Мэргэжлийн ёс зүйн чиглэлийг
хөгжүүлэх нь нийгмийн харилцааг боловсонгүй болгох, нийгмийн тогтвортой
хөгжлийг хангахад чухал үүрэг гүйцэтгэнэ. Иймээс нийгмийн бүхий л мэргэжлийн
үйл ажиллагаанд баримтлах нэг үндсэн шаардлага нь тухайн мэргэжлийн хүрээнд ёс суртахууны хэм хэмжээг тогтоох
явдал юм.
Ёс суртахууны эрхэм чанар болох хүний мөс, нинжин
сэтгэл, үнэнч, шудрага чанар, үүрэг хариуцлагын ухамсарыг хувь хүн өөртөө хир
зэрэг төлөвшүүлж чадна төдий чинээ нийгэм, хамт олны ёс суртахууны харилцаа
эерэг шинжтэй болно. Өөрөөр хэлбэл, хувь хүний ёс суртахууны ухамсарын
төлөвшлөөс нийгмийн ёс суртахуун хамаарч, нийгмийн ёс суртахууны төлөв байдал
нь нийгмийн хөгжлийг тодорхойлдог байна. Энэхүү харилцан хамаарал бүхий үйл явц
нь нийгэм хамт олны олны үйл ажиллагаанд, ялангуяа мэргэжлийн үйл ажиллагаанд
тод илэрдэг.
Мэргэжлийн
болон хэрэглээний ёс зүй нь онолын болон норматив ёс зүйн зааг уулзвар дээр
хөгжиж ирсэн. Мэргэжлийн ёс зүй нь:
Тухайн мэргэжлийн ёс суртахууны хэм хэмжээ,
баримтлах үндсэн зарчмуудыг судалдаг.
Аливаа мэргэжлийн үйл ажиллагааны өвөрмөц
онцлогийг илэрхийлсэн ёс суртахууны хэм хэмжээ, стандарт, шаардлагуудтай.
Эдгээр
хэм хэмжээг бүрэлдүүлдэг олон хүчин зүйл байдаг боловч ерөнхийд нь хоёр ангилж
болно. Нэгдүгээрт, тухайн бие хүний албан тушаал, эрхэлсэн ажлаас үл хамаарах
хувь хүний төлөвшилт, ёс суртахууны
ухамсрын төвшин, хоёрдугаарт, тухайн байгууллагын ёс зүйн дүрэм, дотоод журам, тушаал шийдвэр
орно. Нийгмийн амьдралд тохиолддог олон зөрчилт үйл явцууд нь ажилтан, албан
хаагч, албан тушаалтнуудын үүргээ
ухамсарлаагүй, хариуцлагагүй байдал, нэр төрийн төлөөх тэмцэл, шудрага бус
үйлдэл, зан харилцааны доголдлоос ихээхэн хамааралтай байдаг.
Мэргэжлийн
ёс зүй нь ёс суртахууны нийтлэг хэм хэмжээ, нийгмийн ёс суртахууны шаардлагаар
зохицуулагддаг боловч ажил мэргэжил бүхэн өөр өөрийн өвөрмөц онцлогтой учир
түүнд тавигдах ёс суртахууны шаардлагууд нь мэргэжлийн онцлогоосоо хамааран янз
бүр байдаг.
Мэргэжлийн ёс зүй нь тухайн мэргэжлийн онцлогоос
шалтгаалдаг.
Ямар ч мэргэжил
өөртөө зайлшгүй баримтлах, биелүүлэх, даван туулах, шийдвэрлэх, давтагдашгүй
нөхцөл, бэрхшээл, зөрчлүүдтэй байдаг бөгөөд тэр нь мэргэжлийн ёс зүйн онцлогийг
бий болгодог. Жишээ нь:
Мэргэжлийн ёс зүй нь ёс суртахууны ухамсарын шинэ
зарчмууд, шинэ ойлголтуудыг төлөвшүүлдэггүй, харин ёс суртахууны үндсэн зарчим, ойлголтуудыг
хүний амьдрал, үйл ажиллагааны өвөрмөц нөхцөлд зохицуулдаг. 'Харин ёс зүйн түгээмэл
ойлголт, зарчим, хэм хэмжээ нь ямар ч мэргэжлийн ёс суртахууны тулгуур үндэс нь
болдог. Өөрөөр хэлбэл, ёс суртахууны нийтлэг хэм хэмжээ нь аль ч мэргэжилд
зайлшгүй баримтлах шаардлага байдаг. Тухайлбал, эх оронч сэтгэлгээ, үүрэг
хариуцлагын ухамсар, мэргэжлийн нэр төр, үнэнч шудрага байдал зэрэг ёс зүйн
үндсэн ойлголтууд нь ямар ч мэргэжлийн хүрээнд баримтлах үндсэн зарчим нь
болдог. Жишээ нь: багш, эмч, өмгөөлөгч, цэргийн албан хаагч г.м ямар ч
мэргэжлийн хүний гүйцэтгэх үйл ажиллагааны хүрээнд нийгмийн өмнө хүлээсэн үүрэг
байдаг. Энэ нь тухайн мэргэжилтний албан үүрэг хэлбэрээр илэрдэг.
Мэргэжлийн үүрэг нь тухайн хүний хүлээсэн үүргээр илэрч, үр дүнгээр
хэмжигдэнэ.
Мэргэжлийн
ёс зүйн гол ойлголтуудын нэг нь мэргэжлийн
нэр төрийн тухай ойлголт юм. Мэргэжлийн нэр төр гэдэг нь тухайн мэргэжил
нийгмийн амьдралд ямар утга холбогдолтой болохыг илэрхийлдэг. Энэ утга
холбогдлыг ухаарах нь олон мэргэжлийн хүмүүст нэн чухал бөгөөд өөрийн үйл
ажиллагааг үнэлэх үндэс, мэргэжлийн нэр хүндийг тодорхойлох үндэс болдог байна.
Мэргэжлийн нэр төр мэргэжлийн нэр хүнд нь харилцан бие биеэ нөхөж ёс суртахууны
нилээд өндөр түвшнийг илэрхийлэхэд туслана.
Хувь хүний нэр төр нь алдар, гавъяа, үнэлэмжийн асуудал байдаг бол
мэргэжлийн нэр төр нь өөрийнхөө мэргэжил нэгт хамт олон, мэргэжлийн
байгууллагыг бусдаар хүндлүүлж, бусдын өмнө хариуцлага, итгэл найдвар хүлээж
байдаг.
Мэргэжлийн ёс зүй нь төрийн албан
хаагчийн, улс төрчийн, хуульчийн, эмчийн, багшийн, инженерийн, сэтгүүлчийн,
эрдэмтний, нягтлан бодогчийн, нийгмийн ажилтны, цагдаагийн гэх мэт тухайн
мэргэжлийн үйл ажиллагааг эрхэлж буй субъектийн баримтлах ёс суртахууны хэм
хэмжээ юм.
No comments:
Post a Comment