1. Хүүхдээ тэвэр, үнс,
нүдрүү нь хараад чин сэтгэлээсээ инээмсэглээрэй!
Энэ бол хүүхэддээ өгч байгаа
хамгийн нандин бэлэг. Үүнээс хүүхэд таны хайр, хүндлэлийг мэдэрч бие биендээ
илүү их итгэж, гэр бүлийн уур амьсгал улам ч халуун дотно болно.
2. Хүүхэддээ үлгэр
дууриал үзүүлээрэй!
Хүүхэд 6 наснаасаа зөв бурууг
ялгаж худлаа хэлэхгүй, муу юм хийхгүйг хичээж эхэлдэг. Иймд бие биенээ
хүндэтгэх, хажууд нь худлаа хэлэхгүй зөв, сайн үйлдлээр үлгэр дууриал
үзүүлээрэй.
3. Хүүхдээ хайрлахын
хирээр тэднийг анхааралтай сонсоорой!
Энэ нь түүнийг хайрлаж
байгаагийн илрэл. Түүнтэй сайн найз шиг нь харьцвал элэгсэг дотно харилцаа бий
болно. Харин өөрийг нь буруутгасан, тээршаасан, сэтгэл санаа, үзэл бодлыг нь үл
тоох эсвэл бусдыг буруутгаж өөрийг нь хэт дөвийлгөж болохгүй. Бас олон
асуултаар булалгүй өөрийг нь их яриулаарай.
4. Хүүхдээ байнга
анхаарч, халамжлаарай!
Анхаарал халамж гэдэг хоол унд,
ганган хувцас, үнэтэй гар утас биш. Тэдний сэтгэл санаа, хүсэл сонирхол, бага ч
болов саад бэрхшээлийг нь ойлгох, түүнээс гарах арга замыг хамт шийдэх юм.
Амьдралын хамгийн жаргалтай үе хэзээ тохиодог вэ? гэвэл халуун ам бүлээрээ
хамтдаа байсан сайхан мөч гэж та хариулахгүй гэж үү.
5. Хүүхэдтэйгээ хамт
хооллож байгаарай!
Гэр бүлээрээ хамтарч хоол ундаа
бэлд. Хоол хийхдээ бүх хүнийг хүсэл сонирхолд нь нийцсэн ямар нэг үүрэг оноо.
Дараа нь хамт хооллохдоо хөгжилтэй, жаргалтай дурсамжуудаа ярьж, хүүхэддээ урам
зориг өгч магтаж урамшуул. Ямар ч завгүй байсан оройн хоолоо хүүхэдтэйгээ идэж
сур.
6. Хүүхэдтэйгээ
тоглоорой!
Өдөр бүр, эс чадвал амралтын
өдрүүдэд цаг зав гаргаж, хүүхдийнхээ дуртай тоглоомоор хамт тогло.
7. Өдөрт халуун бүлээрээ
30 минутыг өнгөрөөгөөрэй!
Телевиз, радио, сонин, компьютер
зэрэг харилцаанд саад болох ямар ч зүйлгүй 30 минут халуун ам бүлээрээ
суугаарай. Энэ хугацаанд өдөр болсон зүйлээ ярилцах, тоглох, салхилах гэх мэт
юу ч хийж болно.
8. Бие биенээ хичнээн
хайрлаж хүндэлдэгээ хүүхэддээ мэдрүүлээрэй!
Аав ээж хүүхдийнхээ дэргэд бие
биенээ муулахгүй, ширүүн харахгүй, эвгүй харьцахгүй байж сур. Ямар нэг асуудал,
зөрчил гарвал хүүхдээсээ далд ярилцаж шийдвэрлэ. Мөн танай гэр бүлийн удирдагч
нь тодорхой байх ёстой.
9. Хүүхдийнхээ эрхийг
хүндэлж итгэл, урам зориг өгөөрэй!
Үүний тулд гэр бүлийн хуралтай
бол. Хурал гэж нэрлэх нь хэт албархаг тул дугуй ширээний уулзалт гэж болно.
Харин уулзалтанд аав, ээж, хүүхэд бүгд тэгш эрхтэй байж ээлжилж удирдах ёстой.
Үүнийг хэвшил болгосноор нэг нэгнийхээ зовлон жаргал, хүсэл мөрөөдлийг мэдэж
нэг зорилготойгоор бие биенээ гэсэн халуун дулаан уур амьсгал бүрдэнэ. Хамгийн
гол нь хүүхдэд санал бодлоо хэлэх боломж олгож тэвчээртэй сонс. Асуудлаа хамт
шийд.
10. Гэр бүлдээ аз
жаргалыг хүсвэл эрүүл энхийг дээдлээрэй!
Жаргалтай гэр бүлийн үндэс нь
эрүүл мэнд. Зөв амьсгалах, хооллох, хорт зуршлаас сэргийлэх, сэтгэл санаагаар
унахгүй байх зэрэг эрүүл байхын үндэс болсон чадваруудыг сонирхолтой хэлбэрээр
бие биендээ зааж өг. Өглөө гэр бүлээрээ гүйж, хоолныхоо дараа салхинд хамт алх.
Өвдсөн үед бие биенээ хэрхэн халамжлахыг хүүхэддээ эелдгээр зааж өгөөрэй.
No comments:
Post a Comment