Tuesday, April 5, 2016

Ёс суртахууны үндсэн ухагдахуун




Ёс зүйн сайн ба муу, үүрэг, нэр төр, аз жаргал, шударга ёс, амьдралын утга учир, нинжин сэтгэл зэрэг категори нь үзэл баримтлалын хэрэглэгдэхүүн болохоос гадна практикт ёс суртахууны хэм хэмжээг илэрхийлдэг. Эдгээр ойлголт нь нэг талаар ёс суртахууны үнэлэмжийн утгатай. Ёс суртахууны ойлголт нь хүний зан байдлыг илэрхийлдэг логик сэтгэхүйн хэлбэр юм. Логик бол зөв сэтгэхүйн хүрээнд ярьдаг, харин ёс зүй нь зөв зан байдлын түгээмэл дүрэм болно. Ёс суртахууны ойлголтууд нь хүний үйлдлийг үнэлж дүгнэх, хэм хэмжээ тогтооход чухал үүрэгтэй бөгөөд соёлын бусад хүрээнд өргөн хэрэглэгддэг. Жишээлбэл, шударга ёс гэдэг ойлголт хууль, эдийн засаг, улс төрийн үйл ажиллагаанд хамаарна.


Ёс суртахуун нь хүний оршихуйг бүрдүүлдэг үйлдэл, хүний ахуйн хэмжүүр болно. Сайн гэдэг нь өргөн агуулгатай ойлголт, үнэлэмж, хэм хэмжээ. Баяр цэнгэл, ашиг, аз жаргал, зохицол, зүйд нийцэх зэрэг нь сайн гэдэг үнэлэмжийг илэрхийлнэ. Ёс зүйд сайн гэдгийг субьектив чанар, бэлгэ тэмдгийн утгаар тайлбарладаг. Сайн гэдэг нь буян, баяр баясгалан, шударга ёс, туйлын зорилго, ёс суртахууны алтан дүрэм, нигүүлслийн гол шинж болно.
Сократ “Сайн гэдэг нь харьцангуй ойлголт тул тодорхойлж болохгүй, сайн нь үргэлж хэн нэгэнд хандаж байдаг. Сайн гэдэг бол оршин байдаг.” хэмээсэн бол софистууд “сайн гэдэг нь зохиомол ойлголт” гэжээ. Сайн гэх нь ёс суртахууны утгаас гадна өөрөө өөртөө үнэ цэнэтэй байхыг илэрхийлдэг. Сайн нь юмсыг дэг журамд оруулна. Сайн гэдэг нь буянт үйл төдийгүй үүрэг хариуцлагаа ухамсарласан байдал. Сайны мөн чанар бол үнэт чанарын ба ёс суртахууны талтай юм. Сайн гэдэг нь ёс суртахууны шаардлагыг хариуцлагатай биелүүлсний илрэл. Сайны хажуугаар саар муу гэж байна. Сайны ачаар хүн алдаа дутагдлаа эргэн харж муугаас сэргийлэх ухамсартай болно.
Аристотель сайн, сайн үйл гэсэн ойлголтыг тайлбарлахдаа Хэн нэгэн хүн шударга ёс юу вэ гэдгийг мэдэж байгаа бол үүнээсээ болоод шударга хүн болдог гэвэл хараахан биш ээ, сайн үйлийн бусад хэлбэрийн тухайд ч мөн ийм байна. Сайн үйл бол туйлшралын хоорондын мэргэн дундаж юм. Сайн үйлд мэдлэг гол биш, харин хүмүүжил, дадал зуршил чухал юм. Сэтгэл санаа нъ сайн үйлийн уг сурвалж юм.. Оюунлаг сайн үйлд ухаалаг, холыг харах ухаан, мэргэн ухаан, суралцах чадвар, ой ухаан зэрэг багтана. Хүсэл зоригийн сайн үйл тохитой ухаан, шударга ёс, эр зориг болон сайшаалыг хүлээдэг зан авирын бусад шинжүүд багтдаг ”



Шударга ёс

Эртний үеийн философичид шударга, шударга бусын талаар дэлгэрэнгүй авч үзсэн байдаг билээ. Сайн сайхан амьдрал, тэгш байдлыг хүсдэггүй хүн гэж байхгүй. Шударга ёс бол нийгмийн хөгжил дэвшил, тэгш байдлыг хангах үүрэгтэй бөгөед нийгмийн амьдралын гол шалгуур. Платон “шударга ёс нь яруу ухаан, эр зориг, тэвчээр гэсэн гурван сайн үйлийг өөртөө агуулж байдаг. Шударга бусын хохирлын хэмжээ нь түүний санаатай, санаандгүйг тогтооно. Шударга бус үйл санаандгүй байж болно. Гэхдээ үүнийг үйлдсэн хүнийг цээрлэх ёстой. Шударга бусыг үйлдэх нь муухайгийн хэрээр гутамшигтай байдаг”хэмээжээ. Мөн шударга ёс нь хуваарилах үйлдлийн нөхцөл болдгийг “шударга ёс нь сүнс өөрөө өөртөө амарлингуй байх чанар агаад сүнсний хэсгүүд бие биедээ харьцахдаа болон бүхэлдээ дэг цэгцтэй байхуй. Бүхэнд тэнцэхүйц байдлаар нь анхаардаг хуваарилах чадвар. Хүн чадварынхаа ачаар өөртөө шударга хэмээн санагдсанаа сонгож авах чадамж, амьдралын хуульд захирагдах чадвар, нийтийн дунд тэгш байхуй, хуулийг сахиж мөрдөх чадвар юм. Шударга түвшин зан гэдэг бол сэтгэлгээний зөв дүр төрхтэй холбогдсон суртахууны илэн далангүй байдал, цэх шулуун ааш зан”2 гэж тодорхойлжээ.
Шударга ёс нийгмийн, хувийн гэсэн хоёр талтай байна. Нийгмийн шударга ёс нь нийгмийн олон талт харилцааг тэнцвэржүүлж, хүмүүсийн дэг журам, эв эе, хамтын зорилгыг нөхцөлдүүлнэ. Шударга ёс нь үнэн, алагчлалгүй хандах гэсэн утгыг агуулж байдаг. Шударга ёсны зарчим нь зорилго ба аргын сонголт дээр илэрч болно.

Нэр төр

Нэр төр гэдэг нь ёс суртахууны утга агуулсан ойлголт юм. Дуудах нэрийг эцэг, эх өгч, дуурсах алдрыг өөрөө олдог гэдэг. Нэр төр, нэр хүнд, алдар хүнд гэсэн ойлголтууд нь ялгаатай. Мэргэжлийн болон тодорхой бүлгийн хүрээнд алдар хүндийг хөдөлмөр, бусдын сайн сайхны төлөө хийсэн бүтээлч үйлс, эх орон, ард түмний өмнө гавьяа байгуулж олж авдаг. Нэр төрөө хамгаалах нь тухайн хүнээс их хариуцлага шаарддаг. Нэр төр нь хувь хүний, удам угсааны, гэр бүлийн, байгууллагын, улс орны гэж байж болно. Мөн ёс суртахуун, гоо сайхны хам утгаар хүн өөрийнхөө алдар нэр, нэр хүндээ хамгаалахын тулд биеэ хэрхэн авч явбал зохистойг тодорхойлно.

Үүрэг

Үүрэг нь ёс суртахууны ойлголт. Үүрэг бол  зан байдлын дүрэм, үйл ажиллагааны сэдэл чиглүүлэгч болдог. Хүмүүсийн хоорондын харилцааны ёс суртахууны чухал тал нь үүрэгтэй холбоотой. Ёс суртахууны үүрэг нийтлэг, тусгай гэж хоёр түвшинд байна. Нийтлэг үүрэг нь өдөр тутмын байна. Тухайлбал, бусдыг хүндлэх, эцэг эхээ асрах, хөдөлмөрч байх зэрэг. Тусгай үүрэг нь мэргэжлийн болон тодорхой нэг нөхцөлийн үед байна. Жишээ нь, эмчийн үүрэг нь хүмүүсийн эрүүл мэндийг хамгаалах, багш сургаж хүмүүжүүлэх, хилчин дархан хилээ хамгаалах, үер усны үед онцгой байдлын аврах анги тусгай үүрэг авна.

Нинжин сэтгэл

Нинжин сэтгэл нь хүний нандин чанар бөгөөд энэрэнгүй сэтгэл, хүн чанар, хүний мөс чанарыг агуулдаг ойлголт. Энэ нь хүний дотоод сэтгэлтэй салшгүй холбоотой. Нинжин сэтгэл бол ёс суртахууны үүргээ тодорхойлж, түүнийгээ хянах, биелүүлэхийг өөртөө шаардах, үнэлгээ өгөх ёс суртахууны үзэщэл. Өөрөөр хэлбэл, ёс суртахууны дээд захиргаа юм гэж тодорхойлдог. Хүн өөрийн болон бусдын үйлдэл, хүсэл, зан байдлыг шүүн шинжилж, ёс суртахууны хэм хэмжээ, хуульд нийцэхгүй гэдгийг ухамсарлах чадварыг нинжин сэтгэл гэнэ. Өөрийгөө хянаж эргэцүүлэх ухамсар, өөрөөсөө ичих мэдрэмж нь нинжин сэтгэлийг төрүүлж сайн үйлд хандуулдаг.

Аз жаргал
Аз жаргалын тухай ёс зүйн сургаалыг эвдемонизм гэж нэрлэдэг. Дээд буян нь аз жаргал гэж үздэг сургаал юм. Аз жаргал бол хүний ахуйн суурь ойлголтын нэг. Аз жаргал гэдэг ойлголт нь сэтгэл хангалуун байдал, өөдрөг мэдрэмж хүний үйл ажиллагааны зорилгын үр дүнг мэрдэх ханамж юм. Аз жаргал бол соёлын үзэгдэл. Хайр, баяр хөөр, хөдөлмөр нь аз жаргалын үндэс. Аз жаргалтай байна гэдэг нь тухайн хүнд ямар нэг сэтгэлийн таашаал төрөхийг хэлнэ. Аз жаргалыг амжилт, ашиг, сэтгэл ханамж, амар тайван байдалтай адилтгадаг.
Аристотелийнхоор сайн үйл, аз жаргал хоёр хамааралтай бөгөөд “Аз жаргал нь төгс төгөлдөр бөгөөд буянт үйлийн урьдаас төлөвлөсөн сонголт. Буянт үйлийг сэтгэл ханамж дагадаг учраас шууд аз жаргалд хүргэнэ”. Гэвч сэтгэл ханамжийн мэдрэмжээр хүсэл зоригоо удирдаж болохгүй. Аз жаргал нь амьдралыг ухаалаг чанараараа жолоодсон хүнд ирдэг. Аз жаргал бол буянт үйлийг бүтээх зорилго, арга юм. Нөгөө талаар аз жаргал буянт үйлийн үр дүн. Ихэнх тохиолдолд аз жаргал нь хүсэл биелэхүй юм. Аз жаргал үлэмж хичээл зүтгэлээр бий болно. Харин ховор тохиолдох аз нь хэсэгхэн зуурын сэтгэлийн цэнгэлийг төрүүлдэг.

Амьдралын утга учир

Хүний оршихуй нь амьдралын утга учрын тухай асуудлыг бий болгодог. Зөвхөн нийгмийн хүчин зүйлүүд төдийгүй бас хувийн амьдралын үйл явдлууд ч хүний оршин ахуйгаа сонирхох, өөрчлех, амьралд тэмүүлэх тэмүүллийг бий болгодог. Э.Фромм бичихдээ: «Хүн бол оршин байх нь том асуудал болсон цорын ганц амьтан юм. Түүнийгээ өөрөө л шийдвэрлэх ёстой бөгөөд түүнзэсээ хаашаа ч зайлж чадахгүй» гэжээ.
Амьдралын утга учрыг үл ойлгох нь хүнийг ёс суртахууны ч, оюун санааны ч талаар эвдэж, амьдрал утгагүй мэт санагдаж сэтгэлийн хямралд хүргэдэг. Энэ нь амьдралыг үгүйсгэх, амьдралд итгэл алдрах, эргэлзэх байдал ч илэрдэг.
Амьдрах хүсэл нь хүн бүхэнд адилхан байдаг бол өөр өөрийнхөө амьдралын талаар санаа тавих, амьдралын зорилгоо тодорхойлох, амьдралд итгэх итгэл нь харилцан адилгүй байдаг. Иймээс амьдралын утга учир гэж юу болох асуудлыг философчид эдүгээ хүртэл судалж ирсэн.

Ёс суртахууны эрхэмлэл

Эрхэмлэл болон бодит байдал хоёрын харьцааны тухай асуудал бол ёс суртахууны философийн чухал асуудлын нэг юм. Бие хүний өдөр тутмын амьдралд, янз бүрийн нөхцөл байдалд хийсвэрээр бус харин зан төлөвийн тодорхой жишээ, үлгэр дууриал, үйл ажлын баримжаа хэрэгтэй болдог. Энэ нь хамгийн өрөнхий байдлаар ёс суртахууны эрхэмлэлээр илэрдэг. Ёс суртахууны эрхэмлэл гэдгийг тухайн туүхэн, соёлын болон нийгмийн нөхцөлд сайн муу, үүрэг, аз жаргал, амьдралын утга учир зэрэг ёс суртахууны ойлголтын тодруулалт гэж хэлж болно. Бодит байдалд эрхэмлэл нь голдуу амьд, түүхэн бие хүн эсвэл түүний дүр байдаг. (Александар Македон, Чингис г.м).






No comments: