гадаад ертөнцтэй холбож тэдний сурч хөдөлмөрлөх үйл ажиллагааг хөгжүүлэхэд харааны сэрэл онцгой үүрэгтэй хүүхдийн нүдний бөмбөлөг том хүнийхээс харьцангуй их байдаг байна. Хүүхдийн харааны сэрэл нь түүний хүрэлцэх болон булчингийн сэрлүүдтэй нэгдэж тэдгээрийн хооронд холбоо тогтсоноор хүүхэд юмсын орон зай, хэлбэр дүрсийг сэрж мэдрэх чадвар нь аажмаар сайжирна. Хүүхэд 3 настайдаа юмсын дүрсийг ялгаж, өнгийг ялгаж эхэлнэ.
Хүүхдийн нас ахихын хирээр авиа дууны сэрэл эрчимтэй хөгжиж 6-7 насны үед хүүхдийн сонорын сэрэл том хүний сэрлийн хөгжлийн хэмжээнд хүрсэн байна. Хүүхэд нас бол тэдний хөдөлгөөн, хүрэлцэх эрхтний сэрэл идэвхитэй хөгжих нас юм. Үнэртэх, амтлах задлан ялгалагчид хүчтэй хөгжсөн байдаг тул юмсын үнэр амтыг нарийн ялгаж эхэлнэ. Сургуулийн бага ангийн хүүхдийн хичээл, хүмүүжлийн ажил нь тэдний сэрлийг идэвхитэй хөгжүүлэх үндсэн нөхцөл байдаг. 6-7 насандаа хүүхэд үндсэн өнгүүдийг ул, хөх, шар, цэнхэр ялгаж чаддаг бөгөөд дан ба давхар өнгийг мөн ялгаж чадна. Бага ангийн хүүхдийн сонорын сэрэл идэвхтэй   хөгжсөн байдаг бөгөөд аливаа дуу авианы өнгө, аясыг нарийн зөв ялгаж чадна. 

 Хүүхдийн хүртэхүйн хөгжилт:   
Хүүхдийг хүрээлэн байгаа аливаа юмс, үзэгдлүүд тэдний хүртэхүйг хөгжүүлэх материаллаг бааз, эх булаг нь болдог юм. Иймээс хүүхдийн хүртэхүйн үйлийг хөгжүүлэхэд түүнийг хүрээлэн байгаа гадаад юмс, үзэгдлүүдийн хүрээ багтаамжийг ихэсгэх шаардлагатай. Бага насны хүүхдийн хүртэхүй нь нарийн хөгжиж гүйцээгүй байдаг тул тэдний гадаад орчныг тусгах тусгал ихэнхдээ гүйцэд биш байдаг юм. Цэцэрлэгийн насны хүүхэд өөрийн нүдэнд харагдсан зүйлийг гараар хүрэлцэн барьж базах, шидэх, сэгсчих зэрэг үйлдэл хийж тэдгээр юмс, үзэгдлүүдийн шинж чанарыг мэдрэн тусгадаг юм.
Гэвч хүүхдийн хүртэхүйн хөгжилт нь тэдний сургуульд орж сурах үйл ажиллагаа систем, дэс дараалалтай, төлөвлөгөөтэй явагдах тэр үеэс эхлэн тодорхой зорилго чиглэлтэй болж улам нарийсан хөгжинө. 1-2 ангийн сурагчдын хүртэхүйн хөгжилт нь цэцэрлэгийн ахлах насны хүүхдийн хүртэхүйгээс өргөн хүрээтэй болж аль тохиолдсон, нүдэнд тусгагдсан зүйл уруу зорилго чиглэлгүй тэмүүлэхээ больж өөрийн хэрэгцээ, сонирхол татах зүйлд хандах чиглэлтэй болдог байна. 

Хүүхдийн зохион бодохын хөгжилт: 
Хүүхдийн туршлага арвижин, мэдэх төсөөлөх зүйлийн хэмжээ ихсэх тутам тэдний зохион бодох үйл идэвхитэй хөгждөг. Хүүхдийг багаас нь эхлэн ямар нэгэн бүтээлч үйл ажиллагаанд татан оруулах нь тэдний зохион бодох үйлийг хөгжүүлэх нөхцөл болдог юм. Хүүхдйин зохион бодох үйл тэдний бага балчир үеэс эхлэн идэвхтэй хөгжиж эхэлнэ. Ер нь хүний зохион бодох үйл нь тоглох, сурах, хөдөлмөрлөх үйл ажиллагаан ыявцад хөгждөг. 2 настай үеэс хүүхдийн төсөөллийн хүрээ нэмэгдэж мэдэх зүйлийн тоо хэмжээ ихсэж эхэлнэ.    
Цэцэрлэгийн дунд бүлгийн наснаас эхлэн хүүхдийн зохион бодох үйл нь үлэмж бие даасан шинжтэй болж хөгждөг. Жишээ нь: Хүүхэд харандаа цаас аваад шууд ямар нэгэн тодорхой дүрсийг дүрслэн зурдаг. Тэрхүү дүрслэн бодсон дүрээ зурж дуустлаа өөрийн бодол санааг өөрчилдөггүй.
Сургуулийн насны хүүхдийн зохион бодох үйл нь цэцэрлэгийн насны хүүхдийнхээс агуулга, чанарын хувьд нэлээд өндөр түвшинд хөгжсөн байдаг. Сургуулийн насны хүүхдийн зохион бодох үйлийн хөгжилт нь сургалтын чанараас хамаарна. Сургуулийн насны хүүхдийн зохион бодох үйл нь тэдний нас, сэтгэцийн хөгжлийн үе шат бүрээр өөр өөр түвшинд байдаг. 
Бага ангийн сурагчдын зохион бодох үйлийн хөгжилт нь тэдний зурах, дүрслэх, унших үйл ажиллагаатай нягт холбоотой байдаг. 
Дунд анги буюу шилжилтийн насны хүүхдийн зохион бодох үйлийн хөгжилт нь үлэмж эрчимтэй хөгжиж тэр нь тэдний сонирхол, ялангуяа унших сонирхлоор идэвхтэй илэрдэг. Ахлах насны хүүхдийн зохион бодох үйл нь сэтгэхүйн нарийн үйл ажиллагааны үндсэн дээр явагддагаараа онцлогтой.   

No comments: