Tuesday, April 5, 2016

Орчуулагчийн ёс зүй




Ажил мэргэжил бүхэн өвөрмөц онцлогтой хийгээд ёс суртахууны зарчим, хэм хэмжээ өөр өөр мэргэжлийн хөдөлмөрийн явцад янз бүрээр хэрэгжиж болно. Мэргэжлийн ёс зүй нь нэгдүгээрт, мэргэжилтний зан үйлийн дүрэм, хоёрдугаарт, тухайн мэргэжлийн ёс суртахууны хэм хэмжээ, зарчмыг хэрэгжүүлэх арга зам юм.
Мэргэжлийн ёс зүйн салбар нь түүхэн урт удаан хугацааны туршид шинэчлэгдэн боловсорсоор ирсэн. Ямар ч мэргэжил өөртөө зайлшгүй даван туулах, шийдэх, дахин давтагдашгүй нөхцөл бэрхшээл зөрчлүүдтэй байдаг нь тэр мэргэжлийн ёс суртахууны хэм хэмжээг бий болгоно.Ажил хөдөлмөрт хэрхэн хандах нь бие хүний ёс суртахууны төлөв байдлыг илэрхийлэх чухал шинж юм. Мэргэжилтний хариуцлагагүй үйлдэл нь нийгэмд үзүүлж буй хор уршгаараа янз бүр байдаг. Иймд мэргэжилтэн хүн өөрийн эзэмшсэн мэргэжлийнхээ үнэ цэнэ, нийгмийн ач холбогдлыг ухаарч, мэргэжлийн шаардлагыг биелүүлэх, хариуцлагатай иргэний хувьд олон нийтийн зүгээс хүлээн зөвшөөрсөн нэр хүндийг нь эрхэмлэх үүрэгтэй.
Мэргэжлийн нэр хүнд, үүрэг хариуцлагаа ухамсарлаагүйгээс мэргэжилтнүүд хуулийн болон ёс суртахууны зөрчил гаргадаг учир мэргэжлийн ёс суртахууны хэм хэмжээг дагах шаардлагатай. Тухайлбал, мэргэжлийн хамт олны дунд нийтэч нийлэмжтэй, хамтач ёсыг баримтална. Нийтэч нийлэмжтэй зан нь бусдын төлөө сэтгэл санаагаа зориулах, чин сэтгэлээсээ туслах, бусдыг байнга дэмжиж, ололт амжилтаар нь бахархах, хүнлэг сэтгэл, өгөөмөр чанарууд.
Орчуулагчдын үүрэг
1.      Утга зохиол, шинжлэх ухаан, техникийн бичиг баримтыг нэг хэлнээс нөгөө хэлээр дамжуулах үүрэг бүхий оюун ухааны үйл ажиллагаа болсон орчуулга нь түүний мөн чанараас үүдэн гарсан онцгой үүргийг орчуулга хийж байгаа хүмүүст ноогдуулж байна
2.      Ямар ч гэрээ хэлэлцээр орчуулгыг хэрэглэж байгаа хүмүүс байгууллагыг орчуулагчтай холбож байлаа ч гэсэн орчуулгаа зөвхөн орчуулагч өөрөө хариуцна.
3.       Орчуулагч өөрөө үл зөвшөөрсөн буюу мэргэжлийн үүрэг зорилттой нь харшилж байгаа тийм тайлбарыг орчуулгад нь хийх явдлыг орчуулагч зөвшөөрөх ёсгүй.
4.      Ямар ч орчуулга эх зохиолын утга санаа, хэлбэрийг үнэн, яг зөв илэрхийлсэн байх ёстойн дээр ийнхүү үнэн зөв ёсыг баримтлах нь орчуулагчийн хууль ёсны бөгөөд ёс суртахууны үүрэг болно.
5.      Үнэн орчуулгыг үгчилсэн орчуулгатай хутгаж болохгүй. Тэгэхдээ өөр хэлээр, өөр улс оронд зохиолын хэлбэр, байдал, дотоод утга агуулгыг зөв ойлгуулах зорилгоор зайлшгүй засвар хийх нь зөв орчуулгын ёсонд харшлахгүй.

6.      Орчуулагч нь эх зохиолын хэлийг сайн мэдэх ба ялангуяа орчуулга хийж байгаа хэлийг бүрэн эзэмшсэн байх нь онц чухал болно.
7.      Үүнээс гадна орчуулагч нь гүнзгий боловсролтой бөгөөд юуны тухай бичигдсэнийг хангалттай мэдэж байх ёстой. Өөрийн мэдэхгүй салбарт орчуулга хийхээс орчуулагч түдгэлзэх нь зүйтэй.
8.      Өөрийн мэргэжлийн ажилдаа орчуулагч хүн шударга бус аль нэгэн өрсөлдөөнөөс зайлсхийх нь чухал. Тухайлбал хууль дүрэм, тусгай тогтоол, тогтсон ёс, мэргэжлийн байгууллагаас тогтоосон хөлс шагналаас доогуур шан харамжийг орчуулагч зөвшөөрөх ёсгүй.
9.       Мэргэжлий нь буюу өөрий нь басамжилсан нөхцөлд орчуулагчид ажил эрэх буюу ажилд орохыг зөвшөөрөх ёсгүй.
10.  Өөрт нь итгэмжлэн өгсөн орчуулгыг орчуулагч хийж байхдаа мэдээ сэлтийг мэргэжлийн нууц гэж үзэж орчуулгыг хэрэглэж байгаа хүмүүс, байгууллагын хууль ёсны сонирхлыг хүндэтгэж байх үүрэгтэй
11.   Орчуулагч нь “хоёрдугаар” зохиогчийн хувьд эх зохиолын зохиогчид хандахдаа өөртөө онцгой үүрэгтэй байх ёстой.
12.  Эх зохиолын зохиогч буюу түүнийг эзэмшиж байгаа хүний зөвшөөрөлгүйгээр орчуулагч орчуулга хийх ёсгүйн дээр зохиогчийн бусад эрхийг хүндэтгэх ёстой.  
                    

Орчуулагчдын эрх
1.      Орчуулагчийн ажиллаж байгаа улс орноос оюуны хөдөлмөрийн ажилтанд ноогдуулдаг бүх эрхийг орчуулагч бүхэн эдлэх ёстой.
2.      Орчуулга бол оюуны хөдөлмөрийн үр дүн мөн болохоор ийм төрлийн ажилд зориулагдсан хуулиар түүний хөдөлмөрийг хамгаална.
3.      Ийнхүү орчуулагч нь өөрийн орчуулгадаа зохиогчийн эрхийг эдэлж эх зохиолын зохиогчийн эдэлдэг хөнгөлөлтийг үзнэ.
4.      Түүнчлэн орчуулагч нь өөрийн орчуулгын хувьд ёс суртахууны бүх эрх, мөн зохиогч хүнд ноогддог өв залгамжлуулан үлдээх эрхийг эдэлнэ.
5.       Орчуулагч нь амьд ахуй цагтаа хийсэн орчуулгынхаа зохиогч байх эрхтэй. Үүнд: а) түүний орчуулгыг олон нийтэд зориулан нийтлэх бүрд нэр алдры нь үнэн зөв гаргаж байх ёстой;
б) өөрийн орчуулгыг гуйвуулах, хураангуйлах буюу түүнд бусад ямар нэгэн өөрчлөлт оруулахыг орчуулагч татгалзах эрхтэй;
в) орчуулгыг хэрэглэж байгаа хэвлэн нийтлэгч хүмүүс орчуулагчтай урьдчилан тохиролцоогүйгээр түүнд ямар нэгэн өөрчлөлт оруулж болохгүй;
г) орчуулагч нь түүний орчуулгыг зүй бусаар ашиглахыг хориглох эрхтэйн дээр түүний нэр алдрыг гутаахад чиглэгдсэн аливаа нэгэн явуулгыг эсэргүүцэх эрхтэй.

6.      Орчуулагч нь өөрийн орчуулгыг хэвлэх, тайзан дээр тавих, радиогоор нэвтрүүлэх, бусад хэлээр орчуулах, хялбарчлан тайлбарлах, засварлах болон түүнд бусад өөрчлөлт оруулах зэрэг ямар нэгэн хэлбэрээр ашиглахад зөвшөөрөл олгох онцгой эрхийг эдэлнэ.
7.      Орчуулгыг ямар нэгэн хэлбэрээр хэвлэн нийтлэхэд орчуулагч нь хууль буюу гэрээ хэлэлцээрээр тогтоосон журмын дагуу шагнал авах эрхтэй.

No comments: