Tuesday, April 5, 2016

Яагаад балчир насанд орчин тойрноо шинжлэн судалдаг вэ?




Хонхтой бойтогныхоо мөрийг хорвоод үлдээхийн тулд тэнцэж ядан зогсоод тэнтэр тунтар гишгэн хөлд орж, энэ тэрийг эвлүүлэн шалганасаар хэлд орлоо. Хүн болж бие даан амьдрах нэн чухал алхмууд. Орчноо өөрөө таних санасан бодсоноо илэрхийлэх “Би том болж байна “ гэдгээ зарлан тунхаглах шийдвэрлэх үе. Балчир насны хүүхдийн хөгжил маш эрчимтэй явагддаг бөгөөд өсч торнихын хирээр эцэг эхээсээ хамаарах хамаарал нь алхам алхамаар багасч бие даах боломж нь тэлнэ. Ийшээ тийшээ гүйнэ. Энэ тэрийг барьж татаж үзнэ. Хүүхэд өдөржин завгүй. Хөгшүүдийн хэлдгээр “ далан чавганцын ажил” хийж буй нь тэр. Ингэж юм юманд хүрч нааш цааш болгон эцэж цуцахаа мэдэхгүй” хөдлөмөрлөсөөр “ тэдгээрийн шинж чанарыг танин мэднэ. Энэ насны хүүхэд хорвоотой танилцаж буй арга хэлбэр нь харагдаж үзэгдэж байгаа бүхнийг хөдөлгөж оролдож үзэхийг хичээн. Энэ ч аргагүй хүүхэд нүдээрээ харж -үйл хөдлөлөөрөө сэтгэх үе. Үүнийг эрдэмтэд “харагдах- үйлийн сэтгэхүй” гэж нэрлэдэг . хүүхэд ширээн дээрхи тавагтай чихрийг хараад шууд гараа сарвайдаг, авч чадахгүй бол өлмийгөө өргөнө. Дараа нь сандал тавин дөрөөлнө. Тэнцэж ядан зогсоно. Зогсихоод баясан байгаа хүүхэд бол “Харж байна уу .Би өөрийн бие махбодио жолоодож чадлаа хэмээн бахархан хэлж байгаатай адил. Цаашдаа нэг хоёр алхам хийсээр явж сурдаг. Хөлд орж байгаа нь зөвхөн хүүхдийн хөдөлгөөнд гарч байгаа өөрчлөлт төдийгүй түүнийг зоригжуулан урамшуулж, өөртөө итгэх итгэлийг нь хязгааргүй тэлж өгдөг. Анхны алхам. Амьдралын алхам. Эцэг эхийн урамшуулал нэн чухал үүрэгтэй. Анхны алхмыг дэмжин урамшуул, алгаа тосон дэмж. Энэ нь та түүний бие даах чадварыг түшиж: тулж чиглүүлж байна гэсэн үг. Хөлд орсноороо хүүхэд танаас холдож эхэлнэ. Өлгийтэй хүүхдийг бодвол өөр дэмжлэг хэрэгтэй болно. Таны авч өгөөгүй зүйлийг өөрөө очоод авна. Тавьсан зүйлийг байрнаас нь хөдөлгөнө. гэрт гадаагүй хонхон дуун. Энэ бол хүүхдийн бойтогны хонх. Хонхон дуутай хамт хорвоог таних өргөн боломж түүний өмнө нээгдлээ. “Ход ход” инээгээд хоёр гурав гишгэлээ. Хөлд орж байна таны хүү. Хөөрч баясаад инээх юм. Танин мэдэхүйн анхны баясал. Хөөрч баясаад инээх юм. Танин мэдэхүйн анхны баясал. Өөртөө итгэх итгэл. Хүүхдийн анхны алхмыг дэмжин чухалчлахын учир энэ. Эвлүүлж ядан дуурайсаар энэ тэрийг заан байж хэлд орно. “ Аав, ээж, ав, май, гоогоо, баабаа “хүүхдийн анхны үгэүүд тэрээр санасан бодсоноо илэрхийлж байна. Энэ бол гайхамшигт нээлт. Хүн хэлээрээ мал хөлөөрөө гэдэг. Хүүхэд хүн болж хэлд орж байна.
Замын харыг “харын зам” хуушуурыг “шуухуур” гэх зэргээр өөрийн гэсэн өвөрмөц үгнүүдийг хэрэглэнэ. “Ээжээ шуухуур идье” гэвэл ээж нь хуушуур өгье гэх зэргээр бид энгийнээр түүний хэл яриаг залруулна.
Балчир насны үед гарах өөрчлөлтүүд:
· Хөлд орно, явж сурна.
· Хэлд орно, ярьж сурна.
· Далан чавганцын ажил хийнэ, юмсын шинж чанарыг таньж мэднэ.
Балчир насны үед эзэмших гол чадварууд:
· Өөрөө өөртөө үйлчлэх чадвар
· Бусадтай харицлах чадвар
· Зан үйлийн энгийн хэлбэрүүдийг эзэмших чадвар.
Хүүхэд өөртөө хийсэн эдгээр нээлтүүдээрээ бахархан урамшиж өөртөө итгэх итгэл нэмэгдэнэ. Нүүр гараа өөрөө угааж, өөрөө хувцаслаж хооллохыг хүсдэг. ”Би өөрөө бас чадна. “гэсэн хандлагууд хүчтэй гарч ирнэ. Энэ нь хүүхэд өөрийнхөө тусгаар байдлыг мэдэрч байгаатай холбоотой юм. Өөрийгөө хянах юманд сайн дураараа идэвхитэй хандах зэргээр хүүхэд бие дааж эхэлнэ. Үүнийг тусгаар байдлын мэдрэмж гэнэ. Хэдийгээр хүүхэд “Би өөрөө “ хэмээн зүтгэх боловч түүний мэдлэг туршлага нимгэн оролдлого бүр нь санасанчлан бүтэхгүй. Үүний улмаас хүүхэд уцаарлаж зөрүүдлэх нь цөөнгүй. Ялангуяа энэ үед эцэг эх нь хүүхдийн бие даах гэсэн оролдлогыг хүчээр хязгаарлан зодох, айлгах зэргээр буруу харьцвал энэ хямрал улам хурцдах ба хожмын хөгжилд нь сөрөг ул мөр үлдээдэг. Хүүхэд бие даах чадвартай байна гэдэг нь дураараа авирлахаас ялгаатай. Болно болохгүй гэдгийн заагийг хүүхдэд ойлгуулснаар өөрийгөө хянах чадварт түүнийг сургах боломж нээгдэнэ. Өөртөө итгэлтэй байх нь чадвар нь нийгмийн орчинд зохицон дасахад нэн чухал үүрэгтэй. Томчуудтай болон үе тэнгийхэнтэйгээ хамтран ажиллахгүйгээр орчиндоо зохицон дасах болмж хомс юм. Бусадтай хамтран ажиллахын тулд өөрийгөө хянах, сонирхолоо хязгаарлан зохицуулах шаардлага үүсдэг. Хүүхдийн бие даах чадвар нь өөрийн зан үйлээ хянах зохицуулах чадвартай нь салшгүй холбоотой юм. Бие даах чадваргүй , өөртөө итгэлгүй хүүхдүүд байдаг. “Намайг заавал хянаж надад зааж сургаж байх ёстой.” гэсэн мэдрэмж хүүхдэд багаас нь төлөвшвөл түүнийг бие даах хүсэл эрмэлзэл нь алдагдан аялдан дагалдамтгай зантай болдог.
Хүүхдийн бие даах чадвар алдагдах шалтгаан:
· Хүүхдийн хийж чадах зүйлийг эцэг эх нь хийх
· Хүүхдийг хэт эрхлүүлэн бөөцийлөх
· Хүүхдэд хэт өндөр шаардлага тавих
· Хүүхдийн алхам тутмыг хянаж зааварлах
· Хүүхэд хараа хяналтгүй орхих гэх мэт.
Өөрийгөө бусдаас дутуу дулимаг хэнд ч хэрэггүй мэтээр ойлгосон хүүхдүүд
бусдын хяналт зааврыг даган өөрийгөө хамгаалан хаацайлах аргад суралцах бөгөөд өөрийн давуу тал эрхэмсэг чанараа мэддэгүүй. Хөндлөнгийн хүний байнгын хяналт нь ичих эмээх сэтгэлийг хүүхдэд төрүүлнэ. “Ингэж болохгүй” ,” энэ чинь буруу” , “ ингэж алх” ,” ингэж инээ” байнгын шүүмжлэл заавар.
Балчир насны үед хүүхдийн хөгжилд томчуудын нөлөө чухал хэвээр байдаг. Өдрөөс өдөрт улам тэлж хөгжсөөр байгаа хүүхдийн бие даах чадварыг хэрхэн залж удирдаж байгаагаас түүний төлөвшил багагүй шалтгаалдаг. “Цагийн юм цагтаа “гэж ярьдаг. Тиймээс хүүхдийн хөгжил нь олон талтай, ээлж дараалалтай цаг хугацаатай зүйл. Сэтгэцийн аль нэг нь түлхүү хөгжих үе гэж бий.
Далан чавганцын ажил бол балчир насны хүүхдийн хорвоог таних арга хэлбэр эь юм гэдгийг бид онцлон тэмдэглэсэн билээ. Юмыг гараар барьж татаж тэмтэрч шүргэх явцдаа хүүхдийн хүртэн мэдрэх чадварууд нь хөгждөг. Түүгээр ч зогсохгүй хүүхэд яагаад гэсэн түмэн асуулт тавина. Ийнхүү эд юмстай хийх үйлдэл хөдөлгөөнийхөө явцад оло н янзын асуудалтай хүүхэд тулгарна. Хүүхдийн нүдээр харахад бүх юм сонин. Сонин зүйл бүхэн түүнийг мэдэх сонирхлыг нь төрүүлнэ. Хүүхдийн сониуч зан нь түүни мэдэх сонирхлыг бадраах оч. Яанаад үхэр мөөрдөг вэ. Яагаад нар доошоо уначихдаггүй юм бэ Яагаад өвс ногоон өнгөтэй юм бэ. Орчин тойрны олон зүйлсийн түмэн өнгө мянган хувилбар. Балчир хүүхдийн хувьд үлгэрийн юм шиг санагдана. Энэ бүхэн нь түүний сэтгэн бодох үйлийн эх сурвалж. Сэтгхүй зохион бодохуйн энгийн хэлбэрүүд эрчимтэй хөгжих хамгийн тохиромжтой үе бол 3-6 нас. Энэ үед юмсын шинж чанарыг танин мэдэхэд томчууд чухал үүрэг гүйцэтгэнэ. Орчны юмс үзэгдлийг хүүхдэд тайлбарлаж өгнө. Түүний асуултанд хариулна, харилцан ярилцах замаар хүүхдийг идэвхижүүлж өгнө.

No comments: